Поп од Дуа Липа зурагтын хайрцаг дээр зургийг нь зөвшөөрөлгүй ашигласны төлөө $15 саяыг Самсунг компаниас нэхэмжлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Британийн поп од Дуа Липа гэрэл зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компанийн эсрэг АНУ-ын шүүхэд гомдол гаргажээ.

АНУ-ын зах зээлд худалдаалагдаж буй Самсунгийн зурагтуудын цаасан хайрцаг дээр дуучин бүсгүйн гэрэл зураг тавигдсан нь ийм маргаан үүсгэсэн юм байна.

Модель асан 30 настай Липа сүүлийн жилүүдэд “Don’t Start Now”, “Levitating”, “Physical” зэрэг хит дуунуудаараа сонсогчдыг байлдан дагуулж, дэлхий дахинд алдаршсан бөгөөд Puma, Yves Saint Laurent, Versace зэрэг брэндүүдтэй сурталчилгааны гэрээ байгуулжээ.

зураг
 

“Хатагтай Липа түүний үнэ цэнтэй дүр төрхийг Самсунг компани зурагтын цаасан хайрцагтаа их хэмжээгээр, тасралтгүй, зөвшөөрөлгүй, арилжааны зорилгоор ашигласан үйлдэлд хариуцлага тооцохын тулд зохиогчийн эрх, барааны тэмдгийн хууль зөрчсөн, олон нийтэд сурталчлах эрхийг зөрчсөн хэргээр Самсунг компанийн эсрэг энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэж Баасан гарагт Калифорни мужийн шүүхэд гаргасан гомдолдоо дуучны өмгөөлөгч бичжээ.

Мөн “Самсунг компани зургийг нь ашиглахаа зогсоох хатагтай Липагийн удаа дараагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан” гэж тайлбарласан байна.

Липа хохирлынхоо хэмжээг доод тал нь $15 саяар үнэлж байгааг шүүхэд мэдэгджээ.

Даваа гарагт Самсунгийн хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад “хууль эрх зүйн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор тайлбар өгөх боломжгүй” гэж хариулсан байна.

 

Эх сурвалж: CNN