УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганаар Татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх асуудал олны анхаарлыг татаж байна.
УИХ-ын гишүүд "татварыг ингэж бууруулна" гэх мэтээр уралдан ярьж байгаа энэ үед Сангийн яам болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан албан ёсны ажлын хэсгийн зүгээс Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвар (ААНОАТ)-ын шинэчлэлийг хэрхэн хийх гэж буй талаар мэдээлэл хүргэе.
Өмнө нь Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын тухай хуулийг хэрхэн шинэчлэх гэж байгаа талаар мэдээлж байв.
Манай улсын төсвийг 30 нэр төрлийн албан татвар, төлбөр, хураамжаас бүрдүүлдэг. Үүний нэг ААНОАТ юм. Улсын төсвийн орлогын 25 хувийг зөвхөн энэ төрлийн татвараас бүрдүүлж байгаа.
Өнгөрсөн оны байдлаар манай улсад ашигтай үйл ажиллагаа явуулсан 259,551 аж ахуйн нэгж, байгууллага бий. Тэд 2024 оны улсын төсөвт нийт 4.5 их наяд төгрөгийн ААНОАТ-ыг төлсөн.
Татварын Ерөнхий Газар нь энэ төрлийн татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагыг ТОМ, ДУНД, ЖИЖИГ, БИЧИЛ хэмээн дөрөв ангилдаг. Албан татвар ногдох орлого нь 300 сая хүртэл бол БИЧИЛ, 300 саяас 1 тэрбум бол ЖИЖИГ, татвар ногдуулах орлого нь 1.5-6 тэрбум хүртэл бол ДУНД, 6 тэрбумаас дээш бол ТОМ аж ахуйн нэгж гэж ялгаатай байдлаар тодорхойлсон байна.
Хамгийн сонирхолтой нь 2024 онд улсын төсөв төвлөрсөн ААНОАТ-ын 87.4 хувь буюу 3.9 их наяд төгрөгийг ердөө 906 аж ахуйн нэгж, байгууллага бүрдүүлсэн байгаа юм. Одоогийн байдлаар манай улсад 1.5-6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 2,761 аж ахуйн нэгж, байгууллага байгаа бөгөөд тэд ААНОАТ-т 235.6 тэрбум төгрөгийг төлжээ.
Түүнчлэн ЖИЖИГ болон БИЧИЛ сегмент нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчдийн 98.6 хувийг бүрдүүлдэг байна. Үндсэндээ манай улсын хэмжээнд нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 255,884 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэд ААНОАТ-ын 7.5 хувь буюу нийт 336 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Үүнээс 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хэмээн мэдүүлсэн 209,645 аж ахуйн нэгж байгууллага манай улсад үйл ажиллагаа явуулж байна.
Татварын ерөнхий газрын мэдээлж буйгаар аж ахуйн нэгж, байгууллагуудыг борлуулалтын орлогоос нь гадна ААНОАТ-ыг төлж буй хувь хэмжээгээр ангилж болох аж.
Жишээлбэл өнөөдрийн байдлаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар төлж буй нийт 329 компани байна. Энэ нь нийт аж ахуйн нэгж байгууллагын ердөө 0.2 хувийг эзэлдэг. Харин тус татварыг 10 хувиар төлдөг 8,471 компани байгаа бөгөөд нийт аж ахуйн нэгж байгууллагын 5.5 хувийг эзэлдэг.
Тэгвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд нь 10 хувиар тооцуулж төлчхөөд буцаан олголтоо авч буй 16,208 татвар төлөгч байгаа юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ААНОАТ-ыг үндсэн гурван шатлалаар хураан авч байгаа. Үүнд:
Тиймээс Сангийн яамны зүгээс татварын багш хуулийн шинэчлэлээр ААНОАТ-ыг дөрвөн шатлалтай болгохоор тооцож байна. Тухайлбал:
Энэ талаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Татварын багц хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Бараг өдөр бүр УИХ-ын гишүүд татвар бууруулах, өөрчлөх тухай ярьж байна. Энэ бол ингэж хөөргөх асуудал биш.
2023 оны байдлаар 59,304 аж ахуйн нэгж, байгууллага Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувиар төлжээ. Энэхүү аж ахуйн нэгжийн тоо одоогийн байдлаар 70 гаруй мянгад хүрсэн. 2023 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувиар төлсөн 59,304 аж ахуйн нэгж, байгууллагын 54,000 орчим нь 1,280 хүний эзэмшилд байна.
Жишээлбэл тухайн иргэн бизнес хийж үйл ажиллагаа өргөжөөд орлого нь 1.5 тэрбум төгрөгт хүрэхээс өмнө дахин нэг компани байгуулдаг. Ингэж явсаар нэг хүн 30-40 компанитай болж, татвараас зугтааж байгаа юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувиар төлөх 1.5 тэрбум төгрөгийн босгыг 2.5 тэрбум төгрөг болгож байгаа. Гэхдээ иймэрхүү байдлаар татварыг гурван жилийн хугацаатай тайлагнаж төлнө.
Мөн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамтай нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг 2-3 хувиар бууруулах тухай асуудал яригдаж байгаа. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг асуудлыг зогсоохоор хэлэлцэж байна. Улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэлийг цуглуулдаг 1,100 гаруй байцаагч ажилладаг. Иймэрхүү ажлын байрыг цомхотгож, Татварын ерөнхий газарт нэгдсэн байдлаар шилжүүлэх хэрэгтэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
|