Зураг
Зураг
Индэр    
2025 оны 5 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч

ИНФОГРАФИК: Монголчууд үйлчилгээний хүртээмжгүй байдлаасаа болж 2024 онд $3.1 тэрбумыг үржээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанк иргэдийн халааснаас өдөр тутамд гарч, ордог ам.долларыг ҮЙЛЧИЛГЭЭНИЙ данс дээр бүртгэдэг.

Тус дансны сүүлийн таван жилийн мэдээллийг ашиглан, монголчууд үйлдвэрлэл, технологи, үйлчилгээний хүртээмжгүй байдлаасаа болж хэр хэмжээний ам.доллар үрдэг талаар мэдээлэл хүргэе. 

2024 оны байдлаар монголчууд боловсрол, санхүү, эмчилгээ гэх мэт үйлчилгээнүүдээр дамжуулан 1.5 тэрбум ам.доллар олсон байна. Гэвч зөрүүлээд 4.6 тэрбум ам.долларыг гадаадын орнуудад алджээ. Үндсэндээ байгалийн баялгаа зарж олсон ам.доллар маань Монголд бус гадаадад шингээд байгаа гэсэн үг.

Иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын дансаараа оруулж, гаргаж буй гадаад болон дотоодын мөнгөн шилжүүлгүүдийг 12 үйлчилгээнд хувааж бүртгэдэг. Жишээлбэл та нэг орон руу аялах зорилгоор буудлынхаа мөнгийг төгрөгийн данснаасаа шилжүүлсэн гэе. Түүнийг тухайн өдрийн Монголбанкны ам.долларын ханштай дүйцүүлж аялал жуулчлалын үйлчилгээний төрөлд бүртгэдэг байна.

1. 2024 онд Боловсролын үйлчилгээгээр дамжуулан гадаадад 602.4 сая ам.доллар үрсэн

Хамгийн сонирхолтой нь монголчууд ихэвчлэн эмчилгээ, боловсрол, санхүүгийн үйлчилгээг гадаадаас худалдан авдаг байна. Зөвхөн аялал жуулчлалын үйлчилгээний данс гэхэд өнгөрсөн онд 954.4 сая ам.долларын алдагдалтай гарсан.

Тухайлбал манай улс хувийн аяллаар дамжуулж 581.7 сая ам.долларыг олсон бол эргүүлээд 1.5 тэрбум ам.долларыг алдсан байна. Мөн боловсролын үйлчилгээгээр дамжуулж 42.1 сая ам.доллар олсон бол 602.4 сая ам.долларыг гадагшаа алдсан байгаа юм. 

2. зөвхөн ачаа бараа тээвэрлэхэд 1.4 тэрбум ам.доллар үрдэг

Уул уурхайгаас олж авсан ам.доллароо хамгийн их алдаж буй дараагийн үйлчилгээ бол тээвэр юм. Тээврийн үйлчилгээний дансны алдагдал жил ирэх тусам өссөөр л байна. Өнгөрсөн онд гэхэд тээвэртэй холбоотой үйлчилгээний данс 800 сая ам.долларын алдагдал хүлээжээ.

Үндсэндээ 1.4 тэрбум ам.долларыг зөвхөн ачаа бараа тээвэрлэхэд алдсан бол 606.5 сая ам.долларыг олсон байна. Үүний дийлэнх алдагдлыг буюу 1.2 тэрбум ам.долларыг ачаа тээвэрлэлтэд зарцуулсан байгаа юм. Харин зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ өнгөрсөн онд 13.6 сая ам.долларын алдагдалтай гарсан өмнөх жилүүдийг бодвол харьцангуй эерэг үзүүлэлт болжээ.

3. Монголчууд өнгөрсөн жил 12 сая ам.долларыг санхүүгийн мэдлэгээрээ олжээ

Барилга, барилгын ажил болон Санхүүгийн үйлчилгээний данс өнгөрсөн оны байдлаар 396 сая ам.долларын алдагдалтай гараад байна. Зөвхөн барилга, барилгын ажил үйлчилгээгээр дамжуулан ердөө 43.6 сая ам.доллар олсон бол зөрүүлээд 223.8 сая ам.долларыг гадагшаа урсгажээ. Мэдээж энэ тоон үзүүлэлт эдийн засаг идэвхжих тусам өссөөр байгаа юм. 

