Австралийн алслагдсан жижиг хотын захиргаа өөрийн хотод ирж ажиллах хүсэлтэй эмчид өндөр цалин, урамшуулал олгоход бэлэн байгаагаа зарлажээ.
Тус улсын Куинсланд мужийн Жулиа Крик хотоос хамгийн ойрын том хот Брисбэнд хүрэхийн тулд автомашинаар 19 цаг явдаг.
Тиймээс 550 орчим оршин суугчтай Жулиа Крик бол төвөөс үнэхээр алслагдсан суурин газар юм.
Тэгвэл тус хотын эрүүл мэндийн газар эмчээр ирж ажиллах хүнд жилийн 680,277 австрали долларын ($428,000) цалин амлаж байгаагаа саяхан зарлажээ.
Энэ нь Австралийн дунджаас долоо дахин өндөр цалин юм.
Бас үнэ төлбөргүй түрээсийн орон сууцаар хангаж, автомашины зардлыг нь даахаа амлажээ. Үүнээс гадна жил бүр гурван долоо хоног гаруй хугацааг мэргэжлээ дээшлүүлэхэд нь зориулах нөхцөлийг тусгасан байна.
Жулиа Крик хотод хамгийн ойр оршдог жижиг хотууд нь автомашинаар гурван цаг явж хүрэх зайтай Маунт Иса, найман цаг явж хүрэх зайтай Таунсвилл Сити ажээ.
Харин Австралийн гурав дахь том хот Брисбэнд хүрэхийн тулд 19 цаг явах шаардлагатай юм байна.
Тус хотын захиргаа 2022 онд мөн ижил ажлын зар гаргахад олон хүний анхаарлыг татаж байжээ. Тухайн үед Брисбэн хотоос нэг эмч тус хотод ажиллахаар очсон нь одоо буцаж байгаа юм байна.
Ер нь Австрали улс эрүүл мэндийн салбарын мэргэжилтний хомсдолтой тулгарч эхлээд байгаа. Тус улсын засгийн газар 2048 он гэхэд энэ хомсдол хэдэн мянгаар тоологддог болох тооцоо гаргасан байдаг.
Ялангуяа хөдөө орон нутагт эмчийн хомсдол ноцтой хэмжээнд хүрээд байгаа.
2023 онд манай гарагийн хамгийн алслагдсан том хотод тооцогддог Перт хотоос хоёр цаг явах зайд оршдог Куайрадинг Шэйр хот ирж ажиллах эмчид жилийн $189,000-ын цалин, дөрвөн өрөө байр санал болгож байжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
|