Монгол болон Япон Улс нь “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 оны арваннэгдүгээр сард байгуулсан.
Энэ хүрээнд монгол залуусын байгаль орчин болон гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, мод тарих, Япон Улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр "Байгаль орчны сургалтын Монгол Япон залуучуудын солилцооны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа юм.
Тус хөтөлбөр энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн сард нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр Японы Токио болон Кагошима хотоор аялж, туршлага судаллаа.
Хүн төрөлхтөн дэлхийн дулаарал, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай ярих болсон. Энэ хүрээнд 2050 он гэхэд байгалийн цэвэр эрчим хүчийг хэрэглээндээ ашигладаг болохоор зорьж яваа билээ.
Японы Токио хот тус зорилтыг биелүүлэх үүднээс устөрөгчийн эрчим хүчийг ашиглахаар судалж байгаа юм. Токио бол Япон дотор хамгийн их цахилгаан эрчим хүч ашигладаг хот. Одоогоор дулааны цахилгаан станцаар дамжуулж эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа. Гэхдээ 2030 он гэхэд гаргаж буй хүлэмжийн хийг 50 хувь бууруулаад 2050 онд 0 хувь болгохоор төлөвлөжээ.
Тэд дулааны цахилгаан станцыг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар судалж байгаа юм. Нарны, салхины эрчим хүч нь нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй боловч эрчим хүчийг тогтмол гаргах чадваргүй байдаг нь сул тал. Ийнхүү байгалиас эрчим хүч гаргаж авахаар олон жил судалгаа хийсний үр дүнд устөрөгчийг олжээ. Ирээдүйд устөрөгчийг эрчим хүчнийхээ гол суурь бааз болгох аж.
Тиймээс устөрөгчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, бүтээн байгуулалтад зориулсан мэдээллийг бүх насны хүмүүст хүргэх зорилгоор 2016 оны долдугаар сарын 17-нд Устөрөгчийн мэдээллийн төвийг нээжээ. Анх энэ газар судалгааны төв байсан бөгөөд удалгүй Ус төрөгчийн музей болгон өөрчилсөн байна.
Устөрөгч нь дэлхий дээрх хамгийн хөнгөн, өргөн тархсан атом бөгөөд шаталт эсвэл химийн урвалаар эрчим хүч болгон ашиглах боломжтой. Устөрөгчөөр ажилладаг түлшний элементтэй тээврийн хэрэгсэл, автобуснууд Токиод үйлчилгээнд нэвтэрч эхэлсэн. Ирээдүйд том оврын усан онгоц, нисэх онгоц зэрэгт ус төрөгчийг түлш болгон ашиглах боломжтой гэв.
Одоогоор устөрөгчийг ихэвчлэн байгалийн хий, үйлдвэрлэлийн процессын дайвар бүтээгдэхүүнээс гарган авч байгаа. Гэхдээ ирээдүйд "Ногоон устөрөгч" (Green Hydrogen) буюу үйлдвэрлэлийн явцад ч нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, сэргээгдэх эрчим хүчээр гарган авах ус төрөгчийн хэрэглээг бүрэн нэвтрүүлэх төвлөсөн байна.
Устөрөгчийн гол давуу тал нь их хэмжээний эрчим хүчийг удаан хугацаанд хадгалах боломжтойд оршино. Хавар цахилгааны хэрэглээ бага үед нарны эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг устөрөгч болгон хуримтлуулж, зун болон өвлийн улиралд өндөр хэрэглээтэй үед эргээд ашиглах байдлаар зорьж байгаа. Иймд устөрөгч нь сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой түгээх, дэмжих механизмын үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2035 он гэхэд Японы устөрөгчийн зах зээл 4 их наяд иенээс давна хэмээн таамаглаж байгаа аж. Хамгийн гол нь үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгчдэд очих хүртэлх устөрөгчийн эрчим хүчний өртгийг хэрхэн бууруулах талаар Япончууд судалж байгаа юм.
Энэ төрлийн эрчим хүчийг зөвхөн ахуйн хэрэглээнд ашиглах бус 2030 он гэхэд тээврийн салбарт нэвтрүүлэх юм. Том оврын тээврийн хэрэгсэл, хөлөг онгоц зэрэгт устөрөгчийг ашиглах төлөвтэй байна. Үүний тулд Токио хотын захиргаа автомашины нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах ажлыг эрчимжүүлжээ. Учир нь тээврийн салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 80 хувийг автомашинууд бүрдүүлдэг.
Устөрөгчөөр ажилладаг машиныг зардал болон дэд бүтцээс шалтгаалж түгээмэл ашиглахгүй байгаа. Гэхдээ ихэвчлэн үйлчилгээ буюу тээврийн салбарт ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Тоёото компани одоогоор устөрөгчөөс гаргасан авсан түлшээр ажиллах боломжтой нийт 8,000 суудлын автомашин үйлдвэрлэжээ.
Устөрөгчийн машины тоо цөөн байгаагийн гол шалтгаан нь түлш цэнэглэх газар юм. Машины түлш цэнэглэх газар Япон даяар ердөө 150 гаруй байдгийн 20 нь Токио хотод байдаг аж. Түлш цэнэглэх газрын тоо цөөн учраас устөрөгчийн машины хэрэглээ эрчимтэй нэмэгдэхгүй байгаа аж.
Түүнчлэн зардал өндөртэй буюу жирийн машинаас хэд дахин үнэтэй, тусгай журмаар хадгалдаг байна. Цаашдаа хууль зүйн орчныг зөөлрүүлж, түлш цэнэглэх газрын тоог нэмэх, зардлыг багасгаж өгснөөр устөрөгчийн машины тоо нэмэгдэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|