Домогт BIGBANG хамтлагийн гол дуучин TAEYANG болон K-POP-ийн хүчирхэг хоолойт соло дуучин AILEE нар Монголын хөгжмийн тайзнаа ирэх өдөр ойртсоор байна. Уг тоглолтын талаар зохион байгуулагч “Evandis Entertainment” компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Super Concert 2025 ” тоглолт энэ сарын 21-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Тоглолт болох өдөр энэ зуны хамгийн халуун цаг агаартай өдөр байх төлөвтэй байгаа юм байна. Түүнчлэн тоглолтын үеэр үзэгчид болон уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 гаруй хамгаалалтын баг ажиллах ба үзэгчдэд зориулан тоглолтын үеэр баримтлах эерэг уриалга бүхий зөвлөмж гарган ажиллаж байгаа юм байна.
Уран бүтээлчдийг Монголоор аялах боломж олгохын тулд ивээн тэтгэгчдийн зүгээс нисдэг тэргээр зорчуулахаар болжээ.
Сонирхуулахад дуучин Ailee-н нөхөр Single's inferno шоуны од Choi Si hun Монголд ирэхээр болсон байна.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд дэлхийн хэмжээний, А зэрэглэлийн уран бүтээлч Монголд хүрэлцэн ирж байгаа нь хоёр улсын соёлын хамтын ажиллагааны түүхэнд онцгой үйл явдал болж байгаа аж.
Энэхүү тоглолт нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, хүний нөөцийг чадваржуулах, соёлын солилцоог бэхжүүлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах чадамжийг харуулах чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Энэ нь зөвхөн Азийн бус, дэлхийн хэмжээний уран бүтээлчид, продакшн багууд Монголд ирж хамтран ажиллах боломжийг тэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэв.
“Evandis Entertainment” болон хамтран зохион байгуулагч байгууллагууд дараагийн шатны дэлхийн алдартай уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой байгаа юм байна.
Түүнчлэн, “Super Concert 2025” тоглолт нь соёлын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, медиа, аюулгүй байдал зэрэг олон салбараар дамжин дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эерэг, олон талт нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол, судалгаанууд гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!