АНУ-ын дэд ерөнхийлөгч Гринланд арлыг Орос, Хятадаас хамгаалж чадахгүй байгаа Дани улсыг шүүмжлэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр буюу Баасан гарагт дэлхийн хамгийн том арал Гринландад зочилсон юм.

Энэ үеэр Вэнс тус арлыг Орос, Хятадын болзошгүй түрэмгийллээс хамгаалах хангалттай арга хэмжээ авахгүй байгаа Дани улсын эрх баригчдыг шүүмжилсэн ч Гринландын бие даасан байдлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлээд ард иргэдэд нь АНУ-тай ойртон түншлэхийг уриалжээ.

Ямартай ч ерөнхийлөгч Дональд Трампын илэрхийлдэг ямар ч хамаагүй аргаар Гринландыг өөртөө нэгтгэх түрэмгий үзэл санаанаас илүү зөөлөн байр суурийг Вэнс айлчлалынхаа үеэр илэрхийлсэн байна.

Одоо Гринланд аралд АНУ-ын нэг цэргийн бааз байрладаг бол Вэнс үүнийг өргөтгөж, тэнгисийн хөлгүүдээ нэмж байрлуулах талаар ярьжээ.

“Дани улс манай баазыг хадгалах, манай цэргүүдийг үлдээх, бас миний бодлоор Гринландын ард иргэдийг Орос, Хятад болон бусад улсуудын түрэмгийллээс хамгаалахад шаардлагатай нөөц бололцоогоо дайчлахгүй байна” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Тэрбээр бас Орос, Хятад зэрэг улсууд Умард Туйлыг дайрсан тэнгисийн зам, бүс нутгийн эрдэс баялгийг асар их сонирхож байгааг хэлээд АНУ энэ чиглэлд хөрөнгө оруулах хүсэлтэй байгааг мэдэгджээ.

зураг
 

Гэвч Вэнсийн мэдэгдэл Гринланд арлынханд төдийлөн таалагдаагүй бололтой.

Өнгөрсөн сард болсон сонгуулиар томилогдсон Гринландын өөртөө засах засаг захиргааны ерөнхий сайд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн айлчлалыг “хүндэтгэлгүй үйлдэл” гэж шүүмжлээд гаднын дарамт шахалтын эсрэг эв нэгдэлтэй байхыг иргэддээ уриалсан байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Гринланд арлыг захиргаандаа байлгадаг Дани улсын хаан Фредерик сошиал хуудсаараа мэдэгдэл гаргажээ.

“Бид өөрчлөгдөн хувирч буй цаг үед амьдарч байна. Гэхдээ миний Гринландыг хайрлах хайр, Гринландын ард түмэнтэй үүсгэсэн хэлхээ холбоонд эргэлзэх хэрэггүй” гэж хаантны мэдэгдэлд бичсэн байна.

Вэнс өчигдөр Гринланд арлын хойд хэсэгт, Умард Туйлын цагаригаас дотогш 1,200 км зайд оршдог АНУ-ын цэргийн бааз Питуффикт зочилсон юм.

Энэ үед Питуффикийн гадаа агаарын температур Цельсийн -19 хэм байжээ.

“Гринландын ард түмэн АНУ-тай түншлэх замыг сонгоно гэдэгт би итгэлтэй байна. Учир нь манай аюулгүй байдалтай тус арлын аюулгүй байдал маш их холбоотой тулд дэлхий дээр зөвхөн бид л тэдний тусгаар тогтнолыг хэн хэнээс илүү хүндэтгэнэ” гэж Вэнс энэ үеэр хэлсэн байна.

Вэнсийг аян замдаа гарсны дараа Цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Олон улсын аюулгүй байдлын үүднээс бидэнд Гринланд маш их хэрэгтэй. Бидэнд Гринланд байх ёстой. Энэ бол сонголт биш, гарцаагүй шийдэх асуудал” гэж хэлжээ.

Дани улс болон Европын Холбоо тус арлын ач холбогдлыг сайн ойлгохгүй байгаа тул “бид тэдэнд тайлбарлаж өгөх болно” гэж Трамп бас хэлсэн байна.

Вэнсийн айлчлалын бүрэлдэхүүнд түүний гэргий Уша Вэнс, Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц, эрчим хүчний сайд Крис Райт нар багтжээ.

Айлчлалын эхний төлөвлөгөөгөөр бол Уша Вэнс, Уолц нар Гринланд арлын оршин суугчидтай уулзаж, тэдний соёлтой танилцах байсан юм.

Гэвч Гринланд болон Данийн эрх баригчид, олон нийт хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн тул АНУ-ын тал айлчлалын хүрээгээ хумьж, зөвхөн өөрийн баазад зочлохоор болж байв.

1951 онд байгуулагдсан гэрээгээр бол АНУ өөрийн баазад дуртай үедээ зочлох боломжтой. Гэхдээ Дани, Гринландын эрх баригчдад урьдчилан мэдэгдэх үүрэгтэй юм.

АНУ-ын баллистик пуужингийн анхааруулгын систем байрладаг Питуффик нь Европоос Умард Америк хүрэх хамгийн богино зам дээр оршдог.

Гринланд арлын 57,000 орчим оршин суугч алсдаа Дани улсаас тусгаар тогтнох хүсэлтэй байдаг, энэ эрх нь ч хуулиар баталгаажсан байдаг юм. Гэхдээ эдийн засгийн хамаарал нь үүнд бэрхшээл учруулдаг.

Харин уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Гринландын цас мөсөн хучлага арилж, газар доорх асар их эрдэс баялгийг ашиглах боломж нэмэгдэж байгаа нь тэдний тусгаар тогтнох боломжийг ойртуулж байгаа юм.

Гэхдээ Гринландын иргэдийн олонх нь АНУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийн эсрэг байгаа нь олон удаагийн судалгааны үр дүнгээс харагддаг.

 

Эх сурвалж: Reuters