Эрчим хүчний хямралын энэ үед гадаадад аялахгүй байхыг Энэтхэгийн ерөнхий сайд ард иргэддээ уриалав
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди эрчим хүчний хямралтай байгаа энэ цаг үед гадаадад аялахаа хязгаарлах, гэрээсээ ажиллах, алт худалдаж авахаа багасгахыг ард иргэддээ уриалжээ.
Эдгээр алхмууд нь Энэтхэгийн түлш шатахууны хэрэглээг бууруулж, гадаад валютын нөөцийг хэмнэхэд тустайг тэр тайлбарласан байна.
Энэтхэг улс газрын тосныхоо 90 хувийг импортолдог бөгөөд үүний ихэнхийг Персийн булангийн орнуудаас авдаг. Ираны дайны улмаас Ормузын хоолой хаагдсан нь тус улсын эдийн засагт ноцтой хохирол учруулж байгаа.
Ням гарагт Хайдарабад хотод болсон арга хэмжээний үеэр гаргасан Модигийн уриалгыг ажиглагчид хямрал эхэлснээс хойших хамгийн хурц алхам гэж үзэж байна.
“Эх оронч үзэл бол зөвхөн хил дээр амиа золиослоход бэлэн байх тухай биш юм. Энэ цаг үед хариуцлагатай амьдрах, өдөр тутмын амьдралдаа улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх тухай ойлголт юм” гэж Моди хэлжээ.
Ингэхдээ тэр хүмүүст автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах, тариаланчдад бордооны хэрэглээгээ тал хувиар бууруулахыг уриалсан байна.
Даваа гарагт тус улсын хөрөнгийн зах зээлийн индекс Sensex 1,000 гаруй нэгжээр унасан нь Модигийн хэлсэн үг хямрал сунжирч болзошгүй гэсэн айдсыг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж ажиглагчид дүгнэжээ.
Ормузын хоолой хоёр сар гаруй хугацаанд хаагдсан нь Персийн булангаас газрын тос, байгалийн хийгээ авдаг Азийн орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа.
Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг энэ үйл явдлыг “түүхэнд гарсан хамгийн том тасалдал” гэж тодорхойлсон.
Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш дэлхийн олон улс орон эрчим хүчний хэрэглээгээ хэмнэх янз бүрийн арга хэмжээ авч эхэлсэн билээ. Энэтхэгийн хувьд одоогоор ийм арга хэмжээ авч эхлээгүй ч Модигийн хэлсэн үг ингэх цаг болсныг илтгэж байж болзошгүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
