Украины дайны улмаас Өрнөдийн эдийн засгийн хоригт орсон Беларусь улсын үндэсний агаарын тээвэрлэгч Белавиа компани Африк тивийн Гамби улсад ашиглагдаж байсан Airbus компанийн гурван нисэх онгоцыг худалдаж авахаар болсныг албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Хоригийн улмаас Беларусь, Орос улсууд Өрнөдийн нисэх онгоц болон тэдгээрийн сэлбэг хэрэгслийг албан ёсны шугамаар авах боломжгүй болсон юм.
Тэгвэл Беларусийн эрх баригчид Гамби улсын Magic Air компанид ашиглагдаж байсан Airbus A330 онгоцнуудыг өнгөрсөн зун Минск хотод авчраад засварлаж байгаа юм байна.
Мөн Белавиа компани зөвхөн Боингийн онгоцнуудтай тул нисгэгчдээ Airbus онгоцонд сургах хэрэгтэй болсон ажээ.
Тус бүр нь 250 зорчигч тээвэрлэх багтаамжтай эдгээр онгоцнууд Минск хотод ирэхдээ техникийн нөхцөл байдал нь нэлээд муудсан байсан гэнэ. Беларусийн эрх баригчид онгоцнуудыг энэ хавар, зуны нислэгт ашиглаж эхлэхээр төлөвлөжээ.
Яг одоо онгоцнуудыг худалдан авах гэрээ байгуулагдах шатандаа явааг албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Magic Air нь нисэх онгоцны түрээс, засвар үйлчилгээний бизнес эрхэлдэг жижиг компани болохыг Гамби улсын бүртгэлийн мэдээлэл харуулж байгаа юм.
2.7 сая хүн амтай баруун Африкийн жижиг улс Гамби нь агаарын тээврийн салбарт авсан Өрнөдийн хориг арга хэмжээнд хамааралгүй юм байна.
Гэхдээ тус улсад бүртгэлтэй тэнгисийн хөлгүүд Оросын газрын тосыг хулгайгаар тээвэрлэсэн шалтгаанаар АНУ, Их Британи, Европын Холбооны хориг арга хэмжээгээр шийтгүүлж байжээ.
Олон улсын агаарын тээврийн нэгдсэн сангаас шалгахад Magic Air компани өнгөрсөн оны наймдугаар сард Кайр, Истанбул, Мускат хотуудаас гурван онгоцоо Беларусийн нийслэлд хүргэсэн нь батлагдаж байна.
Украины дайнаас өмнө буюу 2021 онд Беларусийн онгоцнуудыг Европын Холбооны нутаг дэвсгэр дээгүүр нисэхийг хориглож байжээ.
Афин хотоос Литвагийн чиглэлд нисэж байсан Ryanair компанийн онгоцыг Беларусийн эрх баригчид нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрөх үед сөнөөгч онгоцоор шахан буулгаж, дотор нь зорчиж явсан өөрийн сэтгүүлчийг баривчилж байсан юм. Үүний улмаас Беларусийн тал гадаадын нисэх онгоц хулгайлж, барьцаалсан хэрэгт буруутгагдаж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!