Дэлхий дахинд алдартай Их Британийн гадаад тагнуулын алба MI6-г анх удаа эмэгтэй хүн удирдахаар болжээ.
1999 оноос хойш ажиллаж буй 47 настай Блэйс Метревели тус байгууллагын 18 дахь тэргүүн болж, ирэх намар Сэр Ричард Мүүрийн халааг авахаар болсон байна.
Одоо тэр MI6-ийн Q хэлтэс буюу технологи, инновац хариуцсан албыг удирддаг ажээ. Өмнө нь MI6 болон дотоод сөрөг тагнуулын MI5 байгууллагуудад захирлын түвшний албан тушаалуудыг хашиж байсан юм байна.
Намтраас нь үзвэл Метревели нийгмийн антропологийн мэргэжлээр Кэмбрижийн Их сургуулийг дүүргэж, замналынхаа ихэнх хугацаанд Ойрх Дорнод, Европт гүйцэтгэх ажил үүргүүдийг хашиж байжээ.
“Блэйз Метревелигийн түүхэн томилгоо нь манай тагнуулын алба хэзээ ч ийм чухал үүрэгтэй байгаагүй цаг үед тохиож байна. Түрэмгийлэгчид Их Британийн усан хилд тагнуулын хөлөг онгоцоо илгээдэг, төрийн үйлчилгээг тасалдуулахын тулд хакерууд халдлага явуулдаг гэх мэт урьд өмнө байгаагүй их аюул занал өнөөдөр нүүрлэж байна” гэж Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер томилгоог зарлахдаа хэлсэн байна.
“Би өөрийн ажилладаг албыг удирдах болсон нь нэр төрийн хэрэг юм. MI6 нь MI5 болон бусад албадтай хамтран Британийн ард түмний аюулгүй байдлыг хангах, Их Британийн эрх ашгийг хилийн чанадад хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Би MI6-ийн эрэлхэг офицерууд, агентуудтай болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллах цагийг тэсэн ядан хүлээж байна” гэж Метревели мэдэгджээ.
Британийн бусад тусгай албадаас ялгаатай нь MI6 анх байгуулагдсан 1909 оноосоо хойш үргэлж эрчүүдээр удирдуулж ирсэн юм.
Метревелигийн томилгоо нь бас урлагийг амьдрал болгож байна.
Жэймс Бондын боссоор 17 жил ажилласан М-ийн дүрийг алдарт жүжигчин Жуди Дэнч бүтээж байсныг кино сонирхогчид сайн мэддэг.
Уламжлал ёсоор MI6 дотооддоо өөрийн даргыг C гэж нэрлэдэг нь “chief” гэсэн үгийн товчлол юм.
C нь тус байгууллагыг гадна талд төлөөлдөг цорын ганц албан тушаал бөгөөд бусад бүх ажилтнуудын нэр, албан тушаал нууц байдаг.
MI6-ийн одоогийн тэргүүн Мүүр 2020 оны есдүгээр сард томилогдож байжээ.
Британийн тагнуулын албадын дарга нар дээд тал нь таван жил ажиллаад зөвлөх болдог, эсвэл хувийн хэвшилд шилждэг юм.
Залгамжлагчаасаа ялгаатай нь Мүүр салбарын бус, дипломатч хүн байжээ. Тэрбээр өмнө нь Турк улсад дөрвөн жил элчин сайдаар ажиллахдаа тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай маш сайн харилцаатай болсон гэдэг.
MI6 хамгийн сүүлд Украинд халдах Оросын ерөнхийлөгч Владимир Путиний төлөвлөгөөг урьдчилан анхааруулж байв.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!