Нийслэлийн бага ангийн сурагчдын сүүний зардалд нийслэлийн төсвөөс 8.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар батлаад буй.
Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагчид долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүүг энэ сарын 26-наас буюу хоёрдугаар улирлын хичээл эхлэхээр өгөхөөр болсон байна.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр ирэх онд 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд долоо хоногт таван өдөр сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал ахлах ангийн хүүхдүүдэд купон өгч кофе шопуудаар үйлчлүүлэх болон сургууль дээрээ сүү уух боломжтой байхаар, бага, дунд ангийн хүүхдүүдэд сургуулийн коридорт халуун сүүний АТМ суурилуулж сүү өгөх талаар судалж байгаа аж. Ингэснээр сүүний үйлдвэрүүд АТМ-ээ цэнэглэж, хүүхдүүд өөрийн аягаараа сүүгээ уух юм байна.
Цаашид сүү хөтөлбөр хүүхдүүдийн биеийн өсөлт, хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг 2-5 жилээр судлах гэнэ.
Хавраас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Шархад, Гачуурт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт фермерүүдийг дэмжих зорилгоор тэжээлийн ургамал тариалахад нь тоног төхөөрөмж, үрийн хөнгөлөлттэй зээл, үхэр худалдан авах, хашаа, саравчаа сайжруулан барих зээлийг багцлан олгохоор төлөвлөсөн болохыг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!