2025 он гарснаас хойш улаанбурхан өвчний 7,717 тохиолдол батлагдаад байна.
Одоогоор 5,807 нь эдгэрч, 693 нь эмнэлэгт, 1,212 нь гэрээр нь эмчлүүлж байгаа юм. Харамсалтай нь уг өвчний улмаас зургаан хүүхэд эндэв.
Халдварлалт өндөртэй боловч дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаар улаанбурхан өвчнөөс сэргийлэх боломжтойг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ) болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөж буй.
Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71.2 хувь нь вакциндаа хамрагдаагүй, 5 хувь нь вакцины нас болоогүй буюу есөөс доош сартай хүүхдүүд байна. Мөн нас барсан тохиолдлын дөрөв нь вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд байв. Иймд бага насны хүүхдүүдээ улаанбурхан өвчний эрсдэлээс сэргийлэхийн тулд 6-8 сартай хүүхдүүдийг вакцинаар дархлаажуулахаар шийдвэрлэж, орон даяар эхлүүлсэн.
Дархлаажуулалтыг өрх, сумын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжээр дамжуулан хийнэ. Эрсдэлээс сэргийлж, хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулахыг эцэг эх, асран хамгаалагч нарт уриалъя" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!