Б.Сэмжидмаа: Фермер эрхлэгч ААН-үүд банкны хөнгөлөлттэй зээлээр сүүний үнээ худалдаж авах боломжтой
Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт хамруулж эхэлсэн.
Харин нийслэлийн төсөвт сүүний фермерүүдэд олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 5 тэрбум төгрөгийг нэмж тусгаж, зээлийн хүүгийн 2%-ийг фермерүүд төлөх бөгөөд сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газраас зохион байгуулахаар болоод буй.
Энэ тухай НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа: Сүүн дархлаа зорилтот хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сүүний чиглэлийн үнээг олноор нийлүүлэх, сурагчдад шингэн сүү тогтмол уулгах зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд фермер эрхлэгчдэд дэмжлэг олгох асуудлыг НИТХ-аар шийдвэрлэсэн.
Тодруулбал фермер эрхэлж буй ААН-үүдэд банк энгийн зээлээс бага хүүтэй зээл олгож, уг зээлээрээ фермерүүд сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжийг бүрдүүлнэ. Зээлийн дийлэнх хувийг нийслэлээс төлж, үлдсэн хувийг аж ахуйн нэгж хариуцах юм. Мөн фермерүүд сүүний чиглэлийн үнээ авахаас гадна тоног төхөөрөмж, тэжээл худалдан авах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд гадаадаас сүүний чиглэлийн үнээ оруулж ирдэг 4-5 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр компани болон банкнуудтай Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ажиллана. Ингэснээр фермер эрхлэгч ААН-үүд банкаар судалгаагаа хийлгэж, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжтой.
Энэ онд нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим хүүхдийг долоо хоногт 1-3 өдөр “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж байгаа бол ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахаар эдгээр ажлыг хийж байна” гэв.
Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн Мал үржлийн албаны дарга Ч.Түмэн-Өлзий “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг цаашид үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн сүү үйлдвэрлэгч, фермер аж ахуйн үйл ажиллагааг дэмжих, үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлууд төлөвлөж байна.
Энэ хүрээнд импортоор үхэр оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны санал солилцон, салбарын тулгамдсан асуудал болон цаашдын боломжийн талаар хэлэлцсэн.
Нийслэлийн хэмжээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, шаардлагатай татаас, урамшуулал олгосноор 2027-2028 он гэхэд сүүний хангамжийг 50 хувиар нэмэгдүүлж, жилд 90 сая литр хүртэлх сүү үйлдвэрлэх боломж бүрдэнэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
