Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” олон улсын бага хуралд 10 орны шүүхийн салбарын 120 гаруй төлөөлөл оролцож байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL-Congressional Office for International Leadership)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдаан “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдвийн дор Гадаад харилцааны яаманд үргэлжилж байна. 

Тус хуралдааныг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран энэ сарын 16, 17-нд зохион байгуулах юм. 

“Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” олон улсын бага хуралд Армени, Эстони, Индонез, Казахстан, Киргизстан, Молдав, Узбекистан, Серби, АНУ, Монгол зэрэг 10 гаруй орны 40 шүүгч, эрх зүйч болон манай улсын 80 гаруй шүүгч, шүүхийн салбарын удирдлага, захиргааны ажилтнууд оролцож байна. 

Оролцогчид “Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь”, “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг судлал (database, caselaw) ашиглах нь”, “Дижитал эрин үе дэх хиймэл оюун ба шүүх”, “Кибер аюулгүй байдлын асуудлууд”, “Олон нийтийн мэдэх эрх ба шүүхэд итгэх итгэл”, “Дижитал эрин үе дэх шүүхийн сургалт: цахим хэрэгсэл, хиймэл оюуныг хэрэглэх чадварыг хөгжүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд зочид төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцож байгаагаар онцлог. 

Олон улсын манлайллын төв (COIL) нь Еврази, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн 25 оронд “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийг хэрэгжүүлж, америкчууд болон дэлхий даяарх түншүүдийн хооронд харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох зорилготой. Монгол Улсаас 2013 оноос эхлэн тус хөтөлбөрт 79 шүүгч, бусад салбарын нийт 134 мэргэжилтэн хамрагдсан байна.

"COIL олон улсын бага хурал нь хараат бус шүүхийг бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг цахимжуулахын төлөөх бидний хамтын эрмэлзлийг илэрхийлдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган "Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвийн төгсөгч шүүгчдийн дунд анх удаа бага хурал зохион байгуулж байна. 

COIL олон улсын бага хурал нь хараат бус шүүхийг бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг цахимжуулахын төлөөх бидний хамтын эрмэлзлийг илэрхийлж буй бөгөөд хууль, эрх зүйн манлайлагчдад бие биеэсээ суралцах боломж олгож, ач холбогдол бүхий шинэчлэл хийхэд нь хөтлөх юм. 

Дижитал технологийн хувьсал болон хиймэл оюун ухаан хүчтэйгээр нэвтэрч буй үйл явцад шүүхийн үр нөлөөтэй байдлыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулахад энэ хурал маань цаг үеэ олж байна.

Шүүхийн цахимжуулалтыг үр дүнтэй нэвтрүүлж, олон улсын оролцогчдын шилдэг туршлагыг солилцсоноор цаашдаа шүүхийн эрх мэдлийн хараат бус байдал, авлигатай тэмцэх, төрийн үйлчилгээний зардлыг бууруулах ач холбогдолтой" хэмээн ярилаа. 

"Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс цахим шүүх 2.0 хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлээд явж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвийн “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгч, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг "Миний хувьд 2013 онд энэ хөтөлбөр манай улсад анх удаа хэрэгжихэд оролцож байсан. 

Үүнээс хойш Монгол Улсаас нийт 79 шүүгч оролцсон байна. Хамгийн гол нь дэлхий даяар технологийн эрэн зуунд шүүх цахимжих нь гарцаагүй зүйл. Гэхдээ энэ дунд цахимжилтыг хэрэгжүүлэхэд хэргийн оролцогчдын эрхийг хангах, технологийн хөгжил хэрхэн хүртээмжтэй байх талаар ярилцаж байна. Мөн бусад улс орны туршлагаас суралцаж, хэрхэн нэвтрүүлэх ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байгаа юм. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хуулиудад шүүх цахим нотлох баримтыг үнэлэх, цахимаар шүүх хуралдааныг явуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах болсон бөгөөд хамгийн гол нь хүртээмжтэй, технологийг хүн бүр ашигладаг байх нь чухал. Энэ хүрээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс цахим шүүх 2.0 хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлээд явж байна" гэв.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг