Индэр    
Өчигдөр 16 цаг 44 минут
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ирээдүйн эко амьдрал болон самурайн түүхийг зэрэгцүүлэн цогцлоосон Хамарикю цэцэрлэгийн тухай

Зураг

Монгол болон Япон Улс нь “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 оны арваннэгдүгээр сард байгуулсан.

Энэ хүрээнд манай улсын "Нэг тэрбум мод тарих" үндэсний аяныг сурталчлах зорилгоор монгол залуусын байгаль орчин болон гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, мод тарих, холбогдох байгууллага, хүмүүстэй танилцаж харилцаа холбоо тогтоох, Япон Улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр "Байгаль орчны сургалтын Монгол Япон залуучуудын солилцооны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа юм. 

Тус хөтөлбөр энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжиж байгаа бөгөөд гуравдугаар сарын 11-18-нд нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр Японы Токио болон Кагошима хотоор аялж, туршлага судаллаа.

Энэ жилийн тухайд "Байгаль орчны сургалтын Монгол Япон залуучуудын солилцооны хөтөлбөр"-т оролцогчдыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас бүрдүүлсэн юм. Тэд аймаг, дүүргийнхээ ногоон хөгжил, байгаль орчны хамгаалал, мод тарих үйлсэд идэвхтэй оролцдог учраас төлөөлөл болж явсан билээ.

Мөн Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд хүрээлэн буй орчин, ойн чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг тус хөтөлбөрт хамруулж, Японы орны туршлагаас судлууллаа.

зураг
 

 Энэ удаагийн нийтлэлд туршлага судлах аяллын эхний өдөр Токио хотын Хамарикю цэцэрлэг болон Кавасакагийн эко амьдрал, ирээдүйн музейтэй танилцсан талаарх мэдээлэл хүргэж байна. 

Кавасакагийн эко амьдрал музей нь ирээдүйд Япон хүмүүс байгаль орчинтойгоо хэрхэн зохицож амьдрах, үүний тулд юуг анхаарч, ямар ажил хийх талаар мэдээлэл өгөх зорилготой. Энд хогийг зөвхөн ангилахаас гадна дахин боловсруулах, нарны эрчим хүч ашиглах, дахин боловсруулсан зүйлээс юу гаргаж авдаг талаар цэцэрлэгийн насны хүүхэд ч ойлгохоор тайлбарлаж, бодит жишээг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа юм. Тус музейгээс нарны эрчим хүч болон хог дахин боловсруулах гэсэн үндсэн хоёр чухал ойлголтыг харж болно. 

Алхам алхмаар урагшлах нарны эрчим хүч...

Кавасакагийн эко амьдрал, ирээдүйн музей нь бүх зүйл байгальд ээлтэй байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг аж. Жишээлбэл музейн барилгын цахилгааныг хажуудаа байрлах нарны эрчим хүчний эх үүсвэрээс авч байна. Тэд нарны эрчим хүчийг маш сонирхолтой байдлаар шийдсэн.

зураг
 

Нарны эрчим хүч цуглуулах хавтанг зөвхөн өөрсдөдөө зориулж байршуулаагүй бөгөөд эргэн тойрондоо байрлах нефтийн үйлдвэр болон айлуудад давхар нийлүүлдэг. Нэг өдөрт нийтдээ найман сая киловатт энерги хураадаг байна. Дундаж хэрэглээтэй 2,000 өрхийн бүтэн нэг жил хэрэглэх цахилгааныг энэхүү нарны эрчим хүч хураагуур нэг өдрийн дотор цуглуулдаг аж. 

2018 оны наймдугаар сард 38,000 хавтанг 11 га газарт суурилуулсан байна. Энэ нь 14 хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц хэмжээ юм.

Нарны эрчим хүчийг бүрхэг өдөр болон шөнө хураах боломж тун ховор. Гэхдээ хэрхэн хураах талаар судалгааг хийж буй тухай музейн тайлбарлагч ярьж байлаа. Угтаа ямар нэгэн байдлаар нүүрс хүчлийн болон хорт хий ялгаруулахгүйгээр байгалийн өгөөжөөс цахилгаан гаргаж авч буйгаараа давуу талтай.

Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээндээ ашиглана гэдэг уриа төдий зүйл биш. Харин бага багаар хэрэглээндээ нэвтрүүлж, иргэдээ мэдээлэлжүүлэх ёстойг тус газрын туршлага харуулж байлаа. 

зураг
 
зураг
 
Мөн музейг зөвхөн үзүүлэн төдий зүйлээр дүүргэх бус доод давхарт хог шатаах үйлдвэр ажиллаж, хажууд нь нарны эрчим хүч үйлдвэрлэж байлаа. Энэ нь эко амьдрал хэрхэн бий болох талаар мэдлэг мэдээллийг бодитоор өгсөн юм. Музейн нэгэн хэсэгт хүний өдөр тутамд өмсдөг хувцасны хэдэн хувийг хог хаягдлаар хийж болох талаар харуулсан байгаа юм.

Япончуудын ирээдүйн эко амьдрал ямар байх вэ?

Токио хотын Кавасака дүүрэг өмнө нь далай байжээ. Япончууд 20 дугаар зууны эхэн үеэс далай дээр эх газар байгуулахын тулд өрхүүдийн аж ахуйгаас гарч буй хог хаягдлыг булж эхэлсэн байна. Энэ арлын хөрс нь үндсэндээ хог хаягдлаас бүтсэн гэж болно.

