Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгааг улс орон даяар “Оптимал Эн Макс” ХХК эхлүүллээ
Хөгжилд хүрэхийн тулд бидний үнэт зүйл мөн тогтмол хэмжиж байх ёстой зүйл нь хүмүүс ба эх дэлхийн сайн сайхан байдал хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш хэлсэн байдаг. Харин бид хөгжилд хэр ойрхон байгаа вэ?
Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж, хотжилт эрчимтэй нэмэгдсэн нь нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг авчирсан. Үүний зэрэгцээ нийгмийн тэгш бус байдал, хөдөлмөр эрхлэлтийн тогтворгүй байдал, байгаль орчны асуудал, цахим сүлжээн дэх сэтгэл зүйн дарамтууд зэрэг олон хүчин зүйлс иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх болсон байна. Үр дүнд нь дотоодын болон гадны судалгаануудаас харахад Монгол Улсад нийгмийн итгэлцэл сул, аз жаргалын индекс дунд түвшинд байгаа бөгөөд сэтгэлзүйн асуудлууд нэмэгдэх хандлагатай байгаа нь бид эдийн засгийн хөгжлөөс гадна иргэдийн сайн сайхан байдалд анхаарах шаардлагатайг харуулж байна.
Иймээс Монголчуудын сайн сайхан байдлыг олон хэмжээсээр буюу ажил хөдөлмөр, бие махбод, нийгмийн, сэтгэл зүй, санхүү, хувийн, хүрээлэн буй орчин болон цахим орчны сайн сайхан байдлын нөхцөл байдлыг цогцоор нь үнэлж, нөхцөл байдлыг тодорхойлох зорилготой Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа улс орон даяар албан ёсоор “Оптимал Эн Макс” ХХК санаачлан эхлүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орон хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна иргэдийн сайн сайхан байдлыг бодлогын гол үзүүлэлтүүдийн нэг болгон авч үзэх болсон. Бид ч мөн тус хөгжлийн бодлогыг улсдаа нэвтрүүлэх шаардлагатай болохыг уриалах эхний алхам болгон Монголчуудын амьдралын чанар, сэтгэл ханамж, нийгмийн орчин, санхүүгийн тогтвортой байдал зэрэг олон талт үзүүлэлтүүдийг хэмжих замаар иргэдийн сайн сайхан байдлын талаарх суурь мэдээллийг бүрдүүлэхээр судалгааны баг зорьж байна.
Цаашлаад Монгол Улсын иргэдийн сайн сайхан байдлыг цогцоор нь үнэлж, нийгмийн бүлгүүдийн хоорондын ялгааг харьцуулан, онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай салбар, чиглэлүүдийг тодорхойлоход чиглэж байна. Судалгааны үр дүн нь бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчдад нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэж, сайн сайхан байдлыг дэмжсэн бодлого, шийдвэрийг боловсруулахад эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Судалгаанд 18 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэд хамрагдах боломжтой бөгөөд цахим судалгааны платформ болох www.minxplus.mn сайтаар дамжуулан өгөгдлийг зөвхөн сайн дурын үндсэн дээр хувь хүний нууцлалтайгаар цуглуулах юм.
Хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх технологийн шийдлүүд
“Оптимал Эн Макс”ХХК нь хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх технологийн болон шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг хөгжүүлж, монгол хүний амьдралын чанарыг нэг шат ахиулах зорилготой ажилладаг байгууллага юм. Тус компани эдийн засаг, санхүү, сэтгэл судлал, өгөгдлийн шинжилгээ зэрэг нийгмийн шинжлэх ухаанд тулгуурлан хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал:
- Сэтгэл зүйн боловсролыг олон нийтэд түгээсэн “Positive dadal” цахим платформ
- Эрүүл амьдралын хэв маяг, эерэг дадлыг дэмжих “HabiDo” гар утасны аппликейшн
- Байгууллага, судлаач, хувь хүнд зориулсан вэб суурьтай, сэтгэл зүйн хэмжилтийн цогц платформ mindXplus
- Ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж, мэдлэг мэдээлэл олгох зорилготой Happy workplace цахим платформ
Эдгээр төслүүд нь санхүү, сэтгэлзүй, амьдралын хэв маяг зэрэг хүний сайн сайхан байдал нөлөөлөх хүчин зүйлсийг нэгтгэсэн экосистем хэлбэрээр хөгжиж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

