Улаанбаатар хотын орон сууцнуудыг дулаалах төсөлд хамрагдах оршин суугчид 25% хүртэлх хэмжээний төлбөрийг төлөхөөр боллоо. Энэ тухай тогтоолыг НИТХ-аас өнөөдөр баталлаа.
Төслийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг "Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийг Хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллагын 18 сая еврогийн буцалтгүй тусламж, Монгол Улсын Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны 8 сая евро, УБЗАА-наас 6.5 сая еврогоор хөрөнгөө оруулалтыг хийж, хамтран 2022-2027 он хүртэл хэрэгжүүлэх юм.
Төслийн зорилго нь барилгын халаалт, эрчим хүчний үр ашгийг дэмжих замаар хүлэмжийн хийг бууруулах, санхүүгийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, хэрэгцээнд суурилсан үнэ тарифыг нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх болно. Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууцны барилгын дулаан, техникийн шинэчлэлд оруулж буй хөрөнгө оруулалт, эргэн төлөлт, засвар, шинэчлэлтийг үнэ төлбөргүй хийдэг хандлагыг өөрчлөхөд оршино.
Эхний үе шатаас эхэлж дулаалгын хөрөнгө оруулалтын эргэн төлөх хувилбарууд, орон сууц өмчлөгчдийн эргэн төлөх боломжит хувь, хэмжээг судалж нийт хөрөнгө оруулалтын 50%-ийг орон сууц өмчлөгч 10 жилийн хугацаанд тогтмол дүнгээр эргэн төлөхөөр төслийн Удирдах хорооны 2023 оны хуралдаанаас тогтоосон байна. Тус хуралдаанаар орон сууцны барилгын дулаалгыг хийхдээ гадна хана, дээврийг дулаалж ус тусгаарлалтыг шинэчлэх, халаалтын системийн узель, дулааны тоолуур, автомат хаалт бүхий холигч насосны зангилаа шинээр суурилуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр барилгын блок тус бүрийн дулаан эрчим хүчний жилийн хэрэглээг 40-өөс багагүй хувиар бууруулна гэсэн тооцоолол гарчээ.
Нийт 375 блок барилгад дээрх гурван арга хэмжээг хэрэгжүүлснээр 26 МВт дулааны чадал чөлөөлөгдөх боломжтой. Дулаалгын төсөлд хамрагдах тухайн блокийн оршин суугчид 100 хувь зөвшөөрснөөр энэ жил 36 блокт дулаан техникийн хийх зураг төслийг боловсруулж магадлалаар батлуулаад байна.
Төслийн Удирдах хорооны 2025 оны хурлаас УБЗАА болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн/GIZ/ дэмжлэгтэйгээр дулаалгын материал, эргэн төлөлтийн боломжит хувилбаруудыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх арга замын төслийг боловсруулж энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор шийдвэрлэхийг даалгасны дагуу НИТХ-д танилцуулж байна" гэв.
Танилцуулгын дараа НИТХ-ын зарим төлөөлөгч "Ямар шалгуураар тухайн орон сууцыг дулаалгын төсөлд хамруулдаг, ашиглалтын шаардлага хангахгүй байрнуудыг дулаалах эсэх, иргэдээс 25% хүртэлх хувийн эргэн төлөлтийг ямар үнэлгээгээр тогтоосон" зэргийг асууж, албаны хүмүүс мэдээлэл өгснийг багцлан хүргэж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг: Улаанбаатар хотод дахин дулаалах шаардлагатай 800 орчим угсармал орон сууц бий. Энэ жил нийслэлээс дүүргүүдэд төсөв хуваарилж, орон сууцны барилгыг дулаалах, фасад солих ажлыг хийж байгаа. GIZ төслийн УХ-ны хурлаас иргэдийн эргэн төлөлтийг 50% гэснийг 25 хүртэл хувиар бууруулж, иргэдээс гарах буцаан төлөлтийг багасгах санал оруулж байгаа юм.
