УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн эргэн тойронд эсрэг тэсрэг байр сууриуд хүчтэй өрнөж буй энэ үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
Тэдгээрийг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Болд:
-УИХ-ын төвшинд урт удаан хугацаанд ярьсны эцэст Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Энэ УИХ бүрэлдсэнээс хойш эрхзүйн шинэчлэлийн гол гол хулиуд шинэчлэгдэж, үүний хүрээнд гэмт хэргийг авч үзэх тогтолцоо өөрөө өөрчлөгдөж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Энэхүү эрхзүйн тогтолцооны шинэчлэлийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль юм. Бид эрхзүйн тогтолцоогоо шинэчлээд явахтай зэрэгцүүлээд өнөөдөр үүсчихээд байгаа орчноо ч өөрчлөх ёстой. Ийм учраас Өршөөлийн тухай хуулийг баталсан.
Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшх 25 жилийн хугацаанд төр зургаа дахь удаагаа өршөөлийн хууль гаргаж буй нь энэ.
Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшх 25 жилийн хугацаанд төр зургаа дахь удаагаа өршөөлийн хууль гаргаж буй нь энэ.
Өршөөлөөр ял чөлөөлөгдсөн хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлнэ гэх шүүмжлэл байдаг. Гэтэл статистикаас харвал өршөөлд хамрагдан ялаас чөлөөлөгдсөн иргэдийн 94 хувь нь дахин ямар ч асуудал гаргахгүй нийгэмтэйгээ хөл нийлүүлээд явдаг юм байна.
-Энэ удаагийн Өршөөл үзүүлэх хуультай холбоотой нэг ойлголт иргэдийн дунд бий болоод байгаа нь авлига, албан тушаалын хэргүүдийг хэрэгсэхгүй болгож байгаа явдал. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ хуулийг батлан гаргах талаар УИХ-д суудалтай бүх нам, хүчнүүд санал нэгдэж байж эцсийн шийдэлд хүрсэн. Хэн нэг хүнд зориулсан хууль огт биш.
Монгол Улс ардчилсан сонгуулиар ард иргэд нь өөрсдөө эрх барих дээд байгууллагаа сонгодог болсны 25 жилийн ойг бид тэмдэглэж байна. Ард иргэдийн сонголтын үрт дүнд бий болсон аливаа шат, шатны байгууллага иргэддээ энэрэнгүй, хүнлэг зарчмаар ханддаг байх ёстой.
Өршөөл үзүүлэх тухай хуулиар ял хөнгөрөх, хэргээс чөлөөлөгдөх явдал байгаа ч авлига, албан тушаалын хэрэгтнүүд улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэдэг байр суурьтай байна. Үүнтэй зэрэгцээд Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталлаа.
Цоо шинэ гарааны нөхцөлийг бий болгож, сайхан ирээдүйг бий болгох нь бидний зорилго юм.
-Улс төр, ёс суртахууны хариуцлагыг үүрүүлэх ямар механизм байх юм бэ?
-Шүүхээс ял оноогдохгүй болохооос биш хэргийг бол нотолно шүү дээ. Хорихоос өөр замаар хариуцлага тооцох бололцоо олон бий. Хорих ажиллагаа өөрчлөгдөнө, түүнээс биш хохирол төлүүлэх, улс төрийн хариуцлага тооцох асуудал нээлттэй.
Тухайн хүн гэм буруугаа хүлээх, үүнийгээ нотлуулна гэдэг хамгийн том шийтгэл.
Ямар хэрэг үйлдсэн нь нотлогдоод, түүнийг нийгэм нийтээрээ мэдчихээд байхад сонгуульд нэр дэвшээд өрсөлдлөө гэхэд ямар дүн тавиулах вэ? Та бүхэн бод доо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!