Монголчуудын ур чадвараас шалтгаалж санхүүгийн үйлчилгээг гадаадын зөвлөх үйлчилгээний компаниудад мөнгө төлж авдаг. Манай улсын иргэд өнгөрсөн жил 12 сая ам.долларыг өөрийнхөө санхүүгийн мэдлэгээр дамжуулан олж ирсэн. Гэвч зөрүүлээд 228.2 сая ам.долларыг гадаадын зөвлөх үйлчилгээний компаниудад төлжээ. 

Дараах таван салбарын үйлчилгээнд хэр хэмжээний ам.доллар алддаг талаарх мэдээлэл:

4. Архитектор, инженер, шинжлэх ухаан болон технологийн үйлчилгээнд 706.6 сая ам.долларыг гадаадын улс орнууд руу урсгасан

Монгол хүний мэдлэгийн үнэлэмжээс шалтгаалж бизнесийн бусад үйлчилгээг ихэвчлэн гадаадаас худалдан авч байна. Тухайлбал өнгөрсөн онд мэргэжлийн болон удирдлагын зөвлөх үйлчилгээнд 458 сая ам.долларыг үрсэн бол зөрүүлээд 102 ам.долларыг Монголд оруулж ирсэн аж.

Ер нь бизнесийн бусад үйлчилгээ гэх ангилал маш их хэмжээний алдагдалтай гардаг. Энэ төрлийн үйлчилгээгээр дамжуулан 2020 онд 499 сая ам.долларыг гадагшаа гаргаж байсан бол 2024 онд 1.1 тэрбум болж нэмэгдээд байна. Эргээд олж буй ам.доллар нь хамгийн ихдээ 230 гаруй сая. 

Мөн өнгөрсөн оны байдлаар архитектор, инженер, шинжлэх ухаан болон технологийн үйлчилгээнд 706.6 сая ам.долларыг гадаадын улс орнууд руу урсгасан бол эргүүлээд 121 сая ам.долларыг олсон байна. Энэ бүх үйлчилгээг монгол хүн хийж чаддаг болчихвол ядаж дээрх хэмжээний ам.доллар дотоодод үлдэнэ.

5. Бусдын эзэмшлийн бараа бүтээгдэхүүнд нэмэлт боловсруулалт хийх үйлчилгээ 1.2 сая ам.долларын ашигтай гардаг

Монгол панзны орон гэдгийг нотлох нэгэн үзүүлэлт бол бусад улсын хийсэн бараа бүтээгдэхүүнд өөрийн нэр хаяг, хошгыг нааж зарах үйлчилгээ. Энэ төрлийн үйлчилгээ санасныг бодвол харьцангуй ашигтай гардаг. 2024 онд энэ төрлийн үйлчилгээний тэнцэл 1.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Тухайлбал гурван сая ам.долларыг гадагшаа урсгадаг ч эргүүлээд 4.3 сая ам.долларыг олж чаджээ. 

Эдийн засаг идэвхжихийн хэрээр хүний хэрэглээний түвшин нэмэгдэж байдаг. Гагцхүү иргэдэд нэн хэрэгцээтэй байгаа боловсрол, эмчилгээ, санхүүгийн үйлчилгээг дотооддоо өгдөг болчихвол хамгийн багадаа хоёр тэрбум ам.доллар Монголд үлдэнэ.

Эдийн засаг нь өрсөлдөх чадвар өндөртэй улс орнуудын валютын ханш чангарч, манайх шиг иргэдийнхээ хэрэгцээг дотооддоо ч хангаж дийлдэггүй улсынх сулардаг жамтай. Үүний цаана монгол хүний оюун үнэлэмж, хөдөлмөрийн бүтээмжийн асуудал нэн тэргүүнд яригдана. Нэн түрүүнд монгол хүн "ажлыг хийж чаддаг" болох хэрэгтэй.