Дани улсын парламент өчигдөр тэтгэвэрт гарах насны босгыг 2040 онд 70 болгох хуулийг баталжээ. Ингэснээр тус улс Европ тивдээ хамгийн өндөр тэтгэврийн настай улс болох юм.
2006 оноос хойш Данийн эрх баригчид хүн амын дундаж наслалттай холбогдуулан таван жил тутамд тэтгэврийн насыг шинэчилдэг болоод байгаа.
Шинэ босго нас нь 1970 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш төрсөн бүх хүмүүст үйлчлэх ажээ.
Хуулийг батлах санал хураалтын үеэр парламентын гишүүдийн 81 нь дэмжиж, 21 нь эсэргүүцсэн байна.
Гэхдээ өнгөрсөн онд социал демократ ерөнхий сайд Метте Фредериксен тэтгэврийн насыг шинэчлэх механизмыг эргэн харах боломжтойг хэлж байжээ.
“Бид тэтгэврийн нас автоматаар нэмэгддэг байх ёстой гэж бодохгүй байна. Иргэдэд чи илүү олон жил ажиллах ёстой гэж хэлээд байж болохгүй” гэж тэр намынхаа бодлогыг тайлбарлаж байв.
Сүүлийн өдрүүдэд нийслэл Копенхаген хотод тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлүүдийн жагсаал үргэлжилж байлаа.
Өчигдрийн санал хураалтын өмнө Данийн Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны ерөнхийлөгч Йеспер Эттруп Расмуссен уг саналыг “шударга бус” гэж мэдэгдэж байв.
“Дани улс эрүүл эдийн засагтай ч Европын Холбооны хамгийн өндөр тэтгэврийн настай улс болох гэж байна. Энэ нь иргэд нэр төртэй өндөр наслах эрхээ алдана гэсэн үг юм” гэж тэр шүүмжилжээ.
Сүүлийн жилүүдэд Европын орнууд төсвийн алдагдлаа арилгах зорилгоор тэтгэврийн насыг янз бүрийн түвшинд нэмж байгаа.
Гэхдээ харилцан адилгүй байдаг. Тухайлбал Швед улсын иргэд 63 наснаас эхлэн тэтгэвэрт гарах боломжтой бол Итали улсад одоогийн 67 насыг 2026 оноос нэмэх сурагтай байна.
Их Британид 1954 оны аравдугаар сарын 6-наас 1960 оны хооронд төрсөн хүмүүс 66 насандаа тэтгэвэрт гардаг бол үүнээс хойш төрсөн хүмүүсийнх алгуур нэмэгдэх шатлалтай байдаг.
Франц улс 2023 онд тэтгэврийн насыг 62-оос 64 болгосон нь нэлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
|