Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

К.Д'ОССОН: Татаар хэмээх овог аймгууд

ikon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хойд талаараа Сибириэс тусгаарласан цувраа уулс, урд талаараа Солонгос, Хятад, Төвөд, Сыр-Дарья (Сейхун) мөрөн, Каспийн тэнгисээр хязгаарлагдан хүрээлэгдсэн Азийн төв хэсэг бол Ижил мөрнөөс Япон тэнгис хүртэл үргэлжилсэн газарзүйн асар уудам бүс нутаг юм.

Өнө эрт цагаас эхлэн энэ бүс нутагт нүүдэлчин овог аймгууд амьдарсаар ирсэн бөгөөд тэд түрэг, татаар буюу монгол, тунгус буюу зүрчид гэсэн ерөнхий нэр бүхий гурван өөр угсаатнаас бүрдэж байлаа. Тэдгээрийн хоорондын зааг ялгаа нь бие махбодын онцлогоор гэхээсээ илүүтэй тэдний хэл яриагаар илэрч байсан ажээ. 

Татаар угсаатны нүүр царайны төрх байдал нь хятадуудынхтай нэлээд төстэй, бусад угсаатан ястны төлөөлөгчдийнхөөс амархан ялгах боломжтой. Нэлээд товгор хоёр шанааны нь хооронд байх навтгар хамарлуугаа чиглэн ташуудуу байрласан хүрэн нүд, цулцгар хацар, памбагар уруултай, толгой нүүр нь дугаригдуу, боровтор өнгийн арьстай, эрүүндээ армаг тармаг сахалтай.

Нүүр царайны нь иймэрхүү шинж байдал хойч үеийн нь монгол, халимаг, буриадуудад хэвээр хадгалагдан үлдсэн болно. Эд бол ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, өргөн ханхар цээжтэй, нарийн бүсэлхийтэй хүмүүс байдаг. Толгойн оройны үсийг тах хэлбэртэй болгон хусаж, ар талыг нь авснаар хоёр чихний нь араар унжсан гэзэг бүхий хэсэгхэн үс үлдэнэ.

Янз бүрийн өнгөтэй, ар шилнээс нь бусад хүрээг нь дээш эргүүлж, чанх ар тал руу нь урт, өргөнөөрөө алгын чинээ хэмжээтэй залаа унжуулсан хавтгайдуу малгай өмсөнө. Малгайныхаа хүрээний хоёр талаас сагалдрага гарган шаардлагатай үед эрүүнийхээ дор холбон зангидна, энэхүү хоёр сагалдрага нь салхинд арагш хийсэн байдаг ажээ.

Дээлний нь хоёр энгэр урд талдаа зөрж хажуу тал дээрээ товчлогдоно, бүсэлхийгээр нь чанга гэгч ороосон бүс байнга бүсэлнэ. Өвлийн цагт хоёр үстэй дээл давхарлаж өмсөх бөгөөд нэгний нь үсийг дотогш биерүүгээ, нөгөөгийн нь үсийг гадагш харуулна. Эмэгтэйчүүд нь их өндөр шовгор малгай өмсөх ба дээл хувцас нь эрэгтэйчүүдийнхтэй ялгахын аргагүй адилхан хийц маягтай.

Хүний өндөртэй чацуу эвхмэл хана тойруулан босгож, ханандаа доод үзүүрийг нь бэхлэн дээш налуулж босгосон олон унины дээд үзүүрт модон цагариг тогтоож босгосон гэрт амьдарна. Энэхүү саргар модон байгууламж дээрээ эсгий тавин битүү хучиж, хялгасан дээс аргамжаар уяж тогтооно.

Гэрийнхээ үүдийг ч гэсэн эсгийгээр хийх бөгөөд ямар ч нөхцөлд чанх урагш харуулж барина. Гэрийн эгц дээр байх дугуй цоорхойг дотогш нь агаар оруулах, бүхэл бүтэн айл өрх хамт амьдардаг энэхүү сууцны гол дунд байрладаг гал голомтноос гарах утааг гадагшлуулахын тулд байнга нээлттэй орхино.

Тэдний хамгийн дуртай хоол адууны мах. Махыг удаан хугацаанд хадгалахын тулд нарийхан нарийхан зүсэж агаарт өлгөж хатаах юм уу, утаж сэврээнэ. Түүнээс гадна, бүх төрлийн мал амьтны, түүний дотор үхсэн малын махыг ч гэсэн хүнсэндээ хэрэглэж, гүүний саамыг исгэж хийсэн айраг, сүүний нэрмэл ууж хөлчүүрхэх дуртай.

Ерөөсөө, мал сүрэг нь тэдний бүхий л эрэлт хэрэгцээг хангадаг байна. Арьсаар нь дээл хувцас хийж, үс ноос, хялгасаар нь эсгий, оосор уяагаа томж, ясаар нь сумныхаа зэвийг урлахаас гадна тал хээр нутгийнхан баасыг нь хатаан түлээ түлш болгоно. Үхэр, адууны ширээр айрагны хөхүүр үйлддэг бол зэрлэг аргаль, угалзын эврээр аяга хийж хэрэглэдэг байна.

Татаар эрчүүд хүссэн тоогоороо эхнэр авч, чадлынхаа хэрээр тэжээж тэтгэж болох агаад эхнэр болох хүнийхээ эцэг эхэд тогтсон тооны мал өгнө. Эхнэр болгон өөрийн гэсэн гэр орон, аж ахуйтай байдаг. Эцэг нь нас барвал бэлбэсэрч хоцорсон эхнэрүүдийг хүү нь тэжээж тэтгэх ёстой агаад өөрийнхөө төрсөн эхээс бусдыг нь ихэвчлэн эхнэрээ болгодог байжээ. Ах юм уу, дүү нь нас барвал бэлбэсэн эхнэрүүдийг нь мөн харж хандах үүрэгтэй.

Эмэгтэйчүүдийн нуруун дээр асар их ачаа буй.

Тэд эр нөхрүүдийнхээ нэгэн адил мал сүргээ хариулж маллахаас гадна хувцас хунараа оёж, эсгий хийж, тэрэг чаргаа хөтөлж, тэмээ малаа ачиж тэгнэхийн зэрэгцээ эрчүүдийн нэгэн адил морь унахдаа гарамгай бөлгөө. Эрчүүд нь харин ан авд мордоогүй цагтаа ихэнх цагаа зугаа цэнгэлд өнгөрүүлдэг зантай.

Хэн нэг нь өвчлөх аваас гэрийн нь үүдэнд жад газарт шааж дохио болгоно, уг гэрт өвчтөнийг арчилж сувилж байгаа хүнээс өөр хэн ч орохгүй болой. Нас барсны нь дараа төрөл садан нь болон өөр бусад хүмүүс цуглан уйлж гашуудаад түүнийг нэгэнт муу ёрын сүнсний мэдэлд очсон гэх мухар сүсгийн үүднээс шалавхан хөдөөлүүлнэ. Талийгаачийн өмнө мах, сүү тавьж орхих агаад дотно хүмүүс нь ирж хоол хүнс өргөдөг заншилтай.

Булшны нь нүхний дэргэд эмээл хазаар зэрэг өвч бүрэн тоног хэрэглэлтэй унаа морийг нь алж, нөгөө ертөнцөд үйлчлүүлэхээр гэр ахуйн хэрэгсэл, нум сум мэтийн хамт талийгаачтай хамт нүхэнд хийж хөдөөлүүлнэ. Оршуулах ёслолд оролцогсод цөм хоёр түүдгийн дундуур гарч ариусах агаад гэр орон, эдлэл хэрэглэлийг нь ч бас ариутган цэвэрлэсний эцэст талийгаачийг дурсан найр цэнгэл хийнэ.

Эх сурвалж: К.Д'Оссоны “Монголчуудын түүх” 

“МОНСУДАР”-аас хэвлэн гаргасан К.Д'Оссоны “Монголчуудын түүх” хэмээх энэ номонд Төв азийн нүүдэлчин ард түмнүүд, тэдний зан авираас эхлээд монголчуудын эртний домог хууч яриа, Чингис хааны аян дайнууд, дайнд амь үрэгдэгсэд зэрэг олон сонирхолтой баримтыг тухайн үед мэдэгдэж байсан төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан бичжээ.  

Ийм учраас эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээл болсон хэмээн олон орны монгол судлаачид дүгнэдэг бөгөөд энэ утгаараа эрдэмтэн судлаачид, түүхийн чиглэлээр суралцагч оюутан залуус болон түүх сонирхогч хэн бүхэнд зориулсан чухал хэрэгцээтэй бүтээл юм.