Шри Ланка улсын Буддын шашны томоохон зүтгэлтэн хүүхэд хүчиндсэн хэргээр баривчлагджээ
Шри Ланка улсын хууль хүчний байгууллага тус улсын Буддын шашны хамгийн өндөр албан тушаалтнуудын нэгийг 15 настай охин хүчиндсэн хэргийн сэжигтнээр баривчилжээ.
Баривчлагдсан Паллегама Хемаратхана нь тус улс дахь Буддын шашны найман ариун газрын тэргүүн хамба буюу хамгаалагчийн алба хашдаг хүн юм. Энэ алба нь улсдаа төдийгүй нийт Буддын ертөнцийн өндөр зэрэг мяндагт тооцогддог.
Түүнийг Шри Ланкын хүүхэд хамгаалах байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу баривчилсан юм байна. Өмнө нь тус байгууллагаас өргөдөл гаргахад цагдаагийн байгууллага хэрэгсээгүй өнгөрч байжээ.
Одоогоор Паллегама Хемаратхана болон түүний төлөөний хүмүүс ямар нэг тайлбар өгөөгүй байна. Ламтны шүүх хурал өнөөдөр буюу Мягмар гарагт болох ажээ.
Хохирогчийн ээжийг мөн хүчирхийлэлд тусалсан, өдөөн хатгасан хэргээр баривчилсан байна.
Бямба гарагт Паллегама ламтныг нийслэл Коломбо хотын нэг хувийн эмнэлэгт эмчлүүлж байхад нь баривчилжээ. Шүүгч түүнийг шоронгийн эмнэлэгт шилжүүлэх шийдвэр гаргасан юм байна.
Бас оргон зайлахаас сэргийлж, хилийн хориг тавих хүсэлтийг Шри Ланкын цагаачлалын албанд гаргажээ.
Буддын шашны нөлөө Шри Ланкын улс төр, нийгмийн амьдралд маш хүчтэй байдаг тул ийм өндөр зэрэг мяндагтай ламыг гэмт хэрэгт холбогдуулан баривчилсан нь маш ховор үйл явдалд тооцогдож байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
