Бразил дахь Элчин сайдын яамыг дахин нээж, шинээр Испани, Кени улсуудад Элчин сайд, Ирландад Ерөнхий консул томилно

А.Ням-Өлзий, iKon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Франкфурт, Сидней хотуудад консулын газар нээх тухай асуудлыг хэлэлцэв. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын үед гадаад орнуудад нээхээр төлөвлөж байгаа Элчин сайд яам, Ерөнхий консулын газруудын талаарх мэдээллийг танилцуулав. 

Тэрбээр "Бразил улсад Элчин сайдын яамаа дахин нээх, Испани улсад Элчин сайдын яам шинээр нээх, Ирланд улсын Дублин хотод Ерөнхий консулын газар нээх, Өмнөд Африкийн аль нэг улсад Элчин сайдын яам нээх асуудлыг олон жилийн турш ярьж байгаа. Бүс нутгийн болон хамтын ажиллагаануудаа үнэлж, эрэмбэлж байгаад дээрх газруудад дипломат төлөөлөгчийн газар нээхээр төлөвлөөд байгаа. 

Мадрид хотод Элчин сайдын яамаа зургаан орон тоотойгоор нээх зайлшгүй шаардлага бий. Испанийн талаас энэ хүсэлтийг хүлээн авч, гадаад яамд хоорондын ажил ерөнхийдөө бэлэн болсон. Уг дипломат төлөөлөгчийн газрыг нээх зардлыг ГХЯ төсөвтөө оруулсан байгаа.

Бид бүс нутагтаа болон бүх тивд Монгол Улсын төлөөлөл байх ёстой гэж үзэж байгаа. Мөн хилийн чанад дахь иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд таван Элчин сайдын яаманд консулын хэлтэс нэмж байгуулсан.

Одоогоор манай улс Латин Америкийн орнуудад ямар ч Элчин сайдын яамгүй байна. Бразил улсад байсан Элчин сайдын яамаа эдийн засгийн хүндрэлээс болоод хаасан. Олон жил хөөцөлдөж байж нээсэн Элчин сайдын яамыг хаасан нь дипломат харилцаанд таагүй үйл явдал болсон. Элчин сайдын яамаа эргээд нээх шаардлагатай гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг дараагийн удаа оруулж ирэхээр бэлдсэн байгаа.

Манай аж ахуйн нэгжүүд ноос ноолуур, арьс шир, махны чиглэлээр Испани улстай хамтарч ажилладаг. Тус улсад Элчин сайдын яамаа нээх хүсэлтийг бид олон жилийн турш тавьсаар ирсэн ч төсөв мөнгөний асуудлаас болоод чаддаггүй байсан. Өнгөрсөн жил гадаад хэргийн сайдын хувиар Испанид айлчлах үеэрээ айлын гадаад яамтай тохироод Элчин сайдын яамаа зургаан орон тоотойгоор нээхээр болсон.

Ирландад Монголчууд олноор суурьшдаг ч консулын үйлчилгээ алслагдсан учир авч чаддаггүй. Тиймээс консулын газар нээх боломж нөхцөлийг айлын талтай ярилцаж байгаа.

Хурдтай хөгжиж байгаа, эдийн засгийн хувьд хамтарч ажиллах боломжтой, улс төрийн ч ач холбогдолтой гэж үзсэн учраас  Африкийн Кени улсыг сонгож Элчин сайдын яамаа байгуулахаар яриа хэлэлцээр эхлүүлсэн" гэв.