Тэрбумтан Илон Маскийн улс төрийн оролцоо, үйл ажиллагааг шүүмжилсэн олон мянган хүн өчигдөр буюу Бямба гарагт дэлхий даяар эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ.
АНУ дахь Тесла компанийн бараг бүх худалдааны төвүүдийн гадна ийм арга хэмжээ зохион байгуулагдсан бол Европын Финланд, Норвеги, Дани, Герман, Франц, Нидерланд, Их Британи улсууд болон Канад, Австрали, Шинэ Зеландад бас зохион байгуулагдсан байна.
Tesla Takedown хөдөлгөөнийхөн дэлхий даяар 200 гаруй цэгт уг арга хэмжээгээ зохион байгуулжээ.
Тэд хүмүүст гурван зүйлийг уриалж байв. Үүнд: Тесла автомашин худалдаж авахгүй байх, Теслагийн хувьцаагаа зарах, Tesla Takedown хөдөлгөөнд оролцох байжээ.
Жагсагчдын барьсан уриа лоозон “Теслаг хохироосноор Маскийг зогсоож чадна”, “Маскийг зогсоовол хүмүүсийн амь амьдрал, ардчиллыг аврах болно” гэх мэт бичигтэй байв.
Дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Илон Маск өнгөрсөн оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампыг $270 орчим саяар ивээн тэтгэж, ялуулсан билээ.
Үүнийхээ хариуд тэр Трампын засаг захиргааны төсвийн хэмнэлт, үр ашигтай байдлыг хариуцсан Doge (Department of Government Efficiency) агентлагийг удирдах болсон юм.
Өнгөрсөн хугацаанд тэр АНУ-ын холбооны засгийн газрын олон мянган ажлын байрыг цомхотгож, өөрийн үзэмжээр маш олон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг зогсоогоод байгаа.
Мөн америкчуудын нийгмийн хамгааллын төсөл хөтөлбөрүүдэд халдаж эхэлсэн нь жирийн иргэдийг бухимдуулж байна.
Өчигдөр Теслагийн ихэнх шоурүүм танхимаа суллаж, харуул хамгаалалтын ажилтнуудаас өөр хүнгүй байв.
АНУ-ын дотоод улс төрд оролцохоос гадна Маск гадаад бодлогод оролцох болсон нь ийм тэмцэл хөдөлгөөн дэлхий даяар өргөжихөд хүргээд байгаа.
Тухайлбал тэр Их Британийг хэн удирдах ёстойг зааж, Германы сонгуулиар хэт барууны үзэл баримтлалтай намыг идэвхтэй дэмжиж байлаа.
Мөн Румын улсын шүүх Москвагийн бодлогыг дэмжигч нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс хассаныг тэр шүүмжилж байв.
Өнгөрсөн хугацаанд АНУ даяар Тесла автомашиныг шатаах, эвдэх, будаг цацах зэрэг хорлон сүйтгэх хэрэг олон удаа гарсан. Ерөнхийлөгч Дональд Трамп ийм үйлдлийг дотоодын терроризмд тооцохоо анхааруулж байлаа.
Харин өчигдөр Tesla Takedown хөдөлгөөнийхөн аливаа хорлон сүйтгэх үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
“Бид хүчирхийлэл, бусдын өмч хөрөнгөд халдахыг дэмжихгүй. Олон нийтийн эзэмшлийн орон зайд тайван жагсаал зохион байгуулах нь дотоодын терроризм биш юм” гэж тус хөдөлгөөнийг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
78 СЭТГЭГДЭЛТЭЙ
|