Энэ сарын 5-нд нийслэл хотын ирэх оны төсвийг НИТХ-аас батлаад буй. Төсвийн төслийн тооцооллоор 4.6 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлэх бөгөөд үүний 82.7% буюу 3.8 их наяд төгрөгийг татварын, үлдсэн 802 тэрбум төгрөгийг татварын бус орлого эзлэхээр баталжээ.
Төсөв батлагдсаны дараа НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдоржийн мэдээлснээр Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг иргэдийн татварын болон торгуулийн 362 тэрбум төгрөгийн орлогоор төсвийг бүрдүүлнэ.
Тэрбээр "Нийслэлийн торгуулийн орлого 192 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл иргэдийг торгож энэхүү орлогыг бүрдүүлнэ гэсэн үг.
Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөнөөс урсгалд зардлаа авдаг байгууллагуудын орлогыг сайжруулах ёстой. Жишээ нь Нийслэлийн Бизнес Инновацын Газарт 2.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн, ямар ч хэрэггүй газар байна. Тус газар 50 старт ап компанийг бойжуулсан гэдэг ч тайлан мэдээлэл өгдөггүй, дуудахаар ирдэггүй, үр дүн байхгүй.
Олон нийтийн хяналтгүйгээс төсөвт дур зоргоороо аашилдаг, төрийн нарийнаас илүү мэдэлтэй нөхөд байна.
Ирэх жил онцгой анхаарах хоёр зүйл байна.
Нэгдүгээрт нийслэлийн иргэд ажил хөөцөлдөж явахдаа хотын төвд ямар нэгэн авто зогсоол дээр машинаа байрлуулж, 20-30 мянган төгрөгийг төлдөг. Гэтэл нэг ч төгрөг нийслэлийн төсөвт ордоггүй. НИТХ-ын 2009 оны тогтоолын дагуу авто зогсоолуудыг хувьд шилжүүлж, менежментийг сайжруулан иргэдэд төвөггүй болгох нь зөв. Гэхдээ орлого нь нийслэлийн төсөвт ордог байх ёстой.
Хоёрдугаарт 2026-2027 онд машин ачилтын үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй байна. Хориглосон газарт машинаа байрлуулах нь жолооч нарын буруу. Гэхдээ машин ачилт үнэхээр дээрэм болсон. Жирэмсэн, эмнэлгийн үйлчилгээ авч байгаа болон хүндэтгэх шалтгаантай яваа хүмүүсийн машиныг шууд ачиж, хохирол учруулдаг, даатгалын систем нь ажилладаггүй.
Нийслэл хотод машин ачилтын 17 компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компанийн ард талд улстөрчид байна. Энэ компаниудад менежментийн шинэчлэл явуулж, ISO стандартыг нэвтрүүлэх, хүний эд хөрөнгөтэй харьцаж байгаа ажилтнуудын харилцаа, хандлагыг сайжруулах, хяналт шалгалт оруулах ёстой" хэмээн шүүмжлээд ашиггүй ажиллаж байгаа нийслэлийн харьяа газруудын удирдлагыг шалгах ёстой. Энэ талаар АТГ-тай хамтарч сонсох ажиллагаа явуулах хүсэлт өгсөн.
НИТХ жилд найман удаа хуралддаг ч иргэд мэдээлэл муутайгаас хяналт тавьж чадахгүй байна" гэв.
Нийслэлийн Нийтлэг Үйлчилгээний Газрын ирэх оны төсөвт 24.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байснаас 3.8 тэрбум төгрөгийг хасуулжээ. Тус газар нь 289 ажилтан, албан хаагчийн орон тоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон нийслэлийн засаг захиргааны байруудын ашиглалт, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа, цэвэрлэгээ үйлчилгээ мөн зоогийн үйлчилгээг хариуцан ажилладаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!