Индэр    
2025 оны 4 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Ууганбаяр: Өвчлөл их байгаа учир даатгалын сангийн мөнгө хүрэлцэхгүй байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 04 дугаартай тогтоолоор Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС)-гаас санхүүжүүлэх оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн жагсаалт зэрэг таван хавсралтыг шинэчлэн баталжээ.

Иргэдийн дунд ЭМДС-гийн санхүүжилттэй холбоотойгоор эхний зургаан сард, ингэхдээ сарын эхэнд "өвдөх" шаардлага тулгарч байна гэх мэтээр хэл ам тасрахгүй байна.

Энэ талаар тодруулахаар ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын Тусламж, үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Ууганбаяртай ярилцлаа.


- ЭМДС-гийн санхүүжилттэй холбоотой иргэдийн дунд бухимдал үүсээд байна. Энэ талаар танай байгууллага ямар бодлого баримталж байгаа вэ?

- Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2015 онд шинэчлэгдэн батлагдаж 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэ цагаас хойш эрүүл мэндийн даатгал нь албан журмын даатгал болсон. Мөн 2020 оны наймдугаар сард эрүүл мэндийн тухай багц хуульд өөрчлөлт орсноор нэг худалдан авалтын тогтолцоонд шилжсэн юм. Үүний гол зорилго ЭМДС-гийн мөнгийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн. Тодруулбал 2020 он хүртэл эрүүл мэндийн салбарын санхүүжилт улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сан гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүждэг байсныг нэгтгэсэн гэсэн үг. 

Ингэснээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага иргэнд үзүүлсэн бүхий л тусламжаа Үндэсний Зөвлөлийн тогтоолын тарифын дагуу нэхэмжилж санхүүжилтээ авдаг болсон юм.

Жишээлбэл өмнө нь 10 хүн үзэх эсхүл нэг хүнд үйлчилсэн ч ялгаагүй тогтсон дүнгээр санхүүжилтээ авдаг байсан бол одоо хэдэн хүнд үйлчилсэн гэдгээр нь санхүүжилт олгогдож байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн лавлагаа шатлалын эмнэлэгт л хамааралтай заалт.

Энэ заалтыг хүн ам цөөн сум, өрхийн эмнэлэг дээр хэрэгжүүлбэл тухайн анхан шатны эмнэлгүүд оршин тогтнох боломжгүй. 

Тиймээс анхан шатны эмнэлгүүд хүн амынхаа тоо болон аймаг, сум, нийслэлээс хэр хол вэ гэдгээсээ хамаарч, бүсчлэлийн коэффициентоор тооцоолоод нэг иргэнд ногдох тарифаар санхүүждэг гэж ойлгож болно.

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн хуваарийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл баталдаг бөгөөд  энэ оноос эхлэн сард зарцуулах төсвийн дээд хэмжээг зааж, эрүүл мэндийн байгууллагууд батлагдсан төсвийн хүрээнд тусламж, үйлчилгээгээ үзүүлнэ. Үүнд нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хувьд тоо хэмжээ заахгүй.

- Өнгөрсөн жил танай байгууллагын санхүүжилт нэг бус удаа доголдсон. Тухайлбал өнгөрсөн оны аравдугаар сард Эрүүл Мэндийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Нарантуяа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр даатгалын сангийн төсөв хоосорсон талаар ярьсан. Ямар шалтгаанаар ийм асуудал үүссэн бэ?

- Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 

  • 2021 онд - ₮1.3 их наяд,
  • 2022 онд - ₮1.6 их наяд,
  • 2023 онд - ₮1.7 их наяд,
  • 2024 онд - ₮1.9 их наяд,
  • 2025 онд - ₮2.3 их наяд болж нэмэгдсэн байна.

Даатгалын сангийн мөнгө жил бүр өсөж байгаа ч үүнийгээ дагаад тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо ч нэмэгддэг.

Жишээлбэл нь 2022 онд 2 сая орчим хүн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж авч байсан бол 2024 оны байдлаар 2.8 сая болж нэмэгдсэн. Энэ нь иргэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө эдэлж, тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгааг илтгэж байна. 

2022 оноос эхлээд иргэдийг урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамруулж эхэлсэн. Эдгээр иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг болон үзлэгээр илэрсэн өвчин эмгэгийн эмчилгээнд даатгалын сангаас багагүй мөнгө зарцуулсан байдаг.

Мөн 2021 оноос өмнө иргэн жилд ₮2 саяын даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой байсан. Үүнээс давсан тохиолдолд өөрөө 100% төлбөр төлж тусламж авдаг байсныг хязгааргүй болгосон.

Ингэхээр даатгуулагч иргэн өөрт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй нөхцөл үүсвэл хэчнээн ч төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. 2024 онд нэг иргэн дээд тал нь ₮202 саяын хөнгөлөлт эдэлсэн байдаг.

₮2 саяас дээш үйлчилгээ авсан хүний тоо 2021 онд 17,000 орчим байсан бол өнгөрсөн онд 142,000 болж нэмэгдсэн байдаг.
Тусламж үйлчилгээ авч буй иргэний тоо жил бүр нэмэгдсэн, үүнийгээ дагаад тохиолдлын тоо буюу өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хөнгөлөлт үзүүлж буй тусламж үйлчилгээгээ нэн шаардлагатай болон хүлээгдэж болох гэж ангилсан. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд эрчимт эмчилгээ, яаралтай, түргэн, төрөх, хүүхэд, хавдар, харвалт шигдээс гэх мэт өвчнүүд хамаарна. Тиймээс эдгээр тусламж үйлчилгээний санхүүжилтийг хэзээд бэлэн байлгах зарчмыг баримталж санхүүжилтээ түрүүлж олгож байгаа.

- Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш албаны хүмүүсийн мэдээлж буйгаар ЭМДС-гийн өрийн хэмжээ зөрүүтэй байдаг. Эхлээд ₮260 тэрбум гэж байснаа сүүлд нь ₮218 гэх мэтээр тоо нь зөрдөг. Ямар шалтгаанаар тоо нь зөрөөд байна вэ?

- Өр гэхээр хэн нэгэн сангийн мөнгийг дараад барагдуулсан мэтээр ойлгодог нь буруу. Учир нь эрүүл мэндийн байгууллага, эмийн санд иргэнд тусламж үзүүлсэн эсвэл хөнгөлөлттэй эм олгосон нэхэмжлэхээ илгээсний дагуу манай байгууллага журмын дагуу шалгаж санхүүжилтийг нь олгодог. Түүнээс хувь иргэн эсвэл аль нэг байгууллага руу шууд даатгалын сангийн мөнгийг шилжүүлэх боломжгүй. Тухайн байгууллагын үзүүлсэн тусламжийн санхүүжилт нь оны төсвөөс давсан тохиолдолд дараа онд олгодог, үүнийг л өр гэж нэрлээд байгаа юм.

Энэ оны эхний улиралд өнгөрсөн онуудад үүссэн байсан өглөгийг бүрэн барагдуулж ажиллаж байгаа.

Олон улсад бол тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 6 орчим хувийг эрүүл мэнддээ зарцуулж байвал балансаа барьдаг. Энэ оны байдлаар манай даатгалын санд зарцуулж байгаа мөнгө нь улсын ДНБ-ий 3 хувьтай тэнцдэг. Өвчлөл их байгаа учир даатгалын сангийн мөнгө хүрэлцэхгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
7
Зураг
БУРУУ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг