Татаарууд сул дорой байдлыг ихэд жигшиж, хүч чадлыг шүтэн биширнэ. Өөр хоорондоо хэрэлдэж зодолдох нь огт үгүй. Жилийн тэргүүн сарын шинийн 1-нд тэнгэртээ заавал мөргөдөг заншилтай. Зуны эхлэлийн баяр чу-угийн үед мөн ийм мөргөл хийнэ. Энэ нь ч гэсэн Яньцзинд удаан хугацаагаар амьдран суухдаа цинчүүдээс авсан бас нэг өв юм. Татаарууд ууж идэх, наргих цэнгэхдээ ихэд баяр хөөр болон сэтгэлээ баясгана.
Го-ван Мо-хоуг аян дайнаас буцаж ирэх бүрийд хатан болгон нь хэдэн өдөр дараалан эзэгтэйн үүрэг гүйцэтгэж идээ будаа, айраг сархад зэхэн хамт найрлаж цэнгэдэг байжээ. Түүнээс доогуур зиндааны ноёд жанжнууд ч мөн ингэдэг байна.
Татаарууд ихэнх тохиолдолд гараа угаадаггүй заншилтай, тэд мах, загасыг нөгөөх л бохир гараараа барьж иднэ. Гар нь өөх тос болоход тэд хувцсандаа арчина. Тэд нэг өмссөн хувцсаа элэгдэж урагдаж дуустал нь тайлж тавих ч үгүй, угааж цэвэрлэдэг ч үгүй бөлгөө.
Эмэгтэйчүүд нь шаргалдуу өнгийн тос духандаа түрхэх нь олонтоо. Энэ нь Хятадын хуучны гоо сайхны хэрэглэлээс үүдэлтэй бөгөөд өнөө хүртэл хэрэглэгдэж байна.
Дээд зиндааныхан Чингис хаан хүртэл, доод зиндааныхан энгийн цэрэг эр хүртэл цөм хятад хөвгүүдийнх шиг гурван туг үс буюу сонжуу үлдээн толгойны үсээ хусаж орхино. Үс нь жаахан ургаад эхлэхийн үед урд талынхыг нь бүрмөсөн хусаж, хоёр талынхыг нь тус тус нийлүүлж боон мөр лүүгээ унжуулна.
Синь ши Чжэнд эрчүүдийн “гурван туг” үс буюу сонжууг ийнхүү товч тайлбарласан байна: “Монголчууд яг зулай дээрээ дугуй үлдээн үсээ хусна. Монгол эрчүүдийн толгойн урд хэсгийн үсийг богинохон тайрч сул үлдээн толгойн хоёр талын үсийг голоор нь зааглан хоёр хэсэг болгож бооно. Тэр нь баруун зүүн мөр талыг нь хүрч унжсан байх агаад “Чоно шиг хоёр тийшээ бүү хялалзаж бай” гэсэн үг хүртэл гарсан байна.
Баруун, зүүн хоёр шанаа руу унжсан үс нь эргэж харахад саад болох учир тэрээр чоно адил айн хулмалзаж, хоёр тийшээ эргэн арагшаа хялалзаж чадахгүй гэсэн үг юм. Зарим нь баруун, зүүн хоёр хэсэг үсээ нийлүүлэн сүлжиж ар тал руугаа хувцасныхаа дээгүүр ганц салаа гэзэг унжуулдаг.
Чон Инжигийн Корё са зохиолын <28-р бүлэгт> Монголчууд зулайныхаа үсийг духаа хүртэл хусдаг заншилтай. Үс нь зориуд орхисон хэдэн хэсэг туг үс мэт харагдана гэжээ.
Аз хийморьтой байх, бүтэлгүйтэх хоёрын алин болох, давших ухрахаа, аян дайнд мордох юм уу, аллага хядлага хийх бүртээ тэд хонины дал авч галд дүрэн алхаар балбаж, тэнд бий болсон ан цавуудыг харан мэргэ төлөг тавьж ажил хэргээ шийдвэрлэнэ. Энэ нь яст мэлхийний хуягаар мэргэлдэг хятадуудын мэргэ төлөгтэй нэн төстэй.
Хэй-да ши-люед өгүүлснээр: “Тэдний мэргэ төлгө тавьдаг тухайд гэвэл татаарууд хонины далыг шатааж, дээр нь гарсан ан цав, хээ угалзаар нь аз завшаан, гай зовлон хоёрын аль нь ирэх, Тэнгэр тэдэнд туслах эсэхийг тодорхойлон тогтооно. Бүх зүйлийг ингэж шийднэ.
Тэд үүндээ үнэн сэтгэлээсээ итгэдэг, үүнийг “пи-па шатаах” гэх болой. “Чингис хаан залхаан цээрлүүлэх аян дайнд мордохын өмнө амжилт ялалт, ялагдал бүтэлгүйтэл хоёрын аль ирэхийг урьдчилан хэлж өгөхийг төлөгчид зарлиг болдог байв. Их хаан өөрөө ч гэсэн хонины дунд чөмөг шатаан үр дүнг нь харьцуулж үздэг байв.”
Тэд айраг сархад уух бүрийдээ хамгийн түрүүнд сэржим өргөнө. Тэнгэр, газар хоёрыг шүтэн дээдлэх нь тэдний заншил бөгөөд ажил явдал болгонд тэд тэнгэрээ дуудаж дурсана. Тэнгэр дуугарахыг сонсоод ихэд айх бөгөөд аян дайнд мордож үл зүрхэлнэ. “Тэнгэр дуудаж байна!” гэж ярьцгаадаг.
“МОНСУДАР” хэвлэлийн газраас “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа билээ.
Уг цуврал бүтээлийн дараагийн боть болох “Монгол татаарын бүрэн тодорхойлолт” хэмээх энэхүү ном бол Буриадын эрдэмтэн, Хятад судлаач, түүхч Н.Ц.Мункуев хятад хэлнээс орос хэлэнд орчуулж удиртгал, тайлбар бичиж, хавсралт бэлтгэн 1975 онд хэвлүүлсэн хувилбар бөгөөд 1221 онд Яньцзин хот (өнөөгийн Бээжин) дахь Монголын их жанжны өргөөнд ирж байсан хятад элч Чжао Хуны тэмдэглэлийн эх нь орчуулгынхаа хамт багтсан болно.
Энэ тэмдэглэлээс есөн цагаан туг болон догшин хар сүлдийг ямар хүмүүс мандуулж явах эрхтэйг мэдэж болохоос гадна тухайн үеийн монголчуудын аж ахуй, цэргийн зохион байгуулалт, албан тушаал, зэрэг дэвийн тогтолцоо, ахуй амьдрал, ёс заншлын тухай мэдэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!