Гэхдээ хог хаягдлаар арал байгуулсны дараа 15-20 жилийн хугацаанд нийтэд зориулсан байшин барихыг хориглодог. Хог хаягдалтай хөрсөө маш сайн цэвэрлэх ёстой аж. Үүний тулд бороотой өдөр хөрс рүү нэвчиж буй бохир усыг том саванд цуглуулаад далай руу цутгадаг байна. Ийм байдлаар хөрс цэвэрлэх процессыг 15-20 жил хийсний дараа нийтийн зориулалтаар ашиглахад бэлэн болох юм.

Токио хотын 27 дүүрэг тус бүрдээ хог шатаах үйлдвэртэй. 12 сая хүн амьдарч буй энэ хотод хог хаягдал маш чухал асуудал. Тиймээс айл бүр гэртээ хогоо ангилаад шатаах үйлдвэр рүү явуулдаг байна. Дахин боловсруулах үйлдвэрийн ажлыг хөнгөвчлөхийн тулд хүүхэд наснаас нь хогийг ангилж сургах ёстой. Шатаах зориулалттай хогийг долоо хоногт хоёр удаа, хуванцар хогийг нэг удаа, шил лаазыг хоёр долоо хоногт нэг удаа гэрийнхээ гадна гаргаж тавьдаг. Дахин боловсруулах үйлдвэрийн машинууд хогийг авч яваад тэр дор нь шатаах зууханд хийдэг байна. 

Хог шатаах үед үүсэх хорт хийг үйлдвэрт цэвэршүүлээд зөвхөн цагаан утаа яндангаар гарах юм. Нэг өдөрт 300 тонн хог шатаадаг. Хог шатаахад гарч буй энергиэр тог үйлдвэрлээд байгууллагынхаа ахуйн хэрэгцээнд нийлүүлдэг. Хог шатааснаас гарах үнсийг тусгай газарт авч очоод булдаг.  

Японы иргэд хоол хүнсийг зөвхөн хэрэглээндээ зориулж бага хэмжээгээр авахыг хичээдэг аж. Аль болохоор бага хог хаягдал гаргах, хүнсний алдагдлаас сэргийлэх ёстойг дурдаж байлаа. Иймэрхүү байдлаар байгальд нэг ширхэг ч хог хаяхгүй амьдрахын төлөө энэхүү арлын хүмүүс бага багаар эхэлжээ. Гол нь хог хаягдалгүй амьдрахын тулд иргэдээ мэдээлэлжүүлэх шаардлагатай аж.

Хотын төвийн өндөр барилга дунд самурайн түүхийг хадгалж Хамарикю цэцэрлэг

Хотын төв гэхээр өндөр барилга, худалдаа, орон сууц бодогдож магадгүй. Япончууд хотын төвдөө эртний уламжлал, түүх соёлоо хадгалж үлдсэн цэцэрлэгүүдийг цогцлоосон байдаг. Үүний нэг нь Токио хотын төвд Сумида голын ойролцоо байрлах Хамарикю цэцэрлэг юм.

Энэ цэцэрлэгт хүрээлэн Эдогийн үед (1603-1868) Токугава удмынхны хувийн эзэмшил байсан. Тухайн үед самурайн ан агнуурын газар, амралтын ордон болгон ашиглаж байв.

Улмаар Мэйжигийн эрин (1868-1912) эхэлж, тухайн баатрын ноёрхол дуусмагц, Японы эзэн хааны гэр бүлийн өмч болж, "Хамарикю эзэн хааны цэцэрлэг" хэмээн нэрлэжээ. Гэвч 1945 онд Дэлхийн II дайны дараа уг цэцэрлэгийг Токио хотын захиргаанд шилжүүлж, олон нийтэд зориулсан байдлаар нээсэн. Эдогийн үед самурай нар морин тэргээр зугаалж, шонхроор ан хийснийхээ дараа дайллага хийдэг байсан гэв.
Хамарикю цэцэрлэгээс чимээ аниргүй амар амгалан орчныг нэн түрүүнд мэдэрнэ. Токио хотын төв хэсэгт байрладаг ч модоор хүрээлэгдсэн учир тээврийн хэрэгслүүдийн чимээг сайн тусгаарласан байна. Нийт 250,165 метр квадрат талбайтай бөгөөд 6,000 гаруй модтой аж.

Тэр их модыг ердөө таван хүн өдөр бүр арчилж, мөчирлөдөг гэв. Явган хүний зам, эртний самурайн амьдарч байсан байшин, цөөрөм зэргийг маш эмх цэгцтэй тохижуулсан. Бодит байгальд алхаж буй мэт мэдрэмж төрүүлэхээр засаж янзалжээ. Хотын төв гэхээр өндөр барилга барьдаг бус эртний түүхтэй цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, хүмүүст байгаль болон соёлоо хамгаалах сэдэл өгөх зорилготой талаар тайлбарлагч онцолж байлаа. 

Цэцэрлэг рүү орох хаалганы ойролцоо 300 жилийн настай аварга том нарс мод байрлана. Энэ модыг олон жилийн турш нарийн арчилснаар төгс хэлбэрт оруулжээ. Цэцэрлэгт эртний самурайн үед ашиглаж байсан нугас агнуурын хоёр талбай байдаг.

Самурайнууд шонхроор бариулсан нугаснуудын сүнсийг амирхуулахаар дурсгалын хөшөөг барьжээ. Мөн нугасыг агнахдаа ашигладаг байсан нуугдмал агнуурын байрнууд өнөөдрийг хүртэл хадгалагдан үлджээ.