Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ард түмэн төрдөө итгэдэг, харин төр нь...

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2015 оны 4 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

“Монголын эдийн засгийн чуулган-2015” өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн уулзалт “Итгэлцэл” уриатайгаар болж байгаа. Чуулганыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэлсэн. Мөн нийтлэлч Баабар товч илтгэл тавьсан нь оролцогчдын татаж байв.

1.3 тэрбумын гадаад валютын нөөцтэй

 "Монголын эдийн засаг эх орончид нэртэй хорлогчид, шантаажчид, хувалзуудаасаа салах хэрэгтэй" хэмээн Б.Батбаяр хэлэв. Түүнчлэн төрд ойртож болохгүй хүний жагсаалт гаргаж өгөхийг шаардсан. Гол нь эх орончид нэртэй эдгээр хүмүүсийг улстөрчид өөрсдөө санхүүжүүлж, тэжээж, эдийн засгаа хорлон сүйтгэж байгаа нь харамсалтай гэлээ.

Эх орончид гэгдэх дээрэмчин, луйварчдаас салах цаг болсон гэдгийг нийтлэлч Баабар тавьсан илтгэлдээ дурьдсан юм. Мөн тэрбээр дээрэмчин авирыг популизм, популист гэх мэтчилэн гадаад нэрээр нэрлэхгүй байхыг гуйж байна.

Популист гэдэг бол ард түмэн эх орноо бодсон алдартай сайн хүнийг нэрлэдэг гээд ойлгочихсон, бүр хөөрчихсөн тунхаглаад явна, цаадуул чинь. Хэрээг “хэрээ” л гэдэг болохоос “бүргэд” гэдэггүй биз дээ гэж байлаа.

Түүнээс гадна Б.Батбаяр манай улс гадаад валютын нөөцгүй болсон тухай дуулгасан. Харин үүнийг ташаа мэдээлэл хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ. Тодруулбал, Гадаад валютын нөөц өнгөрсөн оны тавдугаар сараас хойш буюу сүүлийн 10 сарын турш 1.3-1.6 тэрбум ам.долларын хооронд тогтвортой байжээ.

Харин өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 1.3 тэрбум ам.доллар буюу сүүлийн гурван сарын импортын дунджаар тооцоход импортын 5.5 сарын хэрэгцээг хангах төвшинд байгаа гэсэн юм.

ЦОНХНЫ ЦААНААС ХАРАХАА БОЛИХЫГ САНАЛ БОЛГОВ

Ийнхүү чуулга уулзалт хурцаар өрнөлөө. Тухайлбал, улстөрийн намаас шалтгаалсан эдийн засагтай байгааг шүүмжилсэн. Мөн цонхны цаанаас биш ард түмний дунд орж ажиллахыг төрийн түшээдээс бизнесийнхэн хүсч байв.

Хамгийн гол нь аливаа зүйлийн бодлого, хэрэгжилт, үр дүн, сайжруулалтын талаар ярихгүй байгааг онцолж байсан юм.

Засаглалын хямрал болсныг хаа, хаанаа ойлгож буйгаа энэ хуралдаанаар ярилцсан. 

Засаглалын хямрал болсныг хаа, хаанаа ойлгож буйгаа энэ хуралдаанаар ярилцсан.

Тиймээс хөгжлийн бодлоготой байх хэрэгтэйг тодорхойлов. Түүнчлэн том төслүүдийн гацаж буй шалтгаан нь Засгийн газар олон солигдож буйтай холбоотой хэмээн Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Р.Ганжуур хэллээ. Тэрбээр улстөрийн тогтолцоог өөрчлөх цаг болсныг санууллаа.

ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ БАЙДЛААР ТӨР НЬ ИРГЭДДЭЭ ХАНДДАГ

“Энэ удаагийн чуулга уулзалт “Итгэлцэл” уриан дор болж байна. Төрийн түшээд нь ард түмэндээ, ярьж буй зүйлдээ итгэж байна уу” хэмээн “Ти Жи Проперти” компанийн захирал Л.Баттөмөр асууж байлаа.

Ард түмэн төрдөө итгэсээр байгаа хэдий ч төр нь итгэл үзүүлэхгүй байгаа нь харамсалтай хэмээн тэрбээр хэлсэн. Насанд хүрсэн хүн бүрт иргэний үнэмлэх бий.

Гэтэл тэрхүү үнэмлэхийг нотариатаар баталгаажуулахыг аль ч албан байгууллага шаардана. Ийм эрх зүйн чадамжгүй байдлаар төр нь иргэддээ хандаж буйг буруушаасан юм.

СУУРЬ ӨВЧНӨӨ ЭМЧИЛ, ГАЖУУДАЛ АРИЛНА

Энэ өдрийн хуралдаанаар санхүүгийн салбар, тэнцвэртэй хөгжил ба эдийн засгийн тогтвортой өсөлт сэдвээр салбар хуралдаан хийсэн.

Хуралдаанд оролцогчид банкны салбараас гадна хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолж байна. Санхүүгийн салбарын тэнцвэртэй хөгжил чухал.

Санхүүгийн салбарын тэнцвэртэй хөгжил чухал. 

Одоогоор манай улсын эдийн засаг 96 хувь нь банкнаас, дөрвөн хувь нь хөрөнгийн зах зээлээс хамаарч буй. Энэ нь өрөөсөн хөл дээрээ явж буйтай ижил хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа хэлж байв.

Харин санхүүгийн зах зээлийн тэнцвэртэй хөгжил хангагдаагүй талаар “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг ярилаа. Аливаа улсын санхүүгийн зах зээл банк, хөрөнгө оруулалт, даатгал гурав дээр тогтдог.

Манай улсын хувьд банкны салбар хөгжөөд нөгөө хоёр нь нялх хүүхэд хэвээр байгааг онцолж байлаа. Энэ нь өрсөлдөөн шударга биш, ил тод байдал дутагдаж буйтай холбоотой юм. Монголын эдийн засаг архаг хууч өвчтэй гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Тиймээс суурь өвчнөө эмчлэх хэрэгтэй. Энэ нь гажуудлыг арилгах болно гэдгийг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар хэлсэн. Харин банкны салбарынхан өр барагдуулах тал дээр хөрөнгийн биржээс давуу талтай гэдгээ Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатар илэрхийллээ. Ийнхүү бизнес эрхлэгч, төлөөлөгчдийн санал бодлоор нэлээд ширүүн байр сууриа илэрхийлж байлаа.

Зөвхөн банк биш, хөрөнгийн захаас мөнгө босгох боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэйг бизнесийнхэн сануулсан. Түүнээс гадна манай хөрөнгийн бирж лангуундаа бараагүй дэлгүүр биш гэдгийг ч тэд онцолсон юм.

Тухайлбал, томоохон төрийн өмчит компанийг хөрөнгийн биржид зарах боломжтой аж. Хэдийгээр найдвартай биш гэж хэлж болох ч найдвартай болгож болох тухай санал оруулж байлаа. Монголын арилжааны банк менежментээ сайжруулах хэрэгтэй ч сануулсан.

Ийнхүү Монголын эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээх бол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хаалтын үгийг сонордуулах аж.

Зураг