Либерализмын бодит төрхтэй танилц: Цуврал №3
-Төсвийн цоорхой нөхөх нэрээр төрийн өмчийг үнэгүйдүүлэх вий-
Их хувьчлалын шинэ давалгаа айсуй. 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтад 15 компани багтсан. Эдгээрийн олонх нь стратегийн ач холбогдол бүхий салбарынх гэдгээрээ анхаарал татаж буй. Тухайлбал, монголчуудын эрчим хүчний хэрэгцээг хангаж буй дулааны цахилгаан станцууд болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийг хэсэгчлэн хувьчилснаар юу болох вэ? Цахилгаан, дулааны үнэ тэнгэрт хадах юм биш биз гэх асуулт иргэдийн санааг зовооно.
Харин эрх баригчдын толгойг шал өөр асуудал гашилгах аж. Энэ жил өмч хувьчлалаас түүхэнд байгаагүй их хэмжээний буюу 181 тэрбум төгрөгийн орлого олохоор төсөвлөчихсөн шүү дээ. Гэтэл эхний хагас жилд ердөө гурван тэрбум төгрөг л төвлөрүүлжээ. Өмч хувьчлалын асуудал элдвийн маргаан дагуулснаас ажил саатаж, төсөвт том гэгч цоорхой үүссэн нь энэ.
Нэг талаас, Монгол Улсад өмнө нь өрнөсөн их хувьчлалын үр дүнд цөөн хүн л хожиж, эдийн засаг бүхэлдээ хохирч үлдсэн учраас хэл ам гарах нь аргагүй. Нөгөө талаас, хямрал ойртож, төсөв хэцүүдсэн энэ үед төрийн өмчит компаниудыг яаран хувьчилснаар үнэ цэнийг нь алдагдуулах вий гэх болгоомжлол ч бий.
“Fortune” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Global 500” жагсаалтыг хар даа. Орлогоороо дэлхийд тэргүүлэх 500 компанийн эгнээнд Хятадын 98 аж ахуйн нэгж багтсанаар АНУ-ын дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Үүнийг өмнөх жилүүдийн жагсаалттай харьцуулж үзвэл урд хөрш хэчнээн хурдтай ахиж явааг мэдэж болно. 2010 онд “Global 500”-д Хятадын 46 компани байсан бол 2000 онд ердөө 10 л багтаж байж. Тэд АНУ болон бусад улсын “акул”-уудыг жагсаалтаас шахан гаргаж байна.
Сонирхолтой нь, дээрх 98 компанийн ердөө 22 нь хувийн, бусад нь төрийн өмчит аж ахуйн нэгж байгаа юм. Тэр дундаа Хятадын топ 12 компани бүгд төрийн мэдлийнх бөгөөд асар их хэмжээний ашигтай ажилладаг болохыг графикаас харна уу. Ийм байхад төр “муу менежер” хэмээн зүтгэсээр байх уу? Урд хөршийн ICBC банк л гэхэд өнгөрсөн онд 45 тэрбум ам.долларын (манай нийт эдийн засгийг дөрөв нугалсантай тэнцэх хэмжээний) ашигтай ажилласан байна шүү дээ.
"Global 500" жагсаалтад багтсан Хятадын төрийн өмчит 12 компанийн ашиг (2014 онд)
Төр “муу менежер” гэх ойлголт либерализмын эринд Монголд төдийгүй дэлхийд газар авах болсон. Төрийн бизнес үргэлж авлига, шахааны наймаа зэрэг муу муухай бүхний уурхай болж, тиймээс л байнгын алдагдалтай ажилладаг тухай либерал эдийн засагчид номлодог.
Үүний үр дүнд сүүлийн 20-30 жилд дэлхий даяар их хувьчлал өрнөсөн. Гэвч хувьчлаад л бүх зүйл сайхан болчихдоггүйг хүн бүр сайтар ойлгож авав.
Төр “муу менежер” гэх ойлголт либерализмын эринд Монголд төдийгүй дэлхийд газар авах болсон.
Санхүүгийн зах зээл, тэр дундаа хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн нөхцөлд л хувийн хэвшлийнхэн амжилттай ажиллах боломжтойг Харвардын Бизнесийн сургуулийн профессор Альдо Мусаккио онцлоод, хөгжиж буй орнуудын хувьд ийм боломж хомс болохыг тайлбарлажээ.
Тиймээс Хятад, Орос, Бразил зэрэг улсын томоохон компаниудын амжилтын ард төр нь зогсож байдгийг гайхах зүйлгүй. Харин төрөөс хэрхэн оролцох вэ гэдэгт л гол асуудал орших аж.
Аливаа компанийг татаас, хөнгөлөлттэй зээл мэтээр дэмжиж байснаас Засгийн газар нь шууд хөрөнгө оруулж, хувь эзэмших нь хавьгүй үр дүнтэй байдгийг Альдо Мусаккиогийн хийсэн судалгаа харуулжээ. БНХАУ-ын эрх баригчид үүнийг хэдийнэ олж мэдчихээд л төрийн өмчит компаниудаа улам томруулж, улам хүчирхэгжүүлж буй хэрэг.
Тэгэхээр, төрийн өмчит компаниуд заавал алдагдалтай ажиллах албагүй, ашиг ч олж болдгийг бид харж байна. Үүний зэрэгцээ, “төрийн ачааг хөнгөлөх” шалтгаанаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хувьчлах нь сайн гэхээсээ илүү саар үр дагавартайг бидний туулсан зам гэрчилсэн шүү дээ. Чөлөөт зах зээлд шилжиж байгаа нь энэ гээд 50 жилийн турш бүтээн байгуулсан аж үйлдвэрлэлээ тав хүрэхгүй жилд сөнөөсөн улс, бид. Эргээд бий болгох ажлыг хувийн хэвшлийнхэнд итгэл үзүүлэн даалгаад, 20 гаруй жил хүлээсэн ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Өнөөдөр бид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ талаас илүүг импортолж буй.
Монголчууд 1990-ээд онд их хувьчлал өрнүүлснээр аж үйлдвэрлэлээ устгасан тухай Колумбын их сургуулийн Терри МакКинлэй бичээд, энэ нь тэгш бус байдал, ядуурлыг бий болгосон тухай онцолжээ. 1990 онд Монголын ДНБ-ий 30 хувийг аж үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байсан нь 2001 он гэхэд 17 хувь болж буурсан тухай тэрбээр тэмдэглэсэн байна. Тийм ээ, ЗХУ болон бусад соц орны тусламжтайгаар бий болгосон олон зуун үйлдвэрээ хувьчлах нэрээр үгүй хийсэн. Харин тэдгээр үйлдвэрийн мэргэжилтнүүд гудамжинд гарч, ажилгүйдэл, ядуурал гаарсан билээ.
1980-аад онд монголчуудын хувьд хол ойлголт байсан ядуурлын төвшин 1995 он гэхэд 36 хувьд хүрч огцом өссөн тухай Манчестерийн их сургуулийн Фредерик Никсон, Бернард Волтерс нар “Хувьчлал, орлогын хуваарилалт ба ядуурал: Монголын туршлага” судалгааны ажилдаа онцолжээ. ЗХУ, Герман, Чех, Унгар, Болгарт нарийн мэргэжил эзэмшсэн залуусын зарим нь наймаа хийж, зарим нь “Өвгөнтийн хөндий”-н архичин болохыг бид нүдээрээ үзсэн. Шилжилтийн үед Монголын аж үйлдвэрлэл устаж алга болж байхад ганц архины үйлдвэрлэл л өссөөр байсан тухай Норвегийн эдийн засагч Эрик Рейнарт ёжлон ярьж байсан гэдэг. Хатуу ч гэсэн үнэн үг.
Харин манай эрх баригчид энэ бүхнийг дурсах дургүй.
Орон сууц, малыг хувьчилснаар иргэд хожсон тухай сануулж, онгирох л дуртай. Гэвч бодит байдал дээр орон сууцны хувьчлалаас 10 хүн тутмын хоёр нь л хожсоныг Фредерик Никсон, Бернард Волтерс нар онцолсон байна. Мөн малыг малчдад хувьчилснаар тоо, толгой нь өссөн боловч энэ нь байгаль орчныг бохирдуулснаас цаашгүй. Наад зах нь, махан бүтээгдэхүүнээ ч дотооддоо боловсруулаад хэрэглэчихэж чадалгүй олон жил болсон шүү дээ.
Үүний зэрэгцээ, 1990-ээд оны эхээр улсын үйлдвэрийн 500 орчим газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, хувьцааг нь иргэдэд “цэнхэр, ягаан тасалбар” болгон тараасан нь ч бүтэлгүйтсэн. Учир нь, тухайн үед учир мэдэх цөөн хүн иргэдийн хувьцааг үнэгүйдүүлэн авч, завшсан байдаг. Үүний үр дүнд өнөөдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ихэнх нь “гэр бүлийн”, “үхмэл” тодотголтой болсон билээ. Манайд хөрөнгийн зах зээл хөгжиж өгдөггүйн гол шалтгаан энэ юм.
Төрийн өмчийг хувьчилж болно. Гэхдээ алдагдалтай биш, ашигтай ажиллаж байх үед нь л үнэд хүргэж чадах нь ойлгомжтой. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газар 1968 онд Поханы төмөр, гангийн үйлдвэр буюу POSCO-г байгуулж, 1990-ээд оноос дэлхийн тэргүүний гангийн компаниудын нэг болсных нь дараа л хувьчилсан тухай энэхүү цувралын өмнөх нийтлэлд бичсэн билээ.
Харин бид алдагдалтай ажиллаж буй компаниудаа төсвийн цоорхой нөхөхийн тулд л хувьчлах гээд байгаа нь зохимжгүй хэрэг. Тодруулбал, Төрийн өмчийн хороо өөрийн мэдэлд үлдсэн 88 аж ахуйн нэгжийг “хувьчлахгүй,” “хувьчилж болох”, “хувьчлах” гэж гурав ангилсан гэдэг. “Хувьчлахгүй” жагсаалтад эрчим хүч, уул уурхайн 18 компанийг оруулсан бол, “хувьчилж болох” жагсаалтад 48 компани багтжээ. Тэгвэл “хувьчлах” жагсаалтад орсон 22 компани нийт 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухай Төрийн өмчийн хорооноос мэдээлж байсан юм.
Дашрамд дурдахад, ОХУ ч мөн адил төрийн өмчит компаниудаа хувьчилж, багаар бодоход нэг их наяд рубль олох тооцоо гаргасан байв. Гэвч эдийн засгийн байдал хэцүүдсэний улмаас энэ төлөвлөгөөгөө хойш тавьжээ. Одоо тэд төрийн өмчит компаниудаа аль болох ашигтай ажиллуулахыг л чухалчилж байгаа юм. Ганц жишээ татахад, “Почта России” өнгөрсөн жил орлогоо 4.4 хувиар өсгөж, 140.3 тэрбум рубльд хүргэсэн байдаг. Өмнө нь алдагдал хүлээж байсан тус компанийг 1.2 тэрбум рублийн ашигтай ажиллуулж чадсан Дмитрий Страшновыг оросууд ёстой л од болгож байгаа юм.
Эдүгээ “Почта России” банкны салбарт хүчээ сорих төлөвлөгөөтэй байгааг төрөөс нь нэлээд дэмжиж буй ажээ. Энд тус компаниар жишээ татсан нь учиртай. “Монгол шуудан” компанийн захирал Ц.Батсайханыг өнгөрсөн хавар ажлаас нь халж, оронд нь өөр хүн томилоход ажилчид нь Төрийн өмчийн хорооны гаднах талбайд жагсаж байлаа. Учир нь, Ц.Батсайхан үнэхээр сайн менежер байсан бөгөөд өчнөөн жил алдагдал хүлээсэн компанийг ашигтай ажиллуулсан төдийгүй ажилчдынхаа цалинг нэмсэн гэж байв. Ялгаа байгаа биз? Орост бол сайн менежерээ алдаршуулж, шинэ санаа, санаачилгыг нь дэмжиж байна. Монголд бол халаад л, компанийг нь хувьчлах жагсаалтад оруулаад л гүйцээ. Ийм байхад төрийн өмчит аж ахуйн нэгжүүд яаж ашигтай ажиллах билээ.
Төрийн өмчит компаниудын удирдлагыг улс төрийн сонирхлоор томилдог үе ард хоцорсон тухай профессор Альдо Мусаккио хэлээд, “Тэдгээрийн заримыг хувийн компаниудаас ялгахад хэцүү болсон” гэснийг “Forbes” сэтгүүл эш татжээ. Одоо цагийн төрийн өмчит компаниуд засаглал сайтай, зохих ёсны ТУЗ-тай, заримдаа бүр хөндлөнгийн менежментийн багтай байдаг. Тэр ч бүү хэл хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжих нь элбэг болоод байна. Тиймээс ч хөгжиж буй орнуудын төрийн өмчит компаниудыг өмнөх шигээ дорд үзэж болохгүйг Альдо Мусаккио сануулжээ. “Тэд зах зээлийн хуулийг хэдийнэ мэддэг болсон” хэмээн тэрбээр онцолсон байна.
Эцэст нь, төр “муу менежер” гэх улиг болсон ойлголт шал худлаа байжээ. Төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах өчнөөн боломж байдгийг эдийн засагчид бичиж байна. Гэтэл бид төрийн мэдэлд үлдсэн цөөн хэдэн аж ахуйн нэгжээ ад үзсээр байх хэрэг үү?
Үргэлжлэлийг маргааш хүлээн авна уу
Даваашаравын Мөнхчимэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!