Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Таны АМЖИЛТАНД ХҮРЧ ЧАДАХГҮЙ байгаа 3 шалтгаан

О.ЭРДЭНЭСҮХ
2015 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бид ихэнхдээ хэрхэн яаж амжилтанд хүрэх вэ гэдэг асуултын хариултыг эрэлхийлж амьдардаг. Гэтэл яг ижил энэ сэдвийнхээ талаар дараах асуултыг бид хэдэн удаа өөрөөсөө асуудаг бол?

Би яагаад амжилтанд хүрч чадахгүй байна вэ? Энэ асуултанд хариулсан хүмүүсийн ихэнх нь дараах 3 шалтгааныг нэрлэжээ. Хэрэв та ч гэсэн ижил хариулттай байгаа бол одоо өөрчлөгдөх цаг нь болсон!

НЭГ. Хийж чадна гэдгээ мэднэ, хийх ёстой гэдгээ мэднэ даанч хийдэггүй

Амжилт, хувь хүний хөгжил, өөрчлөлт гээд л яриад ирэхээр нүд нь сэргээд ирдэг хүмүүсийг та мэднэ магадгүй тэдний нэг ч магад. Амжилтын тухай ном, семинар, чамин ишлэлүүд, хүмүүсийн гайхалтай түүхүүдийг урам зориг дүүрэн ярьдаг.Гэвч харамсалтай нь бодит амьдралдаа нэг л сэтгэл дундуур, ажилдаа дуртай биш, амжилтыг мөрөөддөг ч хүрч чаддаггүй. Тэгээд л өөрөө ч анзааралгүй дараагийн гоё ном, дараагийн мундаг хүний лекц, дараагийн гоё намтар гэх мэтчилэн амжилтанд хүрэх бүх арга замыг эрэлхийлэн тэмүүлсээр. Дахиад л нэг гоё зүйл уншаад, сонсоод  бас мэдчихвэл болчихгээд байгаа мэт зүтгэнэ. Даанч амьдрал нь нэгэн хэвээрээ байсаар л…

Хэрхэн яаж амжилтанд хүрэх талаар өөрийн мэдэх бүх зүйлсээ  цаасан дээр бич.

Танд энэ дүр төрх танил байна уу? Тийм бол танд хэлэх мэдээ байна. Та хэрхэн яаж өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэх талаар хангалттай их мэдлэгтэй. Үнэхээр хангалттай. Таны асуудал яаж гэдгээ мэдэхгүйд бус яагаад чадахгүй байна вэ гэдэгт л байгаа. Өөрөөр хэлбэл та сурсан, мэдсэн, үзсэн харсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхгүй байна. Жишээ нь эрүүл амьдралын гол нууц зөв хооллолт, хөдөлгөөн гэдгийг бараг л хүн бүр мэднэ. Гэхдээ хэд нь яг зөв хооллож, хангалттай дасгал сургуулилалт хийдэг билээ. Тэгэхээр таны асуудал бол хэрхэн яаж эрүүл амьдрах вэ бус яаж өдөр бүхэн 30 минут дасгал сургуулилтад зарцуулах уу? Яаж оройд өөх тостой махан хоол идэхгүй байх вэ? гэдэгт бий. Үүнтэй адил хэрхэн яаж амжилтанд хүрэх талаар өөрийн мэдэх бүх зүйлсээ  цаасан дээр бич.  Хэдийг нь та хэрэгжүүлж чадаж байна? Яг хэдийг нь? Хэрэв нэгийг нь ч биш бол ядаж нэгийг нь ч гэсэн яг одооноос хэрэгжүүл.

 

ХОЁР. Хэтэрхий олон зүйлд нэг зэрэг анхаарлаа төвлөрүүлдэг

“Хоёр туулай хоосон анчин хоосон хоцордог” хэмээх өвгөдийн сургааль бидэнд бий.

Болдог бол бүх зүйлийг мэддэг, бүгдийг чаддаг супер универсаль хүн болох юмсан гэсэн энэ л бодолд автаад олон зүйлийн араас зэрэг явж байна уу? За нэг сайхан бүжиглээд сурчихъя, нэг сайхан фитнест яваад гоё биетэй болъё, нэг сайхан хэлний курст яваад хэлээ сайжруулъя, нэг сайхан ном орчуулъя…гэх мэтийн олон зүйлийг хүсч байна уу. Гэвч нэгэн зэрэг олон зүйлийн араас явсан хүн нэг бол замын дундаас шантраад бүгдийг хаядаг үгүй бол алийг нь ч олигтой хэрэгжүүлж чаддаггүй. Тиймээс та яг юу юу хийхийг, сурахыг бас хэрэгжүүлэхийг хүсч байгаа зүйлсээ жагсааж бичиж байгаад дэс дараатайгаар эхнээс нь нэг нэгээр нь хэрэгжүүлж эхлэ.

Нуурын усны голруу жижиг чулуу шидэхэд үүсэх долгион эхэндээ жижиг байх боловч төд удалгүй бүхэл нуурыг бүрхдэг. Үүний адил та нэг зүйлийг, нэг зорилгоо биелүүлж чадвал аажмаар бусад зөв зүйлсийг ч гэсэн алхам алхмаар өөртөө бий болгож чадах тэр урам зориг, итгэлийг өөртөө бий болгож чадна.

 

ГУРАВ. Болохгүй байгаа зүйлээ зогсоодоггүй

Үргэлж л өөрөөсөө би хэрхэн яаж илүү дээр байх вэ гэж асууж ирсэн бол одоо арай өөр өнцгөөс асуу. Миний юу болохгүй байна? Надад ямар муу зуршлууд байгаад байна? Би юуг хийхээ болих ёстой байна вэ? Намайг юу амжилтаас хойш чангаагаад байна? зэрэг асуултуудыг  та өөрөөсөө  асуу.

 

Алдаа дутагдлаа арилгалгүйгээр үргэлж өөдөө тэмүүлэх нь яг л хүзүүнээсээ бул чулуу уясан хэрнээ дээшээ сэлж гарахыг хүсэж буй мэт.  Өөрөөр хэлбэл хичнээн зөв дадал зуршил, зөв мэдлэг олж аваад өөрийгөө хөгжүүлж сайжруулах гэж зүтгэсэн ч хуучны муу, сөрөг дадал зуршил, арга барилууд, бодлууд тань байгаа цагт та байрнаасаа хөдлөж чадахгүй.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

Эх сурвалж: http://www.erdenesukh.com