Цуврал №7: Либерализмын бодит төрхтэй танилц
Ч.ДАВААДАШ: СҮҮЛИЙН 25 ЖИЛ МОНГОЛЫН ТҮҮХИЙН ХУВЬД “ХАР ТОЛБО” БОЛСОН ҮЕ
“Монголын нийгмийн шилжилтийн зарим онцлог, ээдрээ” нэртэй судалгааны өгүүлэл бичсэн доктор, профессор Ч.Даваадаштай ярилцлаа.
-Монголчууд чөлөөт зах зээлд шилжихдээ улс орныхоо онцлогийг харгалзаж үзээгүй, гаднынхныг сохроор дагасанд Та нэлээд шүүмжлэлтэй хандсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?
-Монголчуудад үнэхээр мэдлэг, туршлага байгаагүй. Ихэнх нь Зөвлөлтөд төгссөн, өнөөх л коммунизм, социализмын сэтгэлгээтэй хүмүүс байсан. Тэдний дэргэд Да.Ганболд, Р.Амаржаргал мэтийн жаахан юм уншчихсан, хэлтэй устай залуучууд үнэхээр л цоо шинэ юм яриад, бодлого тодорхойлоход нөлөөлж эхэлсэн. Тэр үед төр ч, нийгэм ч харанхуй байлаа.
“Амьтны ферм” байна аа даа, Жорж Орвелл аль 1940-өөд онд бичсэн байтал монголчуудад цоо шинэ мэт санагдаж байсан үе. Тиймээс гаднын зөвлөхүүдийн хэлснийг дагахаас аргагүйд хүрсэн.
Бороогийн уурхайг хар л даа, шороо л үлдсэн.
Нөгөө талаас, энэ нь яах аргагүй монгол хүний сэтгэхүйтэй холбоотой. Гаднынхны хэлсэн бүхнийг гөлөг шиг дагадаг хэрнээ өөрсдийн хүмүүст их дээрэлхүү, муухай улс шүү дээ бид чинь. Одоо ч тэр хэвээрээ байна. Өөрийн хүмүүсээ үнэлж сураагүй. Гэтэл тэр Олон улсын валютын сан, Дэлхийн банк гэдэг нь хамгийн харгис байгууллага байж таарсан. Юу ч мэдэхгүй улсуудад ингэхгүй бол зээл өгөхгүй, тэгэхгүй бол тусламж үзүүлэхгүй гэдэг. Тэдний зөвлөгөөг сохроор дагасны үр дүн хаа байна?
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа нэрээр уул уурхайн салбартаа баахан компани оруулаад ирсэн. Заримтай нь гэрээ хийж, татваргүй болгоод, тэр хооронд нь гаднын компани хэдхэн жилийн дотор хамаг алтыг нь ухаад аваад явлаа. Одоо энэ Бороогийн уурхайг хар л даа, шороо л үлдсэн. Ийм аймшигтай бодлого байж болох уу? Энийгээ глобалчлал гээд байгаа. Дэлхий глобалчлагдана аа гэдэг чинь үндэстэн дамнасан корпорациудын капиталаа арвижуулах орон зай л томорч байгаа хэрэг. Тийм болохоор л нэг компанийн зах зээлийн үнэлгээ 700 тэрбум ам.долларт хүрч байхад нэг улс юу ч үгүй байж байна.
-Социализмын үед бүтээн байгуулсан аж үйлдвэрлэлээ элгээр нь хэвтүүлсэн тухай Та өгүүлэлдээ бичжээ. Бидэнд үүнээс өөрөөр шилжилт хийх боломж байсан гэж үү?
-Байгаа юмаа түшиж босох ёстой болохоос биш унагаж босохгүй шүү дээ. Үнэхээр аймшигтай бодлого явагдсан нь үнэн. Одоо энэ Лаос шиг, Вьетнам шиг байж болох л байсан. Эдгээр улс өөрийн гэсэн төрийн бодлоготой, өөрийн гэсэн ухаантай учраас социализмын үед бүтээн байгуулснаа унагаагүй. Харин ч тэр бүхнээ улам боловсронгуй болгоод, шинэчлээд явсан. Гэтэл бид яасан билээ? Зөвлөлтийн үед гаргасан хэдэн худгийг бүгдийг нь устгачихаад, одоо дахиад ухаад эхэлж байх жишээтэй.
-Энэ бүхэн өмч хувьчлалаас л эхэлсэн гэдэг. Тэр үед хүмүүс зах зээлийн талаар ямар ч ойлголт, мэдлэггүй байснаас цөөн хүн завшиж, бусад нь хоосон хоцорсон. Баян хоосны ялгаа тэндээс л бий болсон. Гэтэл Та төрийн өмчийг хувьчилж дуусгах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байсан...
-Манайд бол төрийн өмчийг нураагаад, үнэгүйдүүлээд, луйвардаж авах туршлага л бий. Ер нь хувьчлалын үеэр төрийн өмч цөөн хэдэн луйварчин, зальтай этгээдийн гарт орж, бусад нь хоосон хоцорсон нь үнэн. Одоо энэ алдаагаа дахиад давтаж болохгүй. Гэхдээ өөрчлөх ёстой юм бий.
Төрийн өмч эдийн засагт нөлөөтэй, том жин дардаг хэвээр үлдсэн. Энэ нь төрөөс тэрбумтнууд төрөх гол эх үүсвэр болоод байна. Тиймээс ч төрийн эрх авсан нам хамгийн түрүүнд төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийн удирдлагыг өөрийн хүнээр солих жишиг тогтсон. Үүнийг болиулахын тулд л хувьчлах хэрэгтэй. Гэхдээ өмнөх шигээ үнэгүйдүүлээд, луйвардах биш. Эхлээд өрсөлдөх чадвартай болгоод, тэгээд хувьчлах ёстой юм.
-Скандинавын орнуудыг хараад байхад ардчилал, төрийн оролцоотой капитализмыг хослуулан хөгжсөн байдаг. Ийм загвар Монголд тохирно гэж тухайн үед үзэж байсан болоод л Үндсэн хуульд анх төрийн оролцоотой капитализм байна гэж заасан биш үү?
-Тэр үед хуралдаж байсан хүмүүс дотор Скандинавын орнууд, Дани, Норвеги энэ тэрийг мэдээд, тэдний замаар явна гэсэн ойлголттой хүн үнэндээ байгаагүй. Харин хуучин инерц нь л байсан байх. Өмнө нь төр бүхнийг хийж байсан болохоор төрийн оролцоо байхгүй гэхээр толгойд нь багтаж өгөхгүй байхгүй юү. Зах зээлийн тухай, мөнгө яаж үржүүлэх тухай мэдэх хүн байгаагүй. Тэр Адам Смитийн “үл үзэгдэгч гар” энэ тэрийг ч мэдэхгүй байсан. Тиймээс тэр үед Намын дээд сургуулийн хэдэн багш нарын үүрэг роль өндөр болоод ирсэн. Тэд чинь хүнд хичээл заахын тулд юм уншчихсан, онолоо мэддэг хүмүүс байсан. Гэтэл энэ нь бас муу талтай байж. Багш нар чинь онолоо л мэдэхээс биш түүнийгээ практиктай холбож чаддаггүй байсан юм билээ.
Тэр үед монгол хүнийхээ, Монгол Улсынхаа онцлогийг огт харгалзаж үзэлгүйгээр гаднын хууль тогтоомжоос яаран хуулбарлах хандлага байсан. Энэ нь цөөнгүй сөрөг үр дагаварт хүргэсэн байдаг. Жишээ нь, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд иргэд түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй гээд заачихсан. Ганц энэ өгүүлбэрээс болоод л өнөөдөр 1.5 сая гаруй ам км газар нутагтай, 21 аймагтай орны нийт иргэдийн тал нь Улаанбаатартаа бөөгнөрөөд байна. Энэ нь манай хүн амын удмын сан, эдийн засаг, хүрээлэн буй орчинд муугаар нөлөөлөөд байгаа юм.
