Нийслэлийн нягтаршил ихтэй байршилд барилгажилт их явагдаж, явган хүний замгүй, автомашины зогсоолгүй болсныг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр өөрийн биеэр явж үзэж, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллав.
Энэ үеэр тэрбээр "Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байна. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд барилгажилт их явагдсанаас шалтгаалж иргэд явганаар алхах боломжгүй байгаа. Тухайлбал зогсоолгүйгээс явган хүний гарцан дээр машинаа тавьчихдаг. Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээг хааж машинаа зогсоосноос түгжрэл үүсгэдэг. Хүнд зориулагдаагүй машинд зориулагдсан хот болсныг шийдье гэж байгаа юм.
Дүүргүүд явган хүний зам, талбайг өөрсдийн төсвөөр тохижуулах үүргийг өгсөн.
Төлөвлөгөөний дагуу дүүрэг бүрд тохижилт бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт явган хүн алхах замгүй болсон газруудын зарим хашаа хайсыг татуулах, газрыг чөлөөлөх, явган хүний замыг нээх ажил эхэлж байна.
Тус дүүргийн наймдугаар хороо, хуучнаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хойд тал, Спортын төв ордны зүүн талын хэсэгт явган хүн зорчих орц, гарц бараг байхгүй, барилга барьсныг цэгцлэх юм. Энэ орчинд газар доор автомашины зогсоол барих асуудлыг судална. Зогсоол барих газрыг шийдэж, хотын төвд байршуулсан чингэлгүүдийг холдуулна.
Ирэх долоо хоногт Чингэлтэй дүүрэгт уг ажил эхэлнэ. Дүүргүүдийн явган хүний зам талбайн тохижилтод шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсөвт тусгасан байгаа.
Энэ жил Их, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган хүний замыг бүхэлд нь шинэчлэхээр төлөвлөсөн. Явган хүний замыг тохижуулах тендер зарлачхаад байхад оролцох ААН-үүд алга.
Үүнээс гадна Туул, Сэлбэ гол орчмын тохижуулах ТЭЗҮ-ийг хийж дууссан. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй 60 сая ам.долларын зээлээр энэхүү хоёр голын орчмыг тохижуулах ажлыг энэ онд эхлүүлнэ" гэж ярилаа.
Түүний өгсөн зарим мэдээллийг багцлан хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!