Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цуврал №2: УХААЛАГ ТӨРИЙН ЭРЭЛД

Д.Мөнхчимэг
2015 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Либерализмын бодит төрхтэй танилц: Цуврал №2

УХААЛАГ ТӨРИЙН ЭРЭЛД

-Чинээлэг орнуудын түүхийг том, хүчирхэг, бас ухаалаг төр нь бүтээжээ-

Та төрөөс юу хүсэж байна вэ? Энэ асуултад Монголын бизнес эрхлэгчдийн олонх нь “Бүү саад бол” гэж хариулсан тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээх илтгэлийнхээ үеэр хэлж байлаа. Яг ийм явдал XVII зууны сүүлчээр Францад тохиож байсан юм. Тус улсын Сангийн сайд Жан-Батист Колбэрт хэсэг бизнесмэнээс ямар тусламж хэрэгтэй байгааг асуухад нэг нь “Laissez nous faire” буюу “Биднийг зүгээр л орхичих” хэмээн хариулсан гэдэг.

Төр эдийн засгийн үйл хэрэгт хөндлөнгөөс үл оролцох тухай “Laissez Faire” онолоор бол чөлөөт худалдаа, бага татвар, бага зохицуулалт байж гэмээнэ эрүүл, чийрэг зах зээл бий болох учиртай.

Монгол Улсад либерализм ноёрхсон энэ 20 гаруй жилд бидэнд “Төр зөвхөн шударга ёс тогтоох, хувийн өмчийг хамгаалах үүрэгтэй бөгөөд илүү юманд хошуу, хуруу дүрэлгүй сууж байх ёстой. Төр цомхон бүтэцтэй, зардал багатай байх хэрэгтэй” хэмээн сургаж ирсэн.

Бид ч үүнд итгэж, төрийг ад үзэх болсон хэрнээ нэг зүйлд ер анхаарал хандуулалгүй өдий хүрчээ. Энэ онол бодит амьдрал дээр хэрэгждэг үү, үгүй юү?

Том төр муу биш, харин ч сайн

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тодорхойлсноор, төсвийн зардал ДНБ-ий 30 хувиас бага байвал “хэвийн”, харин түүнээс их бол “хэвийн бус” гэж үзнэ. Уг үзүүлэлт ДНБ-ий 40 хувиас хэтэрвэл төр маань үрэлгэн, бас том болсны шинж. Манай энэ жилийн төсвийн зардал ДНБ-ий 32.7 хувьд хүрсэн нь байдал “хэвийн бус” байгааг анхааруулж байна. Либерализмын онолын дагуу бид төсвийн зардлыг яаралтай танаж, Засгийн газрыг “байранд нь тавих” учиртай.

Үүнийг ч Дэлхийн банк, Олон улсын валютын сан (ОУВС) байнга сануулж, шаардаж ирсэн шүү дээ. Сонирхолтой нь, ОУВС-гийн хамгийн том хувь эзэмшигч болох АНУ-д энэ үзүүлэлт 36 хувь (санхүүгийн хямралын үеэр бүр 40 хувьд хүрсэн), Японд 42 хувиас давсан байдаг аж. “Чинээлэг орнуудын клуб” гэдгээрээ олны танил Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүдийн дунд төсвийн зардал нь ДНБ-ийхээ 30 хувиас бага ганц ч улс байхгүйг графикаас харна уу.

Бидний мэдэх тодорхойлолтоор бол, баян орнууд бүгдээрээ “хэвийн бус” бөгөөд “хэт том, үрэлгэн” төртэй болж таарах нь. 

Либерализмын онолын дагуу бид төсвийн зардлыг яаралтай танаж, Засгийн газрыг “байранд нь тавих” учиртай.

Төр том, төсвийн зардал их байснаар иргэд халамжаар “угжуулж”, залхуу болдог гэх ойлголт бий. Ийм улсын бүтээмж буурч, эдийн засгийн өсөлт саардаг бөгөөд дампууралд ч хүрэх талтайг либерал эдийн засагчид сануулдаг. Өнөөдөр Грек өрөө төлж чадахгүй, хэцүү байдалд орсон нь тэдний хувьд онолоо зөвтгөх сайхан шалтаг болж байна.

