Уншиж байна ...

ХЭҮК: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдээс тасралтгүй хоёр цагаас дээш хугацаагаар мэдүүлэг авсан тохиолдол байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн бэлгийн эрх, эрх чөлөөний зарим асуудлын талаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос дараах мэдээллийг өглөө. 

2023 онд шүүхээр шийдвэрлэгдсэн нийт 40 хэргийн 5 буюу 12.5 хувьд 1 удаа, 19 буюу 47.5 хувьд нь 2  удаа, 10 буюу 25 хувь нь 3 удаа хохирогчоос мэдүүлэг авсан байна. 

зураг
 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүнээс авах мэдүүлгийг 2 цагийн хугацаагаар тасралтгүй явуулж болох ба түүнээс илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 4 цагаас илүүгүй байна” гэж заасан байхад завсарлага авалгүйгээр тасралтгүй 2 цагаас дээш хугацаагаар мэдүүлэг авсан тохиолдол 4 удаа байна. 

зураг
 

11 настай хохирогчоос хэдэн удаа, хаана, хэдий хугацаанд хүчирхийлүүлж байсныг нь асуужээ

Нийт 40 хэрэгт дунджаар 10 асуулт асууснаас ихдээ 24 асуулт, багадаа 3 асуулт асуусан байна.

Ямар хэргийн улмаас хэрхэн хохирсон талаар үнэн зөвөөр тодорхой ярина уу. Хэдэн удаа, хаана, хэдий хугацаанд, хүч хэрэглэж хүчиндэж байсан вэ?  /11 настай хүүхдээс асуусан асуулт/

2023 оны шүүхээр шийдвэрлэгдсэн 40 хавтаст хэрэгт мэдүүлэг авсан 112 тохиолдлын 81-нд буюу 72,3 хувьд нь  эрэгтэй, 31-нд буюу 27,7 хувьд нь эмэгтэй мөрдөгч байсан гэж үзэж болохоор байна. 

Улсын хэмжээнд мэдүүлэг авах шаардлага хангасан буюу прокурор зөвшөөрөл олгосон нийт 565 өрөө байгаа ба үүнээс 49 буюу 8.0 хувь нь насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө байна. Гэвч тус өрөөнүүдийг хүүхэд нас, бие, сэтгэхүйд тохируулан тохижуулаагүй байна. Түүнчлэн шүүх, цагдаа, прокурорын байгууллагын барилга нь орчны хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байдлын стандарт хангахгүй байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хохирогч хүүхэд бусдын адил төрийн үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

"Мөрдөгч хохирогч 7 настай хүүхдээс "Мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгөх үү" гэж асуухад хүүхэд "Надад өмгөөлөгч байхгүй" гэж хариулсан"

Комиссоос 2023 онд шүүхээр шийдэгдсэн бэлгийн хүчирхийллийн хохирогч бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн нийт 40 хавтаст хэрэгт дүн шинжилгээ хийхэд хохирогч хүүхэд 21 хэрэгт өмгөөлөгчгүй, 19 хэрэгт өмгөөлөгчтэй оролцсон байна.

Мөрдөгч хохирогч 7 настай хүүхдээс "Мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгөх үү" гэж асуухад хүүхэд "Надад өмгөөлөгч байхгүй" гэж хариулсан. Мөрдөгч хууль ёсны төлөөлөгч буюу ээжээс нь "Охиныхоо мэдүүлэгт өмгөөлөгч байлцуулж өгүүлэх үү" гэж асуухад ээж нь "байлцуулахгүй" гэж хэлээд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгүүлсэн байдаг. 

Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгахдаа хохирогчоос олон дахин мэдүүлэг авдаг,  мөрдөгч, прокурор солигддог, ижил хүйсийн мөрдөгч оролцуулдаггүй, хууль сануулдаг, мэдүүлэг авах хуулийн хугацааг хэтрүүлдэг, мэдүүлэгт гарын үсэг зуруулдаг, хэрэг хянан шалгах ажиллагааг урт хугацаанд явуулж байгаа зэрэг нь хохирогч хүүхдийг давхар хохироох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Насанд хүрээгүй хохирогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй байна гэж ХЭҮК дүгнэжээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ТЭНЭГЛЭЛ
27
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг