ЭМГЭНЭЛ: Шагдарсүрэнгийн Гүрбазар (1955-2026)
ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР
(1955-2026)
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, монгол түмний элгэн хайртай хүү Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал барьж Монголын соёл урлаг, утга зохиол, хэвлэл мэдээллийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монголын яруу найргийн тод төлөөлөгчдийн нэг тэрээр 1955 онд Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт эгэл ард Шагдарсүрэнгийн гэрт айлын ганц хүү болон хорвоод мэндэлжээ.
Ш.Гүрбазар нь 1963-1973 онд Дорноговь аймгийн Арван жилийн дунд сургууль, 1973-1977 онд Улсын багшийн дээд сургуульд суралцаж монгол хэл-уран зохиолын багшийн мэргэжил эзэмшсэн. 1977-1978 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн дэргэдэх Ардын үлгэрийн танхимд утга зохиолын ажилтнаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 1978-2018 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд сэтгүүлчээр 40 жил тасралтгүй ажилласан билээ.
Тэрээр 1990 онд Ардын Их Хурлын 167 дугаар тойрог буюу Дорноговь аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутат бөгөөд 1992 онд Шинэ Үндсэн хууль батлалцсан төлөөлөгчдийн нэгэн юм.
Түүний уран зохиолын төрөлх авьяас хар бага наснаас нь тодорсон бөгөөд 1970 оноос уран бүтээл туурвиж эхэлсэн байна. Тэрээр дунд сургуульд байхаасаа уран уншигч, хөтлөгч хийж олны анхаарлыг татаж, хайр хүндэтгэлийг хүлээсэн нь шүлэг зохиол бичих үүдэл санааг үүсгэсэн байна.
Ш.Гүрбазар уран зохиолын олон төрөл зүйлээс яруу найраг, жүжгийн зохиолыг онцгойлон сонгож гол бүтээлээ туурвисан билээ. Тухайлбал, “Дугуй хээтэй наадам”, “Домгийн өглөө”, “Хоршоо Дэрэм”, “Говийн ганц айл”, “Өөрөөдөө эргэсэн нүүдэл” зэрэг шилдэг шүлэг, “Бодь гөрөөсний зүүд” шүлэглэсэн роман туурвисан яруу найрагч, “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлээр Төрийн шагнал хүртсэн дууны нэрт шүлэгч төдийгүй “Сэрүүн зүүд”, “Жаргах гэж дурладаг уу”, “Сүүлчийн хичээлийн дараа хайчих вэ?”, “Надаар тоглосон хайр”, “Шар гэгээ” зэрэг 30 гаруй жүжиг бичсэн жүжгийн нэрт зохиолч байлаа. Тэрээр тайзнаа жүжиг бичээд зогсохгүй “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Тэнгэрийн муухай арилдаг” зэрэг кинонд тоглосон жүжигчин байсан юм.
Тэрээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд олон жил ажиллаж “Монгол телевизийн Гүрээ” хэмээн алдаршиж хурдан морины тайлбар хийж наадамчин олныг огшоож, “Хариулахгүй ч байж болно”, “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлгээр нийгмийн ой санамжид гэгээн мөр үлдээсэн нэрт сэтгүүлч байлаа.
Ш.Гүрбазар нь Монголын орчин үеийн уран зохиолын наяад оны гол төлөөлөгчдийн нэгэн юм. Түүний уран бүтээлийн үндсэн сэдэв нь Монголын бахархал, уран сайхны эрэл нь талын монгол сэтгэлгээ байсан юм. Тиймээс Монголын дууны яруу найрагт шинэчлэл хийж нийтийн болон рок поп дууны ертөнцөд өөрийн дэг сургуулийг бий болгосон билээ.
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазарын цэц мэргэн найраг, цэгцэрсэн ухаан, их говийн сэтгэлгээ, өв соёлын уламжлал, тууштай зан чанар, эгэл даруу дүр төрх, үйл хэрэг, бүтээл туурвил нь Монголын ард түмний зүрх сэтгэл, нийгмийн ой санамжид үүрд мөнх орших болно.
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

