Франкфурт, Сидней хотуудад тус бүр 4 орон тоотой консулын газар нээхийг байнгын хорооны гишүүд дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот, Австралийн Холбооны Улсын Сидней хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх эсэхийг хэлэлцэв.

Франкфурт хотод Ерөнхий консулын газар байгуулахад 606 мянган ам.доллар шаардлагатай бол Сидней хотод 597 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд тус бүр дөрвөн орон тоотой байхаар төлөвлөжээ. Үүнд шаардагдах төсвийг Гадаад харилцааны яамны батлагдсан төсвийн багцад багтаан санхүүжүүлэхийг Б.Батцэцэг сайд танилцуулсан.

Мөн тэрбээр “Франкфуртын нисэх онгоцны буудал нь манай улсын иргэдийн гуравдагч оронд зорчихдоо дамжин өнгөрдөг гол зангилаа бүс бөгөөд 2024 онд МИАТ компанийн нислэгээр 42,500 иргэн зорчсон байна. Түүнчлэн ХБНГУ-д 2025 оны байдлаар 9,000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас 5,300 орчим нь Франкфурт хотын ойролцоо таван мужид амьдарч байна.

Харин Австралийн Холбооны Улсад 2025 оны байдлаар 24,650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд энэ нь хилийн чанадад амьдардаг монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт юм" хэмээв. 

Ийнхүү ГХЯ-наас Франкфурт, Сидней хотуудад консулын газар нээх хэрэгцээ шаардлагыг танилцуулснаар уг асуудлыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр АБГББХ-ны санал дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.