“Тээр, харж байна уу? Том төртэй байхаар ийм л үр дүнд хүрдэг юм” гээд л... Харин Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц энэ тал дээр шал өөр тайлбар хийдэг. Төсвийн зардал, өр, төлбөртөө хяналт тавьж чадаагүй нь Грекийн алдаа мөн боловч энэ бүхэн дампуурлын ирмэгт ирснийх нь гол шалтгаан биш аж.

Тус улс ОУВС, Евро комисс, Европын холбоо гэх “Гурвал”-аас зээл авч, тэдний шаардлагын дагуу “хэмнэлтийн горим”-д шилжсэн нь ийм байдал руу түлхжээ.

ОУВС-гийн бичиж өгсөн жороор “эмчилгээ хийх” дөрвөн жилд Грекийн ДНБ 22 хувиар унасан бол ажилгүйдлийн төвшин 25, ядуурлын төвшин 40.5 хувьд хүрсэн байдаг. Харин улсын өр нь 2009 онд ДНБ-ийхээ 113 хувьтай тэнцэж байсан нь одоо 180 хувьд дөхөж очжээ. Өнөөдөр Грек хүнд байдалд орсны буруутан нь үнэхээр л том төр юм бол ЭЗХАХБ-ын бүх гишүүн дампуурах учиртай шүү дээ.

Тэр тусмаа төсвийн зардал нь ДНБ-ийхээ 60 хувьд дөхөж очсон, бидний хэлдгээр “халамжийн төр”-тэй Дани хамгийн түрүүнд жагсаалтаас гарах ёстой. Гэтэл энэ улс дампуурах нь битгий хэл гялалзсаар байна. Хүний хөгжил, өрсөлдөх чадвар, аз жаргалын индексээр дэлхийд толгой цохих Данийн иргэд нэг хүнд ногдох орлогын хэмжээгээр ч  тэргүүлдэг. Энэ бүхнээс үзэхэд, том төр иргэдийг залхуу болгож, эдийн засгийг балладаг гэх номлол худлаа байжээ. 

ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын 1990 оноос хойших эдийн засгийн өсөлтийг авч үзэхэд том төртэй байх тусмаа илүү хурдан хөгжсөн болохыг Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан бичсэн байх юм. Тухайлбал, 1990-2008 онд ДНБ-ий өсөлтөөрөө “Чинээлэг орнуудын клуб”-тээ тэргүүлсэн Финланд, Норвеги хоёул асар том халамжийн тогтолцоотой гэдгийг тэрбээр тэмдэглэжээ.

Графикийн тайлбар: ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын төсвийн зардал, ДНБ-д эзлэх хувиар, 2013 оны байдлаар

Төр зах зээлд бага оролцох тусам бизнес идэвхжиж, эдийн засаг өсдөг гэдэг ч шал худлаа. АНУ-ын төсвийн зардлын ДНБ-д эзлэх хэмжээ огцом нэмэгдсэн жилүүдэд л тус улс хамгийн хурдтай өсөж, хамгийн ихээр баяжиж байсан юм. Харин 1970-аад онд либерализмын эрин эхэлснээр төр нь томрохоо байж, эдийн засгийн өсөлт нь ч саарч эхэлсэн аж.   

“Laissez Faire” Монголд тохирохгүй

Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа нурааж, чөлөөт зах зээлд шилжихдээ “төлөвлөгөө зохиох хэрэггүй юм байна” гэх ойлголттой болсон.

Төр эдийн засагт оролцох ёсгүй, юунд ч санаа зовох шаардлагагүй, “үл үзэгдэгч гар” бүхнийг зохицуулчихна гэх номлол Монголын эрх баригчдад туйлын их таалагдаж, амарчлах, бэлэнчлэх сэтгэлгээг нь өдөөжээ.

Дэлхийн II дайны үед АНУ, Англи, Герман зэрэг капиталист улс бүх зүйлийг нарийн төлөвлөж байжээ.

Гараа хумхиад сууж байхад л чөлөөт зах зээл өөрөө ажиллаад, ид шидийн мэт сайхан үр дүнд хүргэнэ гэхээр хэн баярлахгүй байх билээ? “Импортын, хөдөлмөрийн болон үнийн хязгаарлалтыг устгаснаар бага үнэ, ажлын өндөр хөлс, илүү сайн бүтээгдэхүүн бий болж, улмаар бүх нийтийн хөгжил цэцэглэлийн дээд түвшинд хүрнэ” гэх Адам Смитийн хорхой хүргэм номлол хэнд таалагдахгүй гэж? Харамсалтай нь, тийм биш болох нь батлагдсан бөгөөд чөлөөт зах зээлээр хөгжил, цэцэглэлд хүрсэн нэг ч орон байхгүйг энэхүү цувралын өмнөх нийтлэлд бичсэн билээ. Хөгжилд хүрсэн бүх улсын түүхийг төрийн ухаалаг бодлого, төлөвлөгөө, оролцоо нь бүтээсэн байдаг.   

Дэлхийн II дайны үед АНУ, Англи, Герман зэрэг капиталист улс бүх зүйлийг нарийн төлөвлөж байжээ. Эдгээр улсын Засгийн газар стратегийн зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажилласан байна. Энэ хүрээнд аж үйлдвэрлэлээ хамгаалах зохицуулалт (импортын хориг, өндөр тариф г.м.), бизнесийг дэмжих бодлого (татаас, хөнгөлөлттэй зээл, монополийн эрх г.м.) зэргээр төр нь хувийн хэвшлээ дэмжиж байв.

“Индикатив төлөвлөлт” гэх энэ технологийг амжилттай хэрэгжүүлснээр Европын орнууд, тэр дундаа Франц ч амжилтад хүрсэн тухай Ха Жу Чан бичжээ. Тус улс 1950-1960-аад онд хөрөнгө оруулалт болон технологийн инновацийг индикатив төлөвлөлтийн дагуу хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтөө хурдасгасан аж. Үр дүнд нь Францын бизнесмэн “Биднийг зүгээр л орхичих” хэмээх алдарт үгээ хэлж байх үед улс нь эдийн засгаараа Английн дараа буюу Европтоо хоёрдугаарт бичигдэж байлаа.

Харин Монгол шиг юунд ч хүрч чадаагүй, “нүцгэн” орны хувьд “Laissez Faire” гээд сууж байх нь зохимжгүй. Бидэнд төрийн оролцоо, бүр хэт их оролцоо ч хэрэгтэй байж мэднэ. Бид үнэхээр л Азийн дараагийн бар болно гэж байгаа бол тэдний туршлагаас суралцах ёстой. Асар богино хугацаанд асар их хөгжсөн Сингапур, БНСУ, Тайвань, Хонг Конгийн эрх баригчид гараа хумхиад суусан бол өдийд Азийн барууд гэж нэр ч гарч ирэхгүй байсан биз ээ. 

Төр “муу менежер” биш

Төрд ухаалаг бизнес эрхлэгчид байдаггүй учраас төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг хэмээн либерал эдийн засагчид тайлбарладаг. Мөн төрийн бизнес үргэлж авлига, шахааны наймаа зэрэг муу муухай бүхэнд автагдаж, идэгддэг гэнэ. Үнэхээр төр “муу менежер” учраас дандаа бүтэлгүйтдэг гэж үү? Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн алдаа гаргаж, шившигтэйгээр дампуурсан түүх төрд ч, хувийн хэвшилд ч байдаг билээ. Гэтэл либерал эдийн засагчид төрийн ганц ч алдааг гээлгүй шүүмжилдэг хэрнээ амжилтыг нь огт дурсдаггүй нь сонин. 

1965 онд Өмнөд Солонгос дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байхдаа төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барих том төлөвлөгөө боловсруулжээ. Төмрийн хүдэр, коксжих нүүрсний ч нөөцгүй, мөнгө ч үгүй улсын энэ том амбийц хөгжингүй орнуудын инээдийг хүргэж байлаа.

Гэтэл БНСУ-ын Засгийн газар 1968 онд Поханы төмөр, гангийн үйлдвэр буюу POSCO-г төрийн өмчит компани хэлбэрээр байгуулж, бизнесийн ямар ч туршлагагүй Тае Жун Пак генералаар удирдуулснаар хөрөнгө оруулагчдын элэг доог болсон байна.

Дэлхийн банк үүнийг хүн төрөлхтний түүхэн дэх бизнесийн хамгийн муу төсөл гэж дүгнэсэн учраас ганц ч хөрөнгө оруулагч олдоогүй тухай Ха Жу Чан “Капитализмын тухай Танд хэлдэггүй 23 зүйл” номдоо бичжээ. Гэсэн ч солонгосчууд бууж өгөөгүйгээр барамгүй 1973 онд үйлдвэрлэлийг нь эхлүүлж, 1990-ээд оноос дэлхийн тэргүүний гангийн компаниудын нэг болсных нь дараа л хувьчилсан байна.

Эдүгээ POSCO үндэстэн дамнасан корпораци бөгөөд салбартаа дөрөвдүгээрт жагсаж буй. БНСУ-ын Засгийн газар ийнхүү эдийн засагтаа шууд оролцохын зэрэгцээ бизнес эрхлэгчдийнхээ алхам бүрийг зааж байв. Тэгэхдээ мөн л худалдааны хамгаалалт, татаас зэргээр дэмжиж байсны үр дүнд өнөөгийн LG, “Hyundai” зэрэг том компани төрсөн түүхтэй. Солонгосчууд ийм стратегийг Японоос суралцсан бөгөөд Тайвань, Сингапур ч энэ замаар хөгжилд хүрсэн билээ. 

Төрийн өмчит компаниудыг өөлөх, гоочлох үйл ажиллагаа манайд тун идэвхтэй өрнөдөг. 

Төрийн өмчит компаниудыг өөлөх, гоочлох үйл ажиллагаа манайд тун идэвхтэй өрнөдөг. “Эрдэнэт”-ийн шахааны бизнес, улстөрийн томилгоо байнга л сенсаац дэгдээдэг шүү дээ. Асар их хэл аманд өртдөг энэ үйлдвэр маань Монгол Улсын хамгийн том татвар төлөгч байсаар ирсэн. “Төр муу менежер” гэх тайлбар төрийн өмчийг хувьчлах хамгийн сайхан шалтаг болдог. “Энэ нь манай улс төрийн болоод эдийн засгийн бүтцийг задалж, төр төвтэй тогтолцоог нураах зорилготой хар технологи” хэмээн эдийн засагч Х.Батсуурь “Төр муу менежер хэмээх хар технологи Монголд нутагшсан нь” нийтлэлдээ тайлбарласан байна.

Чөлөөт зах зээлд шилжиж байгаа нь энэ гээд төрийн өмчит мянга гаруй аж ахуйн нэгжийг хувьчилж, ихэнхийг нь дампууруулсан. Харин одоо Төрийн өмчийн хорооны мэдэлд үлдсэн 88 компанийн олонх нь (ялангуяа эрчим хүчний компаниуд) алдагдалтай ажиллаж байгаа учраас мөн л “хувьчлах” жагсаалтад багтчихаад байна. Төр ийнхүү “ачаагаа хөнгөлөх” нэрээр өмчөө үнэгүйдүүлж, юу ч үгүй хоцрох вий гэх болгоомжлол эндээс төрж байгаа юм.  

 
 

Үргэлжлэлийг маргааш хүлээн авна уу

 

 

Өгүүллийг

Даваашаравын Мөнхчимэг