ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Ногдол ашгийн үлдэгдэл ₮93,500 тараахаар төлөвлөж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээлж буй

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцыг хэлэлцжээ. 

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг хүргэв. 



"Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн барилга угсралтын үед 12,000 ажлын байр бий болно"

Тэрбээр "Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой нийлүүлэх, хоолой барих төслийн ажлын явцтай танилцлаа.

Байгалийн хий дамжуулах хоолой нь хойд хилээс урд хил хүртэл 958.6 километр үргэлжилдэг бөгөөд зургаан аймаг, 22 сумын газар нутгаар дайран өнгөрдөг. Энэ төсөл урагшилснаар эдийн засгаа тэлэх боломжтой.

Мөн барилга угсралтын үедээ 12,000, ашиглалтын үедээ 1,000 гаруй ажлын байрыг шинээр бий болгох чухал ач холбогдолтой төсөл.

Энэ төслийг Монгол Улсын шадар сайд С.Амарсайханаар ахлуулж, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам ажлын алба болон “Эрдэнэ Монгол” нэгдлийн дэргэдэх "Эрдэнэс газ" төслийн нэгж хийн хоолойн төслийг хариуцан ажиллаж байгаа" гэлээ.

Үргэлжлүүлэн "Эрдэнэс Тавантолгой" компани болон ногдол ашигтай холбоотой мэдээллийг танилцуулав. 

"Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно"

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Энэ компани нь Тавантолгойн бүлэг орд дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тавантолгойн бүлэг орд 16 стратегийн ордуудын нэг. 

Монголын ард түмэн 55 орд дээр Тавантолгойн ногдол шигээ ашиг хүртвэл ямар хэмжээний үр ашигтай байх вэ гэдэг нь ойлгомжтой.

2024 онд "Эрдэнэс Тавантолгой" компани 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Ийм хэмжээний борлуулалт хийсний дүнд Компанийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлангаа гаргасных нь дараа дөрвөн улиралд ногдол ашгийг хувааж, иргэддээ хуваарилах асуудлыг ТУЗ-өөр шийдвэрлэсэн.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар компанийн хувьцаа эзэмшигч нарт ногдол ашгийг хуваарилах үүрэгтэй. Үүнийг иргэд зөв ойлгох ёстой.

“Бэлэн мөнгө хуваарилж байна” гээд байдаг. Гэтэл яг үнэндээ 1072 хувьцааг эзэмшиж байгаа эзэмшигч нь иргэд.

Монголын ард түмний 26.4 орчим хувь нь 1072 хувьцааг эзэмшдэг.

Дээр дурдсанчлан 3.9 их наяд төгрөгийн ашигтай ажилласан учраас өнгөрсөн хугацаанд ногдол ашгийг хуваарилсан.

Нэг иргэнд Хувь Хүний Орлогын Албан Татварыг хассан дүнгээр тооцож, одоо үлдэгдэл 93,500 төгрөг тараахаар төлөвлөж байгааг “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд Засгийн газарт мэдээлж буй.

Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар татгалзах зүйлгүй. Төлөөлөн Удирдах Зөвлөл хурлаа хийгээд “Хэрвээ хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашгаа тараая” гэвэл өөрсдөө буюу ТУЗ нь хуралдаад шийдвэрлээд явна.

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно. 

Өмнө нь ногдол ашиг хуваарилахдаа санал асуулга явуулсны дагуу иргэдэд олгосон. Энэ жилдээ гурав дахь удаагаа ногдол ашгийг хуваарилж байна гэсэн үг. Ирэх жил "Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагаа илүү сайжирч, бүтээмж нэмэгдвэл ногдол ашиг нэмэгдэнэ.

Цаашдаа төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувь тийш шилжсэнээр ногдол ашиг нэмэгдэнэ. Компаниуд эхнээсээ баялгийн санд хуримтлалаа хийгээд эхэлсэн байна гэсэн үг.

Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу төрийн өмчит уул уурхайн компаниудаас гадна

  • Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн 34 хувийг шууд ногдол ашгийн 34 хувиар авах уу?
  • Баялгаас нь ашигт малтмал ашигласны төлбөрөө орлуулах уу?
  • Бүтээгдэхүүн хуваахаар орлуулах уу?
  • Чухам яавал ард түмэнд ногдол ашиг нь илүү өгөөжтэй байх вэ? гэдэг чиглэлээр ажиллаж байна" хэмээв. 

ВИДЕО: