М.Санжаадорж: Эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо болон Төсийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг хэлэлцлээ.

Энэ үеэр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр төсвийн нийт орлого 10.2 их наяд төгрөг болж, 10.3 их наяд төгрөгийн зарлага гарсан. Тэнцвэржүүлсэн орлого 8.9 их наяд төгрөг байна. 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байна. 

Төсвийн орлого дээр тооцоо хийгээд үзэхээр гурван зүйл хамгийн өндрөөр нөлөөлдөг. Тухайлбал нүүрсний үнэ, хэмжээ, импорт нөлөөлж байгаа. 2025 оны эцсээр нэг тонн нүүрсийг 64 ам.доллароор борлуулж байсан бол одоо 65 ам.доллар болсон. Бидний тооцсон 70 ам.долларт хараахан хүрэхгүй байгаа. 

Нүүрсний хэмжээ бидний тооцсоноос хамаагүй өндөр гарсан. Одоогоор 42 сая тонн нүүрс экспортолсон. Энэ хэмжээгээр явбал 2026 оны эцсийн байдлаар дор ядаж 100 сая тонн нүүрс экспортлох боломжтой.

Импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах хэмжээнд явж байгаа. Гэхдээ бидний тооцоолсон импорт эндээс харьцангуй өндөр. Бүтээн байгуулалтын үе эхэлж байгаатай холбоотой импорт нэмэгдэнэ. 

Тэгэхээр орлого тал дээр асуудал байхгүй. Харин зарлага тал дээр асуудалтай болсон. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, халамж гэдэг нь сар бүр санхүүжүүлэх ёстой зардал. Орлого орж ирэхээс үл хамаараад жигд хуваагдах тогтмол зарлага учраас алдагдлын хэмжээ өссөн. 

2025 оны эцсээр орлого хүндрээд зайлшгүй санхүүжүүлэх ёстой зарлага гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор нэг их наяд төгрөгийн татварын урьдчилгаа авч зарцуулсан" гэв.