Татааруудын улс гүрний газар нутаг нь өвс ногоо, ус ундаагаар баялаг, адуу, малд туйлын тааламжтай болой. Адууг нэг, хоёр настайгаас нь уналга эдэлгээнд сурган номхруулж хээр талаар давхина.
Дараа нь гурван жил өсгөн маллаад дараа нь дахин сургана. Эхний удаа сургахдаа зөвхөн хазаж хайрдаггүй, хэвтээд өгдөггүй болгодог ажээ. Хэдэн мянга, зуун агт хамтдаа нэг сүрэг болох бөгөөд адуу унгалдаж янцгаахгүй, чимээгүй номхон байж сурна. Татаарууд мориноосоо буусан хойноо морио уядаггүй, морь нь ч дутаахыг үл мэднэ.
Тэдний агт морьд ааш зан сайтай, бүтэн өдрийн турш өвс тэжээл идэхгүй, зөвхөн шөнийн цагт бэлчээрт гаргаж идээшлүүлнэ. Өвс ногоо нь хаана нойтон юм уу, хуурай байгаагаас морьдоо газар сонгож идээшлүүлнэ.
Үүр цаймагц морьдоо эмээллэн хөдөлнө. Үр тариа, шөл мэтийг мориндоо хэзээ ч өгдөггүй. Татаарууд аян дайнд мордохдоо хүн болгон хэд хэдэн морьтой явах ба тэднийгээ өдөр өдрөөр сэлгэн унадаг учир унаа морьд нь эцэж туйлдана гэж үгүй.
Татааруудын газар нутаг өвс, усаар арвин баялаг, хонь адуунд үлэмж таатай тул энэ нь тэдний оршин амьдрахуйн арга хэрэгсэл болж байдаг. Тэд өлсгөлөн, цангаагаа зөвхөн гүүний сүүгээр тайлна. Ганц гүүний саам ихэвчлэн гурван хүнийг цатгана.
Татаарууд гэртээ болон гэрээсээ гадуур гүүний сүү ууж, хонио муулан хүнсэндээ хэрэглэнэ. Тиймээс тэр газрын айл өрхүүд нэг адуутай байлаа гэхэд заавал зургаа, долоон хоньтой байх жишээтэй.
Тэгэхээр хэрэв тэр хүн зуун адуутай байх аваас тэрээр зургаа, долоон зуун толгой хонин сүрэгтэй байх нь гарцаагүй. Татаарууд Дундад улс руу залхаан цээрлүүлэх аян дайнд явж байхдаа замдаа бүх хонь малыг идэж, тааралдсан туулай, буга, зэрлэг гахай намнан хүнсээ залгуулж явжээ. Тиймээс, хэдэн зуун мянган хүнтэй их цэрэг хуран цугларсан байлаа ч тэд гал түлж утаа май тавьдаггүй.
Сүүлийн үед татаарууд Дундад улсын оршин суугчдыг барьж аваачин боолоо болгодог болсон агаад цаадуул нь гагцхүү талх тариа идэж байж л юм идсэн болно. Тиймээс татаарууд цагаан будаа, улаан буудай олж авч нөөцлөх болсон ба эдүгээ хуарандаа будаа чанаж, иддэг болсон байна. Тэдний нутагт хоёр, гурван газарт наалдамхай хар будаа ургадаг юм байна, тэд бас түүнийг ч чанаж иднэ.
Татаарууд Цин улсын дээрэмчдийн тогтолцоог залган авч протоколын даамал, баруун, зүүн гарын сайд, баруун зүүн гарын пин-чжан болон бусад албан тушаалуудыг бий болгожээ.
Тэрчлэн тэд тай-ши, захирагч, бусад хэргэм цол, албан тушаалуудыг бий болгосон байв. Тэдний биедээ авч явдаг алтан пайз гэрэгийн тухайд гэвэл хамгийн дээд зиндааны ноёд язгууртнууд өөд өөдөөсөө харсан хоёр барын дүрстэй “барсын тулалдаан” нэртэй алтан гэрэгийг бүсэндээ зүүж явна.
Тэрхүү гэрэгэ дээр хятад үсгээр: “Тэнгэрээс соёрхогдсон Чингис хааны зарлиг. Хэрэг ажлыг эрхлэн явуултугай!” гэж бичсэн байна. Түүний дараа ердийн алтан гэрэгэ байдаг, түүний дээр: “Тэнгэрээс соёрхогдсон Чингис хааны зарлиг. Яарагтун!” гэж бичсэн байх ажээ.
Дээрх хоёр алтан гэрэгийн дараа мөнгөн гэрэгэ орох бөгөөд түрүүчийнхтэй адилхан бичээстэй. Чингис хаан бас зарлиг, заавар, бусад төрлийн бичиг баримт гаргадаг байв. Түүний талд урваж орсон Цин улсын дээрэмчин түшмэд энэ бүхнийг сургажээ.
Зарлиг, заавар хүргэж өгдөг хүмүүсийг их хааны буухиа элч гэнэ. Тойргуудын эрх барьж байгаа түшмэл ноёдыг их хааны төлөөний хүн-жанжин ноёд гэх бөгөөд их хааны бараа бологсдын тоонд орж нум, саадаг байнга зүүж явдаг баатар эрсийг хишигтэн цэрэг гэх бөлгөө.
“МОНСУДАР” хэвлэлийн газраас “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа билээ.
Уг цуврал бүтээлийн дараагийн боть болох “Монгол татаарын бүрэн тодорхойлолт” хэмээх энэхүү ном бол Буриадын эрдэмтэн, Хятад судлаач, түүхч Н.Ц.Мункуев хятад хэлнээс орос хэлэнд орчуулж удиртгал, тайлбар бичиж, хавсралт бэлтгэн 1975 онд хэвлүүлсэн хувилбар бөгөөд 1221 онд Яньцзин хот (өнөөгийн Бээжин) дахь Монголын их жанжны өргөөнд ирж байсан хятад элч Чжао Хуны тэмдэглэлийн эх нь орчуулгынхаа хамт багтсан болно.
Энэ тэмдэглэлээс есөн цагаан туг болон догшин хар сүлдийг ямар хүмүүс мандуулж явах эрхтэйг мэдэж болохоос гадна тухайн үеийн монголчуудын аж ахуй, цэргийн зохион байгуулалт, албан тушаал, зэрэг дэвийн тогтолцоо, ахуй амьдрал, ёс заншлын тухай мэдэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!