Тэгээд үүнээс л үүдсэн утаатайгаа тэмцэж байгаа нь энэ гээд Цэвэр агаар сан байгуулж, төсвөөс мөнгө идэх боломж бүрдүүлж байна. Бас гэр хорооллыг барилгажуулж байж утааг арилгах юм гэнэ. Гонжийн жоо. Чи Зайсан дээр гараад хараарай, тэр их гэр хорооллыг хэзээ барилгажуулж дуусах юм? Тэгээд ч тэр барилга чинь нэмүү өртөг үйлдвэрлэхгүй. Үнэхээр л утаанаас салах гээд байгаа юм бол цахилгаанаа үнэгүй шахам болго л доо. Англи ч, бусад улс ч утааны асуудлаа ийм л замаар шийдсэн. Гэтэл манай цахилгаан үнэд ороод байхад утаа яаж арилах юм бэ.
-Одоо бол цахилгаан, дулааны үнийг бүр чөлөөлнө гээд байгаа. Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа учраас цахилгаан станцуудаа хувьчлах жагсаалтад оруулчихаад байна шүү дээ.
Зах зээлд шилжиж байгаа нь энэ гээд ямар ч бэлтгэлгүй, харанхуй байсан нийгмээ ус руу шидчихсэн. Сэлээд гарч чадвал тэр л биз, чадахгүй бол хохь чинь гэж байгаатай л ижил.
-Харин тэр чинь л нөгөө сөнөөх бодлого байхгүй юү. Төр татвар авч байгаа биз дээ, тэр мөнгөөрөө эрчим хүчний алдагдлаа нөхөөд явж болно оо доо. Тэгэж байж л утаанаас сална. Түүнээс биш цахилгаан, дулааны үнэ өндөр байгаа цагт хүмүүс нүүрсээ л түлнэ. Үүний зэрэгцээ, энэ хуучин машинуудаа солих хэрэгтэй. Шинэ, хорт хий бага ялгаруулдаг машинуудтай болж байж л утаа арилна. Мөнгөтэй хүмүүс нь шинэ машинаа аваад унадаг юм байгаа биз. Боломжгүй хүмүүст нь төр хөнгөлөлттэй зээл, лизинг өгөх зэргээр энэ асуудлыг шийдэх ёстой.
-Төр мөнгөгүй гээд хөдлөхгүй л дээ. Ганц V цахилгаан станцыг л гэхэд хэдэн жил ярьж байгаа билээ. Одоо хүртэл болгосон, бүтээсэн юм алга...
-Хүсэл алга. Өөрөөр хэлбэл, утаатай байх тусмаа ашигтай байна ш дээ. Мөнгөгүйдээ биш. Ер нь сүүлийн 25 жил бол Монголын хувьд “хар толбо” болсон үе. Энэ хугацаанд эрх барьсан МАН, МАХН, Ардчилсан намыг дараа нь хэдэн үеэрээ хараах байх. Монголын баялгийг зөв зүйтэй ашиглаж чадсангүй. Монголчуудад нь хүртээх биш, гаднынханд өгөөд явуулж байна. Газар нутгийг лицензээр өгч байна. Монголын хүн амыг утаатай хотод цуглуулаад, генийн өөрчлөлтөд оруулж байна. Сэхээтнүүдээ гадагш нь алдчихлаа. Энэ бүхнийг эргээд түүхийн тавцан шүүнэ ээ.
-Социализмын үед сайхан байж хэмээн халаглах хүмүүс олон болж. Гэтэл энэ бүх сөрөг үр дагавар ардчиллаас биш, либерализмаас л болсныг ялгаж салгаж ойлгохгүй байх шиг...
-Ардчилал гэдэг чинь том соёл. Харин зах зээл гэдэг чинь өөр хэрэг. Зах зээлд шилжиж байгаа нь энэ гээд ямар ч бэлтгэлгүй, харанхуй байсан нийгмээ ус руу шидчихсэн. Сэлээд гарч чадвал тэр л биз, чадахгүй бол хохь чинь гэж байгаатай л ижил. Тэгвэл төрөөр яах юм бэ? Төр хэнд хэрэгтэй юм бэ? Үүнээс болж Монголд тэр неолиберализм гээд байгаа зэрлэг капитализмын тогтолцоо бий болчихлоо. Нөгөө хөгжингүй орнуудын хэдэн зуун жилийн түүхтэй капитализм биш, зэрлэг капитализм.
Төрийн үндсэн хоёр том функц байдаг юм. Нэгдүгээрт, нийгмийг тогтвортой байлгах. Нийгмээ тогтвортой байлгахын тулд наад зах нь баян, хоосны ялгаа гаргахгүй байхыг боддог юм байгаа биз дээ? Хоёрдугаарт, төр улс орныхоо аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Шууд болоод далд байдлаар гаднын нөлөөнд оруулахгүй байхыг хэлээд байна. Гэтэл манай төр нийгмээ бужигнуулдаг төр болчихлоо. Нөгөө тогтвортой байдлыг нь хангах нь байтугай улам тогтворгүй болгож байна. Олигарх, луйварчид төрийг атгачихсан байна. Одоо бол маш эвгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна шүү дээ.
-Ирээдүйд Монгол Улс эдийн засгийн менежментийг нь гаднынхан хийдэг, улстөрийн менежментээ өөрсдөө хийдэг Сингапур, Малайз шиг болох эрсдэл байгаа тухай Та бичсэн байсан...
-Сингапур бол удирдагч нь, төр нь мундаг байсан учраас л торойж гарсан хот-улс. Тэнд бол хүн амынх нь 70 хувь нь хятадууд учраас ойлгомжтой. Харин Малайзад бол эдийн засгийн менежментийг нь хятадууд хийгээд, улс төрөө малайчууд өөрсдөө удирдаж байгаа санаатай. Очоод харахаар тэндхийн өндөр өндөр байшингуудыг хятадууд л эзэмшиж байдаг.
Харин малайчууд нь Эрээнийх шиг байшингуудад ядуу амьдарч байх жишээтэй. Ер нь эдийн засгийн тал дээр хараат байж улс төрийн хувьд биеэ даана гэж байдаггүй л байхгүй юү. Ийм байдал руу Монгол ч явж байна. Энэ уул уурхайгаа хар л даа. Газрын тосыг нь “Петрочайна” хуу хамаад, Тавантолгой “Чалко”-д өр төлсөөр байгаад таарч байна.
-Дээрээс нь манайх экспортынхоо 90 орчим хувийг Хятад руу гаргаад, Монголбанк маань Хятадын Ардын банкнаас гадаад валютын нөөцөөсөө ч давсан хэмжээний юань авчихсан байгаа...
-Тийм. Тийм болохоор л хятадууд манай тусгаар тогтнолыг de jure хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ. Танай хилийг хүлээн зөвшөөрч байна, гарын үсгээ зурлаа, НҮБ-д хадгалууллаа, танайх бол бие даасан тусгаар улс гэж байна. Хятадын дарга ирээд “Хэнтий, Хангай, Саяны” гээд уншиж байна.
Гэхдээ de facto тийм биш. Эдийн засгийн хувьд манай улс Хятадаас улам л хараат болж байгааг тэд сайн мэдэж байгаа. Би монголчуудыг Хятадын эсрэг турхирах гэж байгаа юм биш. Энэ их гүрэн бол манай мөнхийн хөрш. Бид болгоомжтой байх хэрэгтэйг, төрийн хар хайрцагны бодлоготой байх ёстойг л сануулах гээд байгаа юм. Манайд төрийн хар хайрцагны бодлогын механизм алга.
-Манайх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа устгачихаад, төлөвлөгөө огт хэрэггүй юм байна гээд ойлгочихсон тал бий юү? Бусад улс хэтийн зорилготой, түүндээ хүрэх төлөвлөгөөтэй байж л хөгжсөн байдаг. Харин манайд тийм алсын хараа алга. Яах вэ, Үндэсний хөгжлийн цогц бодлого гэх баримт бичиг байдаг ч огт хэрэгждэггүй шүү дээ.
-Яагаад социализм унасан билээ? Хүний дотоод сэтгэлийн хөдөлгүүр байхгүй, хүн өмчийнхөө төлөө явахгүй байснаас л энэ систем нурсан. Зарим талаар үнэхээр тус хүргэсэн нь үнэн боловч цаашид явахааргүй болчихсон байсан юм. Бүх юмыг нэг төлөвлөгөөнд зангидчихсан байсан нь улс орныг боомилж байлаа.
Үүнээс халширчихсан учраас л төлөвлөгөө огт хэрэггүй гээд ойлгочихгүй юү. Гэтэл хүн хүртэл, айл хүртэл ажил, амьдралаа төлөвлөдөг. Компани ч гэсэн маш нарийн төлөвлөгөө гаргаж байж урагшаа явдаг. Эдийн засагт огт төлөвлөгөө хэрэггүй гээд бодчихсон, оролцохгүй гээд шийдчихсэн төртэй учраас л өнөөдөр бид ийм арчаагүй байдалд байна.
-Тэгвэл энэ арчаагүй байдлаас яаж гарах вэ?
-Төрийн мэргэн ухаан, алсын хараа гэж байх ёстой. Яг амин сүнсийг нь олсон цөөн хэдэн чухал зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд бүгдээрээ зүтгэдэг байх хэрэгтэй. Жишээ нь, нэмүү өртөг үйлдвэрлэдэг болохын тулд аль салбараа яаж дэмжих вэ гэдгээ бодох ёстой. Уг нь монголчууд их бүтээлч ард түмэн. Айл болгон үйлдвэрлэгч байсан юм чинь. Тиймээс үйлдвэрлэл хөгжүүлэхэд амархан, жаахан дэмжээд өгөхөд л болох байхгүй юү. Түүнээс биш газар нутгаа хэнээр ухуулах вэ гээд суугаад байж болохгүй. Алтан дээр суусан гуйлгачин байсан бол одоо шороон дээр суусан гуйлгачин болмооргүй байна ш дээ.
Одоо бол дуртай болгон нь хууль гаргаж байна, ажил хийсэн дүр үзүүлэх гэж. Үүнийг болиод, үнэхээр хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаж, түүнийгээ яс хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр энд нефтийн үйлдвэр барина, гүйцээ. Мөн төрийн том хүний ард хувийн ашиг сонирхол биш, төрийн ашиг сонирхол л байх ёстой. Төрд хэзээ ч мөнгөний шуналтай, ашиг хайсан хүмүүс орох учиргүй. Бас нам гэдэг нэг аюултай юм байна. Гуравхан сая хүнтэй улсад гучин нам хэрэг байх уу. Намын шалгуур маш өндөр байх ёстой. Ер нь нам гэдэг өөрөө онолтой, үзэл баримтлалтай, тэр бүхэндээ тууштай байх ёстой юм. Нөгөө талаас, сонгосон хүнээ буцааж татах эрхийг нь сонгогчдод олгох хэрэгтэй. Эрх мэдэлтнүүдэд халдашгүй дархан эрх олгож болохгүй. Дархан эрхээрээ далимдуулаад бузар булай юм хийх гээд байна шүү дээ.
-Төрөөс тэр хүмүүсийг яаж зайлуулна гэж?
- Хоёр хүнийг л сайн шийтгэчихэд болно. Яг одоогийн Хятад шиг зоригтой хөдлөх хэрэгтэй. Түүнээс биш дутуу алсан могой шиг юм хийх хэрэггүй. Төрийн эрх мэдлээ буруугаар ашигласан нэг хүнийг, бас бизнесийн луйвар хийсэн ганц хүнийг л жинхэнэ утгаар нь шийтгээд үзүүлчихэд хангалттай. Монголчууд чинь юмыг их хурдан хүлээж авдаг улс шүү дээ. Бас шинэ орчинд хурдан дасдаг. Одоо энэ нийтийн тээврийг хар л даа. Хэчнээн гоё байна. Нэг газраа шавдаг байсан бол одоо ордог газраараа ороод, картаа уншуулчихаад л гардаг газраараа гарч байна.
-Илэн далангүй ярилцсан Танд баярлалаа.

Өгүүллийг
Даваашаравын Мөнхчимэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
