Нийслэлийн Багануур дүүрэгт зургаан хүн хордлогод орж, хоёр нь нас баржээ.
Энэ тухай ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр "Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод зургаан хүн өртөж, хоёр нь нас барсан байна. Эдгээр хүн бүгд Багануурын уурхайд ажилладаг.
Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй нөхцөл байдал тодорхойлогдсон. Үлдсэн дөрвөн хүнээс нэг нь Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн сэхээнд, гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эрсдэлийн үнэлгээгээр биеийн байдал дунд зэргийн.
Метилийн спирт үү, өөр химийн бодис хордлого уу, бусад хүчин зүйл байна уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтооно. Анхны мэдээллээр олон хүн техникийн зориулалттай метилийн спиртийг найруулж уусан гэх мэдүүлгүүд байгаа. Хуулийн байгууллагаас шалтгааныг тодорхойлох ажлуудыг хийж байна.
Монгол Улсад архи спиртэд санамсаргүй хордож нас барсан тохиолдол 2020 онд 650 байсан бол 2022 онд 1,071 болж нэмэгдсэн байгаа юм.
Хордож нас барахаас гадна халдварт болон халдварт бус бүхий л өвчинд архи, тамхи хамгийн хүчтэй нөлөө үзүүлж буй эрсдэлт хүчин зүйл" гэж мэдээллээ.
Тэрбээр иргэд олон нийтийг архи, тамхи зэрэг хорт зуршлуудаас зайлсхийхийг анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
|