Энэ жил GIZ-ээс 4.4 сая, Барилгын яамнаас 3.3 сая, УБЗАА-ны 2.6 сая, нийт 10.3 сая еврогийн хөрөнгө оруулалтаар орон сууцны дулаалга, дээврийг шинэчлэх ажлыг хийх юм. 50%-ийн эргэн төлөлттэй төсөлд хамрагдах орон сууцны нэг айл сард дунджаар 70,000 орчим, 10 жилд найман сая орчим төгрөгийг төлж барагдуулахаар танилцуулсныг иргэд зөвшөөрөхгүй байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсвийн 40 тэрбум төгрөгөөр орон сууцыг үнэгүй дулаалж байгаа. Цаашид үнэгүй гэдгийг болиулж, иргэдийн эргэн төлөх хувийг 25% болгож сан байгуулан хуримтлуулж, орон сууцны дулаан алдагдлыг бууруулах ажилд зарцуулна гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл GIZ-ийн орон сууцны дулаалгын төслийг үргэлжлүүлж, иргэдээр 25% хүртэлх үнийг эргэн төлүүлнэ.
Иргэд орон сууцаа дулаалуулахыг 100% зөвшөөрвөл уг төслийг цаашид үргэлжлүүлнэ.
Энэ жилээс Улаанбаатар хотын орон сууцны дулаалгыг хөөсөн материалаар хийлгэхгүй. Насжилт удаан, дулаан алдагдалд тэсвэртэй металл болон шилэн хөөсөн материалыг санал болгож байгаа юм. Энэ тухай зөвлөмжийг дүүргүүдэд хүргүүлсэн.
Хүн амьдрах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэдэг. Энэхүү барилгыг дулаалгад хамруулах эсэх, ДХИС-ийн буулгах барилгуудыг дулаалах боломжийг судална. Энэ жил 35 блокийг дулаалахаар зураг төслийг боловсруулсан, цаашид 30 блокийг дулаалах зургийг хийлгэхээр төлөвлөж байна. Дүүрэг болон СӨХ-ноос ирсэн саналуудыг төсөлд оруулж байгаа.
Барилгын фасадын өнгө дизайныг дүүрэг, дүүргийн онцлогт тохируулж, хүнд бус хөнгөн өнгөөр хийнэ.
Улаанбаатар хотын орон сууцнуудыг дулаалах төслийн нэгжийн төлөөлөл Л.Алтангэрэл: Баянзүрх дүүргийн УС-15 орчмын угсармал орон сууцнуудыг энэ онд дулаална.
Төслийн нэгжийн өөр нэгэн төлөөлөл: Хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг дэмжих олон улсын хоёр байгууллагын өгсөн 18 сая еврогийн буцалтгүй тусламжийн 5.9 сая нь GIZ байгууллагын төслийн нэгжийн техникийн болон санхүүгийн хамтын ажиллагаа хэсэгт зарцуулагдах гэрээтэй. Төсөл хэрэгжих шатандаа байна.
Дулаалгын төсөлд хамрагдахад:
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас Улаанбаатар хотод байгаа 1,077 блокоос эхний ээлжид 375 блокийг дулаална гэж үзэж байсан. Ингэхдээ хэрэглэгчээс авсан мөнгөний 80%-ийг эргүүлж авч дараагийн блокийг дулаалах байдлаар 2030 он хүртэл үргэлжлэх боломжтой гэсэн дүгнэлт гарч буцалтгүй тусламж олгогдсон юм. Энэ нь ковидын өмнөх үеийн үнэлгээ байсан учир одоогийн үнэлгээгээр 200 гаруй блокийг дулаална гэж ярьж байгаа.
Одоогоор 95 СӨХ-ийн оршин суугчид төсөлд хамрагдах саналаа өгсөн байгаа.
Төлөөлөгчид дулаалгын төслийн талаар иргэдэд танилцуулах, мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэх, баригдаад 10 жил ч болоогүй барилгын дээвэр фасадыг шинэчлэх болчихдог зэрэг саналыг хэлж, Улаанбаатар хотын орон сууцнуудыг дулаалах төсөлд хамрагдах оршин суугчид 25% хүртэлх хэмжээний төлбөрийг төлөх тогтоолын төслийг баталсан юм. Ингэснээр НИТХ-ын төлөөлөгчид орон сууцны дулаалгын төслийн талаар иргэдэд мэдээлэл өгөх үүрэг хүлээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
|