Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"XIII зууны үеийн Монгол эмэгтэйчүүд ба найр наадам, бүжиг, хөгжим"

ikon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN
Монгол харваач

Тэд аян дайнд мордохдоо язгуур угсаа, нүгэлтэн буянтан гэдгээсээ үл хамааран эхнэр, хүүхдээ ихэвчлэн хамт авч явдаг заншилтай.

Эмэгтэйчүүд нь ачаа бараа, хувцас хунар, мөнгө хөрөнгө, эд зүйлд санаа тавьж, арчилж хамгаалж явахад хэрэгтэй гэж тэд өөрсдөө ярьдаг.

Эсгий гэрээ барих буулгах, адуу малаа эмээллэх ачаалах, ачаа тэнгээ бэлдэж янзлах болон бусад аахар шаахар ажлыг тэдний эмэгтэйчүүд л хийж гүйцэтгэнэ. Тэд морь унахдаа маш чадамгай ба Хятадын даогийн сургаалыг баримтлагчид шиг дээл хувцас өмсөнө.

Удирдагч нарын хатад эхнэрүүд нь бас гу-гу малгай өмсдөг. Энэ малгай нь үс хялгасаар сүлжиж хийгдсэн, хэлбэр дүрсийн хувьд Хятадын “хулсан эхнэртэй” төстэй, гурван чи гаруй өндөр бөлгөө. Түүнийг хар хүрэндүү өнгийн хатгамал угалзаар гоёж, сувд, алт мэтээр чимнэ. Орой дээр нь эгц босоо савханцар босгож, хүрэн бор өнгийн цэмбээр бүрдэг ажээ.

Чань-чунь си-ю цзид өгүүлсэн нь:Монголчуудын нөхөртэй эмэгтэйчүүд нь хоёр чи гаруй өндөр хусны үйсэн малгай өмсөж хэрэглэнэ.

Зузаавтар хар өнгийн эсгийгээр бүрж хэрэглэх нь олонтоо. Чинээлэг эмэгтэйчүүд энэ зориулалтаар улаан цэмбэ ашиглана. Ийм малгайны оройн хэсэг нь галуу юм уу, нугастай төстэй хэлбэртэй. Түүний нэр нь гу-гу болой. Хүмүүс түүнийг нь санамсаргүй эвдчихвий гэж эмэгтэйчүүд нэн болгоомжилно. Асарт орохдоо буюу гарахдаа нэлээд бөхийж өгнө.” 

Хэй-да ши-люед өгүүлэхдээ: “Би, тэд гу-гугаа хэрхэн хийхийг харсан билээ. Хус модоор араг ясыг нь үйлдэж улаан цэмбэ юм уу, хорго торгоор гадуур нь бүрнэ; дөрөв, таван чи урт бургас мод юм уу, төмөр утас зулайн харалдаа бэхэлж, хар хөх өнгийн эсгийгээр бүрнэ, гэхдээ чинээлэг хэсэг нь буюу дээд зиндааныхан ногоон өнгийн шувууны өд юм уу, өнгө өнгийн торгоны өөдсөөр салхинд намиран хийсэж байхуйц залаа хийж чимэглэнэ, харин эгэл борчууд гургуулын өд бэхэлнэ.” гэсэн байна.

Зохиолч Янь Юнь-фугийн Луань-цзин цза-юанд байдаг Сян-чэ ци-баод бичсэнээр: “Гу-гу болон дээлийн хуниасны чимэг зүүлт, өд сөдийг  салгаж аван охид хүүхнүүддээ өгдөг байна.”

Зохиогч тэмдэглэхдээ: “Гу-гу өмссөн эмэгтэйчүүд битүү тэргээр зорчихдоо малгайнаасаа нэг чи орчим өндөр өдийг нь сугалан авч өөдөөс нь харж суудаг шивэгчин хүүхнүүддээ бариулдаг. Хааны хатад заан унаж явахдаа ч гэсэн ингэдэг” гэсэн байдаг.

Эмэгтэйчүүд нь бас шувууны өдөөр хийсэн хятад дээл маягийн өргөн халхгар ханцуйтай, ихээхэн элбэг, газар шүргэсэн урт хормойтой дээл өмсөх нь бий. Хатан хүн явах  үедээ хоёр шивэгчнээр хормойгоо бариулдаг байна. 

Татааруудын хувьд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд найр цэнгэлийн үед хамт суухыг, бие биеэ айраг сархдаар дайлахыг үл хориглоно. 

