Өмнөд Африкийн ерөнхийлөгч буйданд нуусан бэлэн мөнгөний дуулианы улмаас огцрох эрсдэлтэй тулгарав
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)-ын ерөнхийлөгч Сирил Рамафоса буйданд нуусан их хэмжээний бэлэн мөнгөтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаасаа огцрох эрсдэлтэй тулгарчээ.
Даваа гарагт ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ Рамафоса өөрийг нь огцруулах (импичмент) ажиллагааг сэргээсэн Үндсэн хуулийн шүүхийн өнгөрсөн долоо хоногийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч өөрийгөө хамгаалахын тулд тэмцэхээ амласан байна.
“Намайг огцруулах уриалга зарим хүрээнд гарч байгаа ч Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрт үүнийг албадсан утга агуулга байхгүй” гэж тэр хэлжээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Farmgate” гэж алдаршсан энэ дуулиан 2022 онд дэгдэж байсан бөгөөд авлигатай тэмцэх амлалтаар сонгуульд ялсан Рамафосагийн Африкийн Үндэсний Конгресс намыг ичгүүртэй байдалд оруулж байв.
Дуулиан анх дэгдэхэд Рамафоса 2020 онд хувийн фермээсээ буйданд нуусан $580,000-ыг хулгайд алдсанаа хүлээж байжээ. Гэвч тагнуулын байгууллагын албан тушаалтан асан сүүлд алдагдсан мөнгөний хэмжээг хамгийн багадаа $4 сая орчим байсан гэж мэдээлж байв.
Эндээс ийм их хэмжээний бэлэн мөнгийг Рамафоса ямар арга замаар олсон, албан ёсны бүртгэлтэй орлого мөн эсэх, яагаад буйданд нуусан зэрэг олон асуудал урган гарч байжээ.
2018 онд ерөнхийлөгч болохоосоо өмнө чинээлэг бизнесмэн байсан Рамафоса үүнийг одос үхрийн борлуулалтын орлого гэж тайлбарлаж байв.
Төв банкны шалгалтаар бас үүнийг ямар нэг хууль бус орлого биш гэсэн дүгнэлт гаргуулж байжээ.
2022 онд парламент дээр Рамафосаг огцруулах санал хураалт зохион байгуулагдахад Африкийн Үндэсний Конгресс нам олонхын саналаар уг санаачилгыг зогсоож чадсан юм.
Гэвч өнгөрсөн Баасан гарагт Үндсэн Хуулийн Шүүх уг санал хураалтыг хүчингүй болгож, фермийн хулгайн хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.
Үүний дараа ерөнхийлөгч асан Жэкоб Зумагийн тэргүүлдэг сөрөг хүчин өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний Ассемблейн даргад захидал илгээж, Рамафосад итгэл үзүүлэх эсэх асуудлаар дахин санал хураалт явуулах хүсэлт гаргажээ.
Парламентын дарга одоогоор уг хүсэлтэд хариу өгөөгүй байна. Импичментийн санал хураалт амжилттай болохын тулд парламентын гишүүдийн гуравны хоёрын саналыг авах шаардлагатай.
Африкийн Үндэсний Конгресс 2024 оны сонгуулиар олонхын суудлаа алдсан ч Үндэсний Ассемблейн суудлын 40 орчим хувийг эзэлсэн хэвээр байгаа. Рамафосагийн нам парламент дахь бусад холбоотнуудтайгаа тохиролцвол импичментийн санал хураалтыг унагах боломжтой гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
