Мьянмарын төвийн бүсэд өнөөдөр 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус газар хөдлөлтийн чичиргээ Зүүн Азийн орнууд тэр дундаа монголчууд олноороо аялдаг Тайланд, Вьетнам болон Мьянмарын хилтэй ойрхон байдаг БНХАУ-ын зарим хотод мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн чичиргээний улмаас Тайландын нийслэл Бангкок хотод баригдаж байсан барилга нурж, нэг хүн амь насаа алдсан байна. Мөн 50 гаруй хүн бэртэж гэмтсэн гэж бүртгэгджээ.
Одоогоор хэдэн хүн нурангид дарагдсан байгааг мэдэх боломжгүй байна.
Бангкок хотын захиргаанаас газар хөдлөлтийн улмаас олон барилгад цууралт үүсэж, аюултай нөхцөлд ороод байгааг мэдээлсэн.
Болсон үйл явдалтай холбоотойгоор Тайланд дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсад аялж, амьдарч байгаа Монгол иргэдэд анхааруулга гаргажээ.
Уг анхааруулгад
"Иргэд Та бүхэн өндөр байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол байж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ аюулгүй, задгай талбайд нүүлгэн шилжүүлэхийг анхааруулж байна.
Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас бэртэж, гэмтсэн, эсхүл найз, нөхөд, хамаатан садан, гэр бүлийн гишүүн нь холбоо тасарсан, холбогдох боломжгүй болсон тохиолдолд мэдээллийг Элчин сайдын яамны +66 061-026-9692, +66 082-003-8683 шуурхай утсаар яаралтай мэдээлнэ үү" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|