НАЙР НААДАМ, БҮЖИГ, ХӨГЖИМ

XIII зууны үеийн Монголчууд

Го-ван цэргүүдтэйгээ хамт мордсон үед хөгжимчид нь ч гэсэн дагалдан явна. Тэдгээр нь арван долоо юм уу, арван найман сайхан охид байх ажээ. Тэд маш сэргэлэн цовоо бөгөөд ихэвчлэн Да-гуань-юе болон өөр бусад дууг 14 чавхдаст хөгжим болон бусад зэмсгүүдээр тоглоно. Хөгжмийнхөө хэмнэлээр алгаа аяархан ташицгаана. Хятадын бүжигтэй харьцуулахад тэд их л этгээд хачин маягаар бүжиглэнэ.

Татааруудын заншил ёсоор найр наадмын үеэр гэрийн эзэн аяга халбагаа өөрөө гардан барьж зочноо ууж идэхийг урин шахна. Зочин нь уухдаа аягандаа өчүүхэн төдий үлдээх аваас эзэн аягаа буцааж үл авна. Мөнөөх хүн сархдыг дуустал нь уувал гэрийн эзэд ихэд баярлах болой.

Тэдний морин бөмбөгөөр тоглох тоглоомд ердөө хорь гаруйхан хүн оролцох ба тэд энэ тоглоомдоо олон адуу хэрэглэдэггүй, тэдний дуу чимээнээс зайлсхийнэ. Нэг удаа ийм тоглоомын дараа го-ван манай элчийг хүн явуулж дуудуулсан байлаа. Тэгээд: “Өнөөдөр бөмбөг тоглоцгоолоо. Чи харин яагаад ирсэнгүй вэ?” гэж асуув. Элч: “Намайг урих бодолтой байгааг тань мэдээгүй учир ирж зүрхэлсэнгүй” гэж хариулсанд го-ван “Чи нэгэнт манай улсад ирээд байгаа болохоор бидэнтэй нэг гэр бүлийн хүн болсон гэсэн үг. Найр наадам, бөмбөг тоглох юм уу, ан авд явж араатан амьтан агнах бүрийд ирж, наадаж наргиж байгтун! Заавал хүн явуулж уриулах хэрэг юу байна!” гэж хэлэв. Энэ үгнийхээ араас го-ван тачигнатал хөхөрснөө намайг зургаан аяга сархдаар баалсан болой. Өдөр өнгөрч орой болоход би яаж ч боломгүй ихэд согтож, ажил хэрэг маань дууссан билээ.

Түүнээс гадна, сархад хүртэх бүрийдээ зэрэгцэж суугаа хүмүүс бие биеийнхээ дарсыг амсаж аягатайгаа солилцоно. Хэрэв хажуугийн чинь хүн аягатайгаа өрөөсөн гараараа барьж байвал би түүний сархдаас амсаж нэг балгах ёстой гэсэн үг болно, зөвхөн чингэсний дараа л тэрээр өөрөө ууж болдог заншилтай. Хэрэв тэрээр хоёр гараараа аягатайгаа барьж байвал надтай аягатайгаа солилцох ёстой болох агаад би түүнийг нь дуустал уух ёстой болно. Бас түүнийг хүндэтгэхийн үүднээс сархад аягалж өгнө. Тийм учраас хүн амархан согтохоос өөр аргагүй.

Хариас ирсэн зочин нь уусан архиндаа согтож, дуу нь чангарч, ёс горимыг эвдэх юм уу, бөөлжих, эсвэл нам унаад өгөх аваас татаарууд тэр бүрийд сэтгэл ихэд хангалуун байдаг бөгөөд “Зочин маань согттолоо ууж байна гэдэг чинь тэрээр бидэнтэй сэтгэл санаа нийлэх хүн байна!” гэж ярилцана.

Эх сурвалж: “Монгол татаарын бүрэн тодорхойлолт” Н.Ц.Мункуев

 

“МОНСУДАР”  хэвлэлийн газраас “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа билээ. 
Уг цуврал бүтээлийн дараагийн боть  болох “Монгол татаарын бүрэн тодорхойлолт” хэмээх энэхүү ном бол Буриадын эрдэмтэн, Хятад судлаач, түүхч Н.Ц.Мункуев хятад хэлнээс орос хэлэнд орчуулж удиртгал, тайлбар бичиж, хавсралт бэлтгэн 1975 онд хэвлүүлсэн хувилбар бөгөөд 1221 онд Яньцзин хот (өнөөгийн Бээжин) дахь Монголын их жанжны өргөөнд ирж байсан хятад элч Чжао Хуны тэмдэглэлийн эх нь орчуулгынхаа хамт багтсан болно.

Энэ тэмдэглэлээс есөн цагаан туг болон догшин хар сүлдийг ямар хүмүүс мандуулж явах эрхтэйг мэдэж болохоос гадна тухайн үеийн монголчуудын аж ахуй, цэргийн зохион байгуулалт, албан тушаал, зэрэг дэвийн тогтолцоо, ахуй амьдрал, ёс заншлын тухай мэдэх боломжтой.