Нийслэлийн төсвийн 8.9 тэрбум төгрөгөөр сүү хөтөлбөрт хэрэгжүүлж, нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг хамруулж эхэлжээ.
Энэ тухай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа "Энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын 171 сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд сүү хөтөлбөрт хамрагдаж эхэллээ.
Ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг тус хөтөлбөрт хамруулах зорилт тавин ажиллаж байна.
Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сүүний үйлдвэрүүдтэй танилцаж, нөөц боломжийг судалсан. Сүүгээ ууж дуусаад сүүний савыг хог хаягдал болгохгүйн тулд эвхэж цуглуулан сүүний компаниуддаа буцаан өгөх шийдэлд хүрсэн. НЗДТГ-аас 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд сүү хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрүүдэд боломж олгох үүднээс тендер зарлаж буй" гэв.
Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал: Манай сургууль 362 суралцагчтай. 1-5 дугаар ангийн 192 хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ татаж аваад хадгалалтын шаардлага, нөхцөлийн дагуу хадгалж, хүүхдүүддээ өгч байна.
Тусгай хэрэгцээт боловсролын сургууль учраас оношноос хамааран сүүнээс харшилтай, сүү уудаггүй хүүхдүүд байдаг. Тиймээс эцэг, эхчүүдээс хүүхдэдээ сүү өгөх хүсэлтэй байгаа эсэхийг лавласан судалгаа хийсэн.
Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О.Мөнхзаяа: Сэтгэмж цогцолбор сургуулийн 1-5 дугаар анги 595 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ захиалан татан авалтаа хийж, хадгалах өрөөг гарган хүүхдүүддээ сүү хөтөлбөрт хамруулж байна. Хүүхдүүдэд Д витаминаар баяжуулсан кальциар баялаг ном журмынхаа дагуу хадгалагдсан, баталгаатай, органик сүүг өгч байгаагаараа энэ хөтөлбөр онцлогтой байна.
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор сүү хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!