ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Google гар утсыг хувцаснаасаа удирддаг болголоо

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Google корпорацийн жил бүр болдог I/O хөгжүүлэгчдийн чуулган дээр өчигдөр нэгэн сонирхолтой төслийг танилцууллаа.

Project Jacquard нэртэй уг төсөл нь хүний өмссөн хувцсыг гар утас зэрэг төхөөрөмжтэй холбож удирддаг болгох зорилготой.

Google хамгийн эхний хамтрагчаар Levi’s хувцас загварын брэндийг сонгосон байна. Өөрөөр хэлбэл дараа үеийн жинсэн хувцаснууд халаасан дахь утсаа гаднаас нь удирдаж болдог болно гэсэн үг.

Технологийг нь дэлгэрүүлэн тайлбарлавал Google-ын бүтээсэн металл утас бүхий материалыг ямар ч хувцасны нэг хэсэгт нь залган оёсноор ухаалаг хувцас бий болно. Гэхдээ заавал жинс мэтийн зузаан материалтай хувцас байх албагүй, нэхмэл эдлэл, ноос гээд нимгэн материалуудтай ч хослон ажиллаж чадах гэнэ.

Ингэж залгаж оёсон хэсэг дээр хүн хуруугаараа тогших (click), гүйлгэх (swipe) зэрэгт халаасан дахь төхөөрөмж удирдагдаж байх юм.

Онолын хувьд зөвхөн хувцас биш, бүх даавуун материалууд, тухайлбал хөнжил, бүтээлэг, хөшиг мэтийг ийм болгож болох ба төхөөрөмжийн хувьд мөн ямар ч ухаалаг төхөөрөмж, компьютер, телевиз зэрэг байж болно.

Гэхдээ гар утасны дэлгэц шиг өндөр мэдрэмжтэй биш, илүү хүчтэй дарах шаардлагатай гэнэ.

 

Хамгийн боломжит хэрэглээ нь гар утасны хөгжим тоглуулагчийг удирдах байж болохоор байгаа.

Тухайлбал та хүрэмний ханцуйныхаа тодорхой хэсэг дээр товшиход хөгжмөө зогсоож эсвэл тоглуулж, босоо чиглэлд хуруугаа гүйлгэхэд дараагийн хөгжмийг сонгох, хэвтээ чиглэлд гүйлгэхэд дууг нь чангалж, суллах гэх мэт.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүн бүрт ухаалаг бугуйн цаг байхгүй, харин хүн бүр хувцас өмсдөг гэж үзвэл энэ технологи ирээдүйтэй байж болохоор гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг