Уншиж байна ...

Бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 2018 оноос огцом өсжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн бэлгийн эрх, эрх чөлөөний зарим асуудлын талаар Хүний эрхийн үндэсний комиссоос дараах мэдээллийг өглөө. 

Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн улмаас сүүлийн таван жилд 1,553 эмэгтэй, 77 эрэгтэй хүүхэд өртөж хохирсон байна. Хохирогчдыг нийгмийн байдлаар авч үзвэл сурагч 1,320, сургууль завсардсан 21, оюутан 60, бусад 229 байна.

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 2018 оноос огцом өссөн байна. /Эрүүгийн хуульд зааснаар "бага насны хүүхэд" гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно/

Шүүх шинжилгээний байгууллагад сүүлийн 10 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндэслэлээр үзлэгт нийт 5,487 хүүхдийн 885 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс эрэгтэй 330, эмэгтэй 5,157, насаар нь ангилбал: 0-6 насны 507, 7-13 насны 1,781, 14-15 насны 1,978, 16-17 насны хүүхэд 1,221 байна.

Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийн 50 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байгаа нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын ажилгүйдэл, ядууралтай шууд хамааралтайг харж болохоор байна. Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, нэн ялангуяа бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэргийн гаралт буурахгүй тогтмол өсөж байгаа нь хүчиндэх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил үр дүнгүй байна гэж ХЭҮК-оос дүгнэжээ. 

Түүнчлэн мэдээллийн нэгдсэн сан байхгүй, үндэсний статистикийн газар, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээний байгууллагад бүртгэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн тоон мэдээлэл зөрүүтэй байгаа аж.