Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цуврал №1: Чөлөөт зах зээлээс дэлхий татгалзаж байна

Д.Мөнхчимэг
2015 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Наян жил туулсан замаасаа хагацаж, хорин таван жил шинэ замаар замнав, бид. Монголчуудад хүний бүтэн эрх, бүрэн эрх чөлөөг авчирсан ардчилсан сонголтынхоо зөв, бурууд бид огтхон ч эргэлздэггүй. Энэ сонголт өөрчлөгдөхгүй гэдэгт итгэдэг.

Гэхдээ чөлөөт зах зээл хэмээх бас нэгэн шинэ замаар замнаад бид юу олж, юу алдав? Хорин таван жилийн дараа энэ бүхнийг эргэн харж, ирээдүйгээ цэгнэх үе ирснийг бид мэдрэх боллоо. Жишиг болгон дагаж дуурайсан зам маань мухардал руу хөтөлсөн юм биш биз. 1980-аад оноос дэлхийд эзэрхэх болсон либерализм, чөлөөт зах зээлд эргэлзэх хүн олон болжээ.

Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглицээс эхлээд олон судлаач, эрдэмтэн энэ тогтолцоог шүүмжлэх болоод байна. Үзэл бодлын ийм нэг шинэ салхи Монголд ч сэвэлзэж эхэлсэн.

Улс орны эдийн засаг, хөгжлийн бодлоготой холбоотой энэ чухал асуудлаар "Үндэсний Шуудан" сонин цуврал нийтлэл эхлүүлж байгаа юм. Энэхүү цуврал нийтлэлийг манай сонины тоймч Даваашаравын Мөнхчимэг Танд толилуулж байна.

Либерализмын бодит төрхтэй танилц: Цуврал №1
    
ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛЭЭС ДЭЛХИЙ ТАТГАЛЗАЖ БАЙНА

-Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв-

Бидний 25 жилийн турш итгэж, шүтэж ирсэн чөлөөт зах зээл мөхөж байна. Тэгэхдээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг шиг нүд ирмэх зуур нураад уначихгүй ч аажмаар, алгуурхан амьсгал хураах нь.

1980-аад оноос дэлхийд ноёрхсон либерализмын үр дүнд баян, хоосны ялгаа гаарч, эдийн засгийн өсөлт саарч, санхүүгийн систем туйлын хэврэг, бас тогтворгүй болжээ.

Долоон жилийн өмнө эхэлсэн санхүү эдийн засгийн хямрал энэхүү системийн бүхий л сул тал, булхайг илчилсэн юм.

Долоон жилийн өмнө эхэлсэн санхүү эдийн засгийн хямрал энэхүү системийн бүхий л сул тал, булхайг илчилсэн юм. Түүнээс хойш чөлөөт зах зээлийг шүүмжлэгчдийн дуу хоолой өдрөөс өдөрт чангарч, “тоглоомын шинэ дүрэм” хэрэгтэй болсныг анхааруулах боллоо.

Пол Кругман, Жозеф Стиглиц, Жеффри Сакс, Томас Пикетти зэрэг нэрт эдийн засагчдын чөлөөт зах зээлийг хайр найргүй шүүмжилсэн ном, нийтлэлүүд дэлхий даяар “моодонд” ороод байна.

“Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэсэн” хэмээн “Bloomberg View”-ийн нийтлэлч Ноа Смит онцлоод, либерал эдийн засгийг хамгаалагчид ярьсаар, бичсэээр хэвээр байгаа ч хэний ч анхаарлыг татахаа байсныг тэмдэглэжээ.          

Либерал эдийн засгийн “шилдэг сурагч”

Америк мөрөөдөл, ардчилал, эрх чөлөө, эдийн засгийн асар их хүч. Энэ бүхнээс болж дэлхий даяараа Америкийг дуурайх өвчин туссан билээ. Харин түүнийг нь өдөөх үйл ажиллагааг либерализмын загалмайлсан эцэг, эх буюу Рональд Рэйган, Маргарет Тэтчер нар хийсэн юм. Тэд АНУ, Их Британид төрийн оролцоог хумих, зах зээлийг чөлөөлөх шинэчлэл хийсэн нь неолиберализм, тэтчеризм хэмээх нэрээр олонд танигджээ.

Чухам тэр үеэс буюу 1980-аад оноос Дэлхийн банк, Олон улсын валютын сан (ОУВС) энэхүү үзэл суртлыг “экспортлох” үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Санхүү, эдийн засгийн хүнд байдалд орсон улс орнууд эдгээр байгууллагаас зээл авахын тулд чөлөөт зах зээлийн бодлогыг “импортлох” нөхцөлтэй тулгарч эхлэв.

Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг “Америкийн амжилтын нууц” хэмээх шошготой бонусын хамт авахаас хэн татгалзах билээ? Тухайн үед өрийн хямралд ороод байсан Латин Америк болон Африкийн орнууд, дараа нь ЗХУ задран унасны дараах пост коммунист орнууд либерализмыг нутагшуулсан.

Дэлхийг хамарсан энэхүү шинэчлэлээс Монгол Улс хоцроогүйгээр барахгүй “Барууны либерал эдийн засгийн шилдэг сурагч” хэмээн өргөмжлөгдсөнийг профессор Моррис Россаби “Орчин цагийн Монгол” номдоо тэмдэглэсэн байлаа. Үнэхээр ч монголчууд гаднын зөвлөхүүдийн хэлсэн бүхнийг ёсчлон биелүүлж байв. Тэдний улс бүрт бичиж өгдөг ганц жор буюу “Шок эмчилгээ”-г Монголд тохирох болов уу, үгүй болов уу хэмээн эргэлзэх зүйлгүйгээр шуудхан хэрэгжүүлсэн.

Үнийг огцом либералчилснаар нэг өглөө босоод ирэхэд л төгрөгийн ханш хоёр дахин унаж, улмаар инфляц 325.5 хувьд хүртлээ өсөж байлаа. Ийнхүү гипер инфляц, хүнсний хомсдолтой нүүрлэсэн монголчууд дэлгүүрийн үүдэнд дугаарлан зогсохдоо “Энэ бүхэн түр зуурынх” гэж итгэж байв. “Шилжилтийн үеийг л даваад гарчихвал бүх зүйл сайхан болно” хэмээн эрх баригчид тайлбарлахдаа өөрсдөө ч үүндээ бат итгэж байсан биз. Харамсалтай нь, бидний итгэж, хүсэж хүлээсэн үр дүн гарсангүй.  

Тэр үетэй харьцуулахад өнөөдөр байдал тэс өөр болсон нь үнэн л дээ. Монголчуудын амьдрал сайжирч, хэрэглээ нэмэгдсэн. Гэвч Та эдэлж, хэрэглэж байгаа бүхнээ нэг хар даа. Бид юу хийж, юу бүтээж байна вэ? Энэ бүхний эцэст манай улс ердөө “түүхий эдийн хавсарга орон” болж хувирчээ. Бид ашигт малтмалаа экспортлоод, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ импортлохоос өөр юу ч хийж чадахгүй сууна.  Гадаад худалдаагаа чөлөөлж, аж үйлдвэрлэлээ хамгаалах бодлогоо устгаж, төрийн өмчит үйлдвэрүүдээ “хувьчлах” нэрээр үгүй хийсний гай энэ.

1989 онд Монгол Улс 3.6 тэрбум ам.долларын ДНБ-тэй байсан бол 1990-1993 онд энэ үзүүлэлт даруй 4.6 дахин буурчээ. “Чөлөөт зах зээлд шилжиж эхлэхийн өмнөх эдийн засгийнхаа цар хэмжээнд эргэж хүрэхэд 18 жил зарцуулсан” хэмээн эдийн засагч Х.Батсуурь “Шинжээч” сэтгүүлд гарсан нийтлэлдээ бичээд “Энэ хугацаанд аж үйлдвэрлэлийн цогц систем, ажилчин анги, хүчирхэг боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо зэрэг улс орны хөгжлийн тулгуур, сууриа устгасан юм” гэжээ. 1989 онд манай эдийн засгийн 33-35 хувийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байсан бол одоо энэ үзүүлэлт дөнгөж найман хувьтай байгааг тэрбээр онцолсон байв.

Бид 50 жилийн турш бүтээн байгуулсан аж үйлдвэрлэлээ тав хүрэхгүй жилд сөнөөж чадсан учраас “шилдэг сурагч” хэмээн гаднын зөвлөхүүдэд магтуулсан. Ийнхүү “ардчиллын алтан хараацай”, “чөлөөт зах зээлийг дээдлэгч” хэмээн өөрсдийгөө цоллож, онгирох хугацаандаа бид харин юу ч бүтээж амжсангүй. Эргэн тойрноо хар л даа. Хүн ам хэчнээн нэмэгдсэн билээ, хэдэн ширхэг сургууль, эмнэлэг, төрөх эмнэлэг шинээр босов? Барилга байшин хэчнээн нэмэгдсэн билээ, хэдэн ширхэг цахилгаан станц шинээр бий болов? Өнөөдөр бид цэвэрлэх байгууламжаа ч шинэчлэчихэж чадахгүй өмхий үнэртээд сууж байна шүү дээ.

Зах зээлээ чөлөөлснөөр Монгол Улсын гадаад худалдааны түншүүд олширсон хэмээн либерал эдийн засагчид тайлбарладаг. Гэвч эдүгээ манай экспортын 90 хувийг зөвхөн хятадууд худалдаж авч байгаа нь маргашгүй үнэн юм. “Хоцронгуй хөгжилтэй улсууд чөлөөт зах зээлийн бодлого баримталснаар хөгжилд хүрэх биш эсрэгээрээ, хөгжилтэй орнуудын эрхшээлд ордог” хэмээн эдийн засагч Фридрих Лист бичиж байжээ. Социализмыг унагаж, ОХУ-ын нөмөр, нөөлгөөс гарсан монголчууд либерализмын “ачаар” Хятадын эрхшээлд орсон нь ёстой л хувь заяаны егөөдөл гэлтэй.

Бид элгээрээ хэвтсэн бол тэд гацаанд оржээ

Монголоос гадна чөлөөт зах зээлийг нэвтрүүлсэн бусад улс ч элгээрээ хэвтсэн түүхтэй. Тухайлбал, Латин Америк, Африкийн орнуудад байдал өмнөхөөсөө дээрдэх биш, дордсоныг Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан “Капитализмын тухай Танд хэлдэггүй 23 зүйл” номдоо бичээд, “Чөлөөт зах зээлийн бодлогоор ядуу орныг баян болгосон тохиолдол бараг байхгүй” гэжээ.

Либерализм зөвхөн Монгол Улсыг, манайх шиг буурай хөгжилтэй орнуудыг сүйрүүлээд зогссонгүй, хөгжингүй орнуудыг ч байсан газарт нь гацаасныг харж бас болно.

Монголоос гадна чөлөөт зах зээлийг нэвтрүүлсэн бусад улс ч элгээрээ хэвтсэн түүхтэй.

“АНУ-д 1970-аад онд либерализмын эрин эхэлж, төр зах зээлээс гараа татаж авснаар юу болсныг мэдэх үү?” хэмээн Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц асуугаад, “ДНБ-ий өсөлт мэдэгдэхүйц саарсан, ялимгүй өсөлт гарлаа ч түүнийг нь нийгмийн оргилд байх цөөн хүн хувааж авсан” гэж бичжээ. Америкчуудын дундаж орлого эдүгээ 25 жилийн өмнөхөөс ч дор байгааг тэрбээр тэмдэглээд, АНУ-д сүүлийн 40 жилийн хугацаанд дундаж цалингийн хэмжээ долоон хувиар буурсныг онцолсон байна.

Гэтэл “Forbes”-ийн жагсаалт дахь баячуудын хөрөнгө жилдээ л 650 тэрбум ам.доллараар өсөж, эдүгээ долоон их наяд ам.долларт хүрснийг сануулъя. Чөлөөт зах зээлийн бодлогын үр дүнд дэлхий даяар баян, хоосны ялгаа гаарснаас нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэгчдийн жагсаал, хөдөлгөөн тасрахаа байлаа. 2011 оноос АНУ-д эхэлсэн “Уолл Стрийтийг эзэл”, 2012 оноос Их Британид эхэлсэн “Робин Гүүдийн татвар” зэрэг хөдөлгөөн асар хурдтай глобалчлагдаж байгаагаас үүнийг харж болно.

Чөлөөт зах зээлээс бүгд хожно, баячууд улам баяжихын хэрээр ядуусын амьдрал ч дээшилнэ гэх номлол худлаа байжээ. Ирэх жил гэхэд дэлхийн хүн амын хамгийн баян ганц хувь нь үлдсэн 99 хувийг эзлэх долоон тэрбум хүнээс ч илүү хөрөнгө “атгаж” суух тооцоог “Oxfam” судалгааны байгууллага гаргасан нь бий.

Чөлөөт зах зээлээс үүдсэн муу үр дагавар үүгээр дуусахгүй. Хөгжингүй орнуудын эдийн засаг гацаанд орж, дэлхий даяар санхүүгийн тогтворгүй байдал ноёрхох болсон нь ч үүнтэй холбоотойг Жозеф Стиглиц тайлбарлажээ. Либерализмын эрин эхлээгүй байхад АНУ-аас болж олон улсын хэмжээний санхүүгийн хямрал болж байгаагүйг тэрбээр сануулсан байна.

Тэдний хэлснийг биш, хийснийг дагадаг байж...

Төр зах зээлд гар дүрэх хэрэггүй, “үл үзэгдэгч гар” бүхнийг зохицуулчих учраас санаа зовох шаардлагагүй, хөгжил, цэцэглэлийг хувийн хэвшлийнхэнд даатгаад орхи... Либерализмын энэ бүх домогт итгэсэн монголчууд төрийн өмчийг хувьчилж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлж, татвар хураамжийг бууруулсан.

Зөвхөн шилжилтийн үеийг л даваад гарчихвал бүх зүйл сайхан болно хэмээн хүлээсэн. Тэгээд эдийн засаг 17.3 хувиар өсөнгүүт одоо л нэг юм зорьсондоо хүрлээ хэмээн баярлаж, Азийн дараагийн "бар", эсвэл "чоно" эдийн засагтай болно хэмээн хөөрч байлаа. Харамсалтай нь тэр мөрөөдөл зүүд зэрэглээ мэт замхрав.

Үнэндээ Азийн барууд (Тайвань, Хонг Конг, Өмнөд Солонгос, Сингапур)-ыг “үл үзэгдэгч гар” ч амжилтад хүргэсэн юм биш. Харин ч “үзэгдэгч гар” буюу төрийн оролцоог зах зээлийн механизмуудтай хавсарган чадварлаг ашигласан учраас л “бар” болсон. Мөн бидний үлгэр жишээ болгон ярих дуртай Скандинавын орнууд (Дани, Финланд, Норвеги, Исланд, Швед) ч чөлөөт зах зээлийг сонгоогүй юм.

Тэд либерализм, социализмын “алтан дундаж” болох загварыг өөрсдөө бий болгож, хэрэгжүүлснээр өнөөдөр хүний хөгжил, өрсөлдөх чадвар, аз жаргалын индекс зэргээрээ дэлхийд тэргүүлж байна. Харин Японы хувьд гадаадын хөрөнгө оруулалтад хатуу хязгаарлалт тавьж, аж үйлдвэрлэлийг төрийн оролцоотойгоор хөгжүүлээгүй бол өдийд ямар ч “Toyota”, “Mitsubishi”, “Sumitomo” байхгүй байсан биз. Үүний зэрэгцээ, бидний хөрш Орос, Хятад ч либерализмаас өөр замаар хөгжихийг хичээж, тиймдээ ч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж ирсэн.   

Эцэст нь ганц асуулт үлдлээ. Чөлөөт зах зээл үнэхээр “Америкийн амжилтын нууц” мөн гэж үү? Харамсалтай нь, үгүй гэсэн хариултыг эдийн засагчид өгч байна. АНУ ч, Их Британи ч, ер нь өнөөгийн хөгжингүй орнууд бүгдээрээ аж үйлдвэрлэлийн шинэ салбаруудаа протекционизм (худалдааны хамгаалалт) болон татаасаар дэмжсэнээр амжилтад хүрчээ.

Их Британи эдийн засгийнхаа оргил өсөлтийн үед буюу 1720-1850 онд хамгийн протекционист орон байсан бөгөөд үр дүнд нь 1860-аад онд дэлхийн үйлдвэрлэлийн төв болж чадсан байна. Гэвч тэр үеэс худалдаагаа илүү чөлөөтэй болгосноор 1880 оноос аж үйлдвэрлэлийн хөгжил нь саарах болж. Харин АНУ түүний байр суурийг эзэлж, өрсөлдөөнөөр хэнийг ч дагуулахааргүй болсныхоо дараа буюу дэлхийн II дайнаас хойш л гадаад худалдаа, эдийн засгийн харьцангуй чөлөөт бодлого хэрэгжүүлж эхэлжээ.

Профессор Ха Жу Чаны хэлсэнчлэн, чөлөөт зах зээлийн бодлогоор баяжсан орон байхгүй бөгөөд байх ч боломжгүй. Биднийг энэ олон жилийн турш “чулуу хөөлгөж” байжээ. Зөвхөн бид ч биш, дэлхийн ихэнх улс үндэстэн хууртсан юм. Гэвч энэ нь неолиберализмын үзэл суртлын гол төлөөлөгч болох Милтон Фридманы буруу гэхэд хэцүү. 1970-аад онд тэрбээр чөлөөт зах зээлийн номлолоо айлдаж байх үед америкчууд төрийн хэт зохицуулалт, хэт их татвар, өндөр инфляцын асуудалтай байсан юм.

Милтон Фридманы сургаалын дагуу дээрх асуудлуудаа шийдсэн АНУ хожим нь дэлхийг хамарсан санхүүгийн хямралын “буруутан” болно гэж хэн төсөөлөх билээ? Дашрамд, түүний бичсэн “Капитализм ба эрх чөлөө”, “Хувь заяагаа сонгох нь” ном 1960-1980-аад онд нэлээд нэр хүндтэй байсан ч монголчууд түүнийг нь хэтэрхий тахин шүтжээ. Энэ хоёр ном манай төр, засгийн эрх баригчдын бодлыг тодорхойлж, оюутан залуусын тархийг угаасаар өдий хүрэв.

Гаднын зөвлөхүүдийн хэлсэн, тулгасан бүхнийг ямар ч тооцоо, судалгаагүйгээр хэрэгжүүлж, улмаар хохирсон манайх шиг улс үндэстнүүд хэнд ч буруугаа тохож чадахгүй. Бид өөрсдөө л сонголтоо хийсэн. Юу хийж байгаагаа ч мэдэхгүйгээр “өрсөлдөөн” хэмээх дайны талбар луу гар нүцгэн давхиад оржээ.

“Улс орны онцлогийг тусгаагүй, танил бус бодлогыг хэрэгжүүлэх гэж зүтгэсэн нь Монгол Улсыг өнөөдрийн эмгэнэлт байдал руу түлхлээ” хэмээн Х.Батсуурь тайлбарлаад, “Одоо бидэнд Монголын онцлогт тохирсон, өөрсдөө боловсруулсан эдийн засгийн хөгжлийн бодлого л дутагдаж байна” гэсэн юм. Бүх улс оронд таарах “хөгжлийн жор” гэж хаа ч байхгүй. Тэр тусмаа либерализм баян, хоосон ямар ч улсад сайн нөлөө үзүүлж чадсангүй. “Үл үзэгдэгч гар” гэх үзэгддэг ч үгүй, ажилладаг ч үгүй зүйлд итгэх нь аюултай юм байна.

2008 онд эхэлсэн санхүү, эдийн засгийн хямралын үеэр АНУ татвар төлөгчдийнхөө мөнгөнөөс 700 тэрбум ам.доллар гаргаж, эдийн засагтаа тохойгоо хүртэл гар дүрэхэд бид үүнийг ойлгосон. Дампуурсан “General Motors”-оо аварч үлдэхийн тулд чөлөөт зах зээлийн төрсөн нутаг болох тус улсын Засгийн газар тусламжийн гараа сунгахад сайтар харж авсан. “Төр зах зээлд гар дүрэх хэрэггүй” гэх сургаал худлаа байжээ. Тиймээс ч одоо дэлхийн эдийн засгийн салхи баруун биш, зүүн тийш үлээх болов. Улс орон бүр өөрийн гэсэн хөгжлийн зам, тоглоомын дүрмийг тодорхойлохыг хичээж байна. Харин бид яах вэ? 

 

Үргэлжлэлийг маргааш хүлээн авна уу

 

 

Өгүүллийг

Даваашаравын Мөнхчимэг