ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ДОЛГИОНТ ГИШҮҮНЭ хүнсний ургамлын тухай

МОНСУДАР
2015 оны 9 сарын 16
iKon.MN

Захаараа үрчгэр атираа бүхий 30 см урт том далбагар цөөн навчтай, 30-150 см өндөр хийгээд 4 см бүдүүн, жижиг бэрсүү үе бүхий гадаргуутай хөндий шулуун иштэй, 50-80 см урт бөгөөд 20 см бүдүүн,  7 кг орчим жинтэй хар хүрэн хайрст бүдүүн бахим салаархаг үндэстэй олон наст ургамлыг долгионт гишүүнэ гэнэ.

Ишний дээд хэсгийн навчис нь жижигхэн, ишнээс бариулгүйгээр гардаг бол доод хэсгийн навчис нь бэрсүүтсэн урт бариултай. Улбар ногоондуу, заримдаа цайвар шаргал жижиг цэцэгс нь ишний оройд урт залаа баг болон багсайдаг. Цэцэг нь гүвэгдсэний дараа дундуураа судалтай, гялгар хүрэн өнгийн далавчтай хүрэн өнгийн гурвалжин үр гардаг.

Гишүүнийг зарим нутагт цоор, цооргоно, айраг гэх зэргээр нэрлэдэг бөгөөд төрөл зүйлийн хувьд нягт гишүүнэ, Алтайн гишүүнэ, долгионт гишүүнэ гэж ангилна. 

 

Шим тэжээл: Навч, бариул нь 2.5% чихэр, 3.5% алим, хурган чих, нимбэгийн хүчил, 6.3% хүртэл аргаах бодис, 5% тос, С аминдэм, кали, кальци, магни, фосфор зэрэг эрдэс давс, үндэс нь 10-11% аргаах бодис, цардуул, эслэг, гликозидын нэгдэл, харин үр жимс нь С, К аминдэм, каротин агуулдаг.

Ургах орчин: Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Говь-Алтайн уулс, тэдгээрийн хоорондын хээр, уулын хэжлүүр ташлан, хад чулуутай энгэр, тарваганы дош, айлын бууц, гуу жалга, голын татмын сайр, эргийн чийглэг нуга, сөөгөн ширэнгэн дунд ургана.

Долгионт гишүүнийг цэцэглэхээс өмнө болон цэцэглэж буй үед /6-7 дугаар сард/ залуу навчны бариул буюу шилбийг түүдэг. Мөн хөгширсөн буюу таваас дээш жил ургасан гишүүний үндсийг намар 9 дүгээр сараас эхлэн төмөр царил, хүрзээр ухаж авна.

Элс, шороог арилгасны дараа хүйтэн усаар угааж, ишний үлдэгдэл, ялзарсан хэсэг, хатуу хальсыг ялгаж цэвэрлээд, 10 см урт хэсгүүд болгон хэрчинэ. Бүдүүн үндсийг голоор нь зүсдэг. Дараа нь нар, салхинд 10-15 хоног сэврээж, хатаадаг. Хатаасан үндсийг уут, саванд уудалж, харанхуй орчинд хадгалдаг.

 

Хэрэглээ: Гишүүнийг хүнсэнд өргөн хэрэглэдэг. Тухайлбал, гишүүнийг хярж жижиглээд, аарцтай сайтар хольж зуураад, ааруул тавьдаг. Үүгээрээ шөлтэй хоол амталдаг. Мөн шинэ өрөмтэй хольж нухаж хэрэглэнэ.

Бас гишүүний залуу навчны шилбээр чанамал бэлтгэдэг. Үүний тулд навчны шилбийг 2 хуруу хэрийн урттай хэрчиж, буцламгай усанд хэдэн хором буцалгаад гаргаж, хүйтэн усаар сойж хөргөнө.

Дараа нь шилбийг шүүж аваад, элсэн чихрийн өтгөн уусмал нэмж, зөөлөн гал дээр ганц хоёр хором буцалган гаргаж, хагас өдөр тавьж бэлтгэнэ.

Ач холбогдол: Гишүүний үндэс нь аргаах, үрэвсэл эсэргүүцэх, шархны эдгэрлийг түргэсгэх, цөс ялгарлыг ихэсгэх, нян устгах үйлчилгээтэй. Үндэс, хандыг нь бага хэмжээгээр хэрэглэхэд ходоод гэдэсний салст бүрхүүлийг цочроож, агшилтын болон шүүрлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, улмаар хоол боловсруулалтыг сайжруулдаг.

Дунд хэмжээгээр хэрэглэхэд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удаашран, туулгахыг зогсоож, үрэвсэл намжина. Харин их хэмжээгээр хэрэглэвэл гэдэсний салст бүрхэвчийг хүчтэй цочроож, гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж туулгадаг. Мөн идээтэй хийгээд идээгүй шархыг үндэсний хандаар угааж шавшин илааршуулдаг. 

Эх сурвалж: МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ II БОТЬ-ИДЭЭ УНДААНЫ ТОЛЬ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ankhaa [122.201.31.150] 2024/7/3
Sahartay hvn uuhad saahar n usdug vv
0 | 0 Хариулах
Монгол [66.181.187.154] 2024/4/4
Үндсийг нь түүгээд байхаар хойч үед минь үлдэхгүй дээ
0 | 0 Хариулах
Зочин [162.226.176.120] 2015/9/16
zugeer tuuj avaal zajilaad idchdegshdee lol manai lagert zunduul urgadagshd
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.242] 2015/9/16
Юу нь 7кг болдог юм бол?
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.4] 2017/12/10
Харин юу нь юм бол би ойлгхгүй бнаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2018/8/30
Үндэс нь
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.55] 2020/7/26
Bagtsaaraa urgadag undes ni bas nileen jintei bolohoor tegsen bhldaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.73] 2020/10/9
Модны үндэс шиг газрын хөрсөн доогуураа ургасан байдаг юм бн нэлээн бүдүүн.бөөрнд сн гээд хатаагаад хандалж ууж бн зөв юм болууда
0 | 2 Хариулах
зочин [202.9.40.145] 2023/7/3
бор өнгөтэй газар доогуураа байдаг бх
0 | 0 Хариулах