Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад өгдөг “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, нийслэлийн ирэх оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг баталжээ.
Энэ тухай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “НЗДТГ-аас 2024 оноос нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөрт сүү тогтмол өгч ирсэн. Энэ хөтөлбөрийг цаашид өргөжүүлэх үүднээс нийслэлийн ирэх оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189,000 хүүхдэд долоо хоногт нэг удаа сүү өгөх юм.
Сүү уухын ач холбогдлыг хүмүүс мэднэ. 2024 оноос хойш сүү тогтмол өгч байсан сургуулиудын хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулахад хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжирч, ясны сийрэгжилт буурах зэргээр нөлөөлсөн байна. Тиймээс 2026 онд нэг өдрийн сүүний зардлыг НЗДТГ-аас, нэг өдрийг дүүрэг, орон нутгаас, нэг өдрийг эцэг, эхчүүд хариуцаж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгснөөр биеийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, хичээл сурлагад сайнаар нөлөөлөх юм.
Олон улсын туршлагаас харахад хүүхдүүддээ сүү тогтмол өгдөг БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн байна. Тиймээс хүний хөгжил, хүүхдийн эрүүл мэндэд анхаарч энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь чухал” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!