Дөрөвдүгээр сарын 2. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблей 2007 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар чуулганаар "World Autism Awareness Day" буюу Аутизмыг таниулах дэлхийн өдрийг баталсан байдаг.
Улмаар 2008 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш НҮБ-ын гишүүн орнуудад аутизмын талаарх нийгмийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх нь бүх улс орны үүрэг гэдгийг сануулсан юм.
Харин манай улсад албан ёсоор 2010 оноос хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр дэлхийн хүн амын 1 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байдаг гэж тооцоолдог. Монгол Улсын хүн амтай харьцуулбал ойролцоогоор 35,000 хүн аутизмтай байх магадлалтай гэж үздэг.
Харамсалтай нь яг өнөөдрийг хүртэл манай улсад энэ талаарх судалгаа, бүртгэл хангалтгүй байна.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн тайлан мэдээгээр 2013 онд 19 хүүхэд аутизмаар оношлогдож байв. Харин 2023 оны байдлаар СЭМҮТ болон бусад эмнэлгийн нэгдсэн тоо баримтаар 1,980 болон нэмэгджээ.
Аутизмыг эрт оношлох нь хүүхдийн хөгжил, сурч боловсрох, нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Үүний тулд эцэг, эхийн ажиглалт хамгийн чухал. Гэхдээ аутизмыг шууд оношлоход бэрхшээл тулгардаг. Хүүхэд нь бусдаас өөр байгааг ажигласан ч шийдвэртэй алхам хийхэд эцэг эхчүүдээс тодорхой хугацаа шаардлагатай. Хүлээн зөвшөөрөх үйл явц хэдэн ч сар, жил үргэлжилж мэднэ.
Гэхдээ хүүхдэд хөгжлийн хоцрогдол ажиглагдсан л бол нэн даруй арга хэмжээ авах ёстойг Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Төв (ХБХСЗТ)-ийн хүүхдийн сэтгэлзүйч Г.Нямпагма онцолсон. Оноштой эсэхээс үл хамааран хөгжлийн хоцрогдол байгаа тохиолдолд тус сэргээн засах төвд очиж, шаардлагатай зөвлөгөөг мэргэжилтнүүдээс цаг алдалгүй авах ёстой юм.
Учир нь хүний тархины суурь хөгжил 1-3 насанд хурдтай явагддаг. Аутизмын эмгэгийг бүрэн тодорхойлоход ихэнхдээ 18 сараас хойш илрүүлдэг байна. Харин албан ёсны онош тогтооход ихэвчлэн 2-3 насыг хамгийн тохиромжтой гэж мэргэжилтнүүд үздэг аж. Гэхдээ хүүхэд сургуулийн орчинд орохоор анхаарал төвлөрөх, харилцааны асуудлууд илүү тодорсноор зарим онош оройтох тохиолдол бий.
Нийслэлийн нэгэн дүүргийн цэцэрлэгт 500 гаруй хүүхэд байдгаас албан ёсоор аутизмын онош тогтоогдсон зургаан хүүхэд байдаг аж.
Эцэг эхийн ажиглалтаас гадна сургуулийн өмнөх насны боловсролын мэргэжилтнүүд мэдээлэл сайн байх шаардлагатай. Нэг үеэ бодвол цэцэрлэгийн багш нар аутизм, дэлгэцийн донтолт болон бусад төрлийн эмгэгийн ялгаа, онцгой хүүхдүүдтэй хэрхэн ажиллах туршлага суусан ч анхаарах шаардлагатай зүйл бий.
Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-аас сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд багшилж буй мэргэжилтнүүдэд удаа дараа сургалт, семинар ордог. Ингэхдээ нэг удаагийн сургалтад аутизм нь вакцинаас хамааралтай гэх ташаа ойлголтыг багш нарт өгсөн байна.
Аутизмын шалтгааныг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг гэж үздэг. Гэхдээ өнөөг хүртэл яг баттай шалтгааныг эрдэмтэд олоогүй байгаа.
Нэг үе хотжилтын эмгэг гэж таамагладаг байсан ч баталгаа байдаггүй. Алс холын Баян-Өлгийгөөс эхлээд Хөвсгөлийн тайгаас ч аутизмын эмгэгтэй хүүхдүүд ирдгийг мэргэжилтнүүд ярьж байв.
Нийслэлийн Ерөнхий Боловсролын нэгэн тусгай хэрэгцээт сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд 314 суралцагч байгаагийн 106 нь аутизмын эмгэгтэй. Дунд ангид суралцагчдын тоо 29 бол бага ангид 77 хүүхэд явдаг.
Жил ирэх тусам аутизмтай хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн багш, мэргэжилтэн бэлдэх шаардлагатай тулгарч байгааг харуулж буй хэрэг юм.
Дээрх сургуульд энгийн хүүхдүүдэд найман жил багшилсан Б сүүлийн хоёр жил тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байна. Түүний ангид 10 хүүхэд суралцдагийн дөрөв нь аутизмын эмгэгтэй.
Хүүхдүүд зураг зурах дуртай тул заах арга барилдаа энэ чиглэлийн аргазүйг түлхүү ашигладаг байна.
Зургаар өөрийгөө илэрхийлэх, зурсан зүйлээр нь хүүхдийн болон тухайн гэр бүлийн сэтгэлзүйн байдлыг таних аргачлалыг сүүлийн үед мэргэжилтнүүд түлхүү ашиглаж байгаа аж.
Өнгөрсөн жилээс сургуулийн насанд хүрсэн ч аутизм болон бусад төрлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асран хамгаалагчдын хүсэлтээр цэцэрлэгт дахин нэг жил сургах боломжтой болсон.
Тодруулбал зургаан нас хүрсэн ч сургуульд явуулах эсвэл цэцэрлэгт дахин нэг жил суралцах сонголтыг эцэг, эх, асран хамгаалагчид нь өгдөг болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|