Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен энэ сарын 25-наас 28-ныг дуустал манай улсад айлчилж буй.
Профессор Ерөнхийлөгч буюу Александр Ван дер Беллен Эстони, Австрийн хос иргэншилтэй нэгэн. Тэр үнэтэй машинаар олон бие хамгаалагчтай явдаггүй. Харин гудамжаар алхаж, метрогоор зорчихыг илүүд үздэг "ногоон" үзэлтэй удирдагч юм.
1944 нэгдүгээр сарын 18-нд Австрийн Вена хотод төрсөн юм. Өдгөө 81 настай улс төрчийн эцэг нь орос, эх нь эстони хүн. Өвөө нь болох Александр Фон дер Беллен улс төрч, зохиолч хүн байв. Хожим Орост Большевикууд ноёлох үеэр Эстони руу дүрвэжээ.
Харамсалтай нь 1940-оод оны үеэр Эстони улс Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ын бүрэлдэхүүнд орсноор эцэг, эх нь Герман руу нүүжээ. Улмаар Вюрцбургийн ойролцоох дүрвэгсдийн хуаранд хэсэг хугацаанд оршин суусны дараа гэр бүл нь Вена хотод суурьшсан түүхтэй.
Ирээдүйн ерөнхийлөгч бага насаа Австрийн Тироль мужийн Каунерталь хэмээх жижиг тосгонд өнгөрүүлжээ. Тэрбээр багаасаа уран зохиолд, ялангуяа Америкийн гэмт хэргийн талаар өгүүлдэг зохиолд дуртай байв. Сүүлд буюу 1958 онд Австрийн иргэншилтэй болсон юм.
Тэрбээр эцгийнхээ зөвлөснөөр Инсбрукийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж, 1970 онд докторын зэрэг хамгаалсан юм. Улмаар их сургуульдаа туслах ажилтан, дараа нь Берлиний их сургуульд ажиллажээ.
Улмаар 1975 онд эрдмийн зэрэг хамгаалсныхаа дараа их сургуульдаа дэд профессор болж, Вена хотод эргэн ирсэн байна. Таван жилийн дараа Венийн их сургуулийн профессор болжээ. Чингээд 1990-1994 онд Эдийн засгийн факультетийн декан, орлогч даргаар ажилласан түүхтэй.
АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннеди, Австрийн Холбооны Канцлер Бруно Крайский нарын улс төрийн үзэл суртлыг эрс дэмждэг байсан залуу эр 1970-аад оны үед Социал Демократ Намын гишүүнээр элссэн ч удалгүй гарчээ.
Харин хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын хямрал, хүний эрх зэрэг байгаль орчны асуудлыг судлах болсноор Ногоон Намд элссэн байна. 1994 онд Ногоон Намаас Австрийн Үндэсний зөвлөлд (парламентын доод танхим) сонгогдсон.
1997 онд намын дарга, 1999 онд парламент дахь бүлгийн даргаар дэвшсэн.
2008 оны сонгуульд нам нь 10 хувийн санал авснаар намын даргын суудлаасаа огцорчээ. Гэхдээ 2016 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшээд 53.69 хувийн саналаар ялалт байгуулж, 2022 онд дахин сонгогдсон юм.
Ингэснээр Австрийн 12 дахь төрийн тэргүүн болжээ. Мөн Австрийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон найм дахь улс төрч аж.
Александер Ван дер Беллен 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 15 дахь удаагаа төрийн айлчлал хийж буй нь Монгол Улс. Түүний айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулж буй. Харин Азийн орнуудаас гурав дахь нь болж байна.
Өмнө нь 2018 онд БНХАУ-д төрийн айлчлал хийж, тус улсын тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж байв.
Түүнчлэн манайд ирэхээсээ өмнө буюу энэ сарын 21-нээс 24-нийг дуустал Япон Улсад айлчилсан байна.
Тэгвэл Европын орнуудаас манай улсад айлчлал хийсэн тав дахь ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн төрийн тэргүүн Анджей Дуда, Германы Франк-Вальтер Штайнмайер, Швейцарын Виола Амхерд нар манай улсад ирсэн билээ.
Австрийн Ерөнхийлөгч бол хамгийн ахмад төрийн тэргүүний нэг. Өдгөө 81 настай түүний хоёр дахь засаглалын бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусна.
Бусад улс орны төрийн тэргүүнүүдтэй харьцуулахад тэр хамгийн ахмадаараа 11-т бичигдэж байна. Энэ жагсаалтыг 92 нас хүрч буй Камеруны Пол Бийя тэргүүлдэг аж.
Австрийн төрийн тэргүүн өдөр тутамдаа хотын гудамжаар алхаж, дугуй эсвэл метрогоор зорчих нь энгийн үзэгдэл. Түүний энэ философи гадаад улс оронд айлчлахад ч өөрчлөгддөггүй. Тухайлбал АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохдоо метрогоор зорчиж байгааг нь гэрэл зургаар баримтжуулжээ.
Мөн Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай албан уулзалт хийхээр Меран хот руу нийтийн галт тэргээр зорчсон нь олны анхаарлыг